"Бэлэн мөнгө хэвлэхгүй"

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

"Бэлэн мөнгө хэвлэхгүй"

"Бэлэн мөнгө хэвлэхгүй"

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засаг сэргэж цар тахлын өмнөх үед эргэж хүрэх боломжтой гэж төсөөлж байлаа. Гэвч хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдалд урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүсгээд байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан. Гэсэн ч дээрх нөхцөл байдлаас шалтгаалж 3.5 хувь орчимд тооцож байна. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүн болох байгалийн хий, газрын тос, үр тарианы үнэ дэлхийн зах  зээл дээр огцом өсч нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй. Энэ нь импортлогч орнуудад шатахуун эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.

Түүнчлэн он гарснаар дэлхий нийтэд цар тахлын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь эдийн засагт улам сөрөг нөлөөг үзүүлж байна. Урд хөршид цар тахлын тархалт эрчимжэж өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 7145 тохиолдол бүртгэгдсэн. Зарим томоохон хотод хатуу хөл хорио тогтоолоо. Улмаар Хятадын ургац 2022 онд буурсан учраас хүнсний нийлүүлэлт тасалдаж дэлхий дахинд үнэ өсч байна. Иймд улс орнууд төсөв мөнгөний бодлогыг уялдуулан дотоод нөөц боломжийг ашиглаж гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авч байна. 

Засгийн газар Үндсэн хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Энэ хууль батлагдсанаар, Засгийн газраас мах, гурил болон газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцид нөлөөлөх гол нэрийн бүтээгдэхүүнд Засгийн газар зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр, нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын болон гаалийн албан татварт Загсийн газар зохицуулалт хийдэг эрх зүйн орчин бүрдэнэ.

  • Төв банкнаас мах, гурил болон газрын тосны тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр, шаардлагатай хөнгөлөлт, санхүүжилт олгох, 
  • Ханшийн зохицуулалттай холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан.

Хуульд гадаад валютын нөөцийг нэмэх зорилгоор:

  • Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох,
  • Лондонгийн металын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах багц арга хэмжээг тусгасан” гэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Хоёр бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахад 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Шатахууны үнэд хэр хэмжээнд хүрэхийг бид хэлж мэдэхгүй. Дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас энэ бүхэн хамаарна. Зарцуулах мөнгөний эх үүсвэрийг хаанаас гаргах вэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ялгаатай нь УИХ-аар нээлттэй ил тод хэлэлцэнэ. Аль нэг байгууллага бие дааж шийдвэр гаргахгүй. Засгийн газар, Монголбанк ч тэр. Хуулийн хүрээнд асуудал шийдэгдэнэ. Мөнгө, төсвийн бодлоготой уялдуулна гэх нэр дор хамаагүй хутгалдаж болохгүй. Мэдээж мөнгөний бодлогын хатуу төлөв рүү шилжсэн үед мөнгөний нийлүүлэлтийг нэмэх байдлаар бусад макро балансуудаа алдах, улс төрийн шахаанд оруулж, Төв банкаар бодлогын бус шийдвэрүүдийг гаргуулах зүйл хэрхэвч байж болохгүй. Тиймээс нийлүүлэлтийг тогтвортой хангахад чигэлсэн санхүүжилтийн эх үүсвэрүүдийг банк гаргана.

Банкны эх үүсвэрийг хөшиж гаргах хөшүүргүүдийг хуульд тусгасан. Шаардлагатай хүүгийн зөрүү, гаалийн импортийн татвар болон бусад татваруудыг байнга УИХ-аар оруулж хугацаа алдах учир Засгийн газарт эрхийг нь олгох замаар шийдвэрлэнэ. Түүнээс биш Төв банк мөнгөний нийлүүлэлт хийгээд мах, гурил бэлтгэн нийлүүлдэг импортлогч компаниудад эх үүсвэр өгөх шаардлаггүй.

Сард импортийн 100-120 сая ам.долларын татан авалт хийдэг. Хуульд тусгаагүй ч гэсэн гүйцэтгэх шатанд ороод ирвэл бүх төрлийн бензин, шатахуун дээр оролцохгүй.

Зөвхөн өргөн хэрэглээний АИ-92 шатахууны татан авалт дээр л оролцоно. Тогтвортой ханшаар валют нийлүүлэх, банкны өөрийнх нь хязгаарлалт буюу 20 хувиас хэтэрсэн тохиолдолд Засгийн газрын баталгаа олгох. Эргээд төлөгдөхдөө Засгийн газрын баталгаагаа суллах зарчмаар импортлогч нартай хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл, зээлийн эх үүсвэрийг банкаар дамжуулж, хүүгийн татаасыг төсөв дотроо зохицуулалт хийнэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-2022 онд улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг яаж шийдэх вэ гэтэл мөнгө хэвлэж шийднэ гээд оруулаад ирлээ. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулна гэж мэдэхгүй юм байна. Өөр олон шийдэл бий. Тэр шийдлүүд дундаас хамгийн эрсдэлтэйг нь буюу улс орноо хорлох гэж байгаа юм шиг шийдлийг оруулаад ирлээ. Би үүнийг ойлгохгүй байна.

Монголбанкаас авч хэрэгжүүлэх арга хэмжээнд “Санхүүжилтийг банкаар дамжуулна, урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгоно, улсын нөөцийг нэмэгдүүлэхээр алтыг өндөр үнээр авна” гэжээ. Монголбанк баялаг бүтээгч биш. Өөрийн гэсэн мөнгө байхгүй. Тэгэхээр мөнгөний эх үүсвэрийг хэвлэхээс өөр арга байхгүй гэсэн үг. Гэвч нь хэвлэх нь хуулиар хориотой. Мөнгө хэвлэлээ гэж бодоход тэр мөнгө хаанаас гарах юм. Улсын төсвөөс гарахгүй учраас Монголбанкаас гарч таарна. Тиймээс мөнгө хэвлэхээс өөр аргагүй. Өөр гаргалгаа үүн дээр харагдахгүй байна. Мөнгө хэвлэхээр ханш өснө. Одоо ам.долларын хоёр өөр ханштай явж байна.

Эрх мэдэлтэй хүмүүс нь төгрөгөө 2900 ам.доллараар солиулж байна. Ард иргэд, бизнес эрхлэгчдэд 2900-гаар ам.доллар олдохгүй байгаа учраас 3200 ам.доллараар солиулж байна.

Хоёр өөр ханштай байна гэдэг нь ам.долларыг зарцуулах эрх мэдэлд ойрхон байгаа хүмүүс нэг ам.доллараас 300 төгрөгийн ашиг унагааж бизнес хийж байгаатай яг адилхан.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголбанкны зүгээс бэлэн мөнгө хэвлэхгүй. Монголбанкны үнэт цаасыг барьцаалаад банкууд өөрт нь байгаа эх үүсвэрээ буцаагаад цааш нь олгодог. Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” хөтөлбөр ч гэсэн энэ зарчмаар явсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж