Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “Шинэ сэргэлтийн бодлого”-оо олон нийтэд зарласан. Түүний дэвшүүлсэн бодлого зургаан салбарт хэрэгжсэнээр боомтын хүчин чадал гурав, ДНБ-ийн үйлдвэрлэл хоёр, экспортын хэмжээ мөн хоёр, эрчим хүчний үйлдвэрлэл 2.5 дахин өсч, 2025 он гэхэд ажлын байр 285 мянгаар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоогоо Ерөнхий сайд өөрийн биеэр танилцуулж байлаа. Үүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн агаад “Шинэ сэргэлтийн бодлого”-оор хоёр өдөр Төрийн ордонд форумдах юм. Урьдчилсан хэлэлцүүлгүүдээс харахад Монголын Засгийн газар энэ удаагийн эдийн засгийн форумд ихэд ач холбогдол өгч байгаа нь илэрхий. Энэхүү форумыг Сү.Батболдын засгийн үеэс зохион байгуулж ирсэн, жил бүрийн форумаар ярьдаг сэдэв асуудал нь бахь байдгаараа, Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д өнөөх л арав, хорин жилийн өмнөх сэдэв, санаа, бодлого, төсөл, хөтөлбөрүүдийг тусгасныг харвал монголчууд хийхээсээ илүү хэрэлдэж чаддаг хүмүүс аж.
Боомтын хүчин чадлаа нэмэгдүүлэх, төмөр замын төслүүдээ ашиглалтад оруулах, эрчим хүчний үйлдвэрлэлээ сайжруулах, төрийн бүтээмжийг чадавхжуулах, аж үйлдвэржих, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийг үе, үеийн Засгийн газар бодлого, мөрийн хөтөлбөрөө болгож ирсэн.Үндсэндээ, С.Батболдын, Ч.Сайханбилэгийн, Н.Алтанхуягийн, Ж.Эрдэнэбатын, У.Хүрэлсүхийн засгийн үед яригдаж л ирсэн сэдвүүд. Атал Монголд юу ч өөрчлөгдсөнгүй, нүүрсээ авто замаар зөөж, эрчим хүчний хараат байдал нь яг хэвээрээ. Төмөр замын төслүүд нь түүхий шүүрхий, дөнгөж ашиглалтад орсон төмөр зам дээр хоосон чингэлэг унаж, осол хүртэл гарсан. Энэ бүхэн Монгол хөрөнгө мөнгөгүйдээ биш дотоодын улс төр, хэрүүл талцлаа даалгүй нурж унасан төсөл хөтөлбөр цөөнгүй. Жишээ нь, Тавантолгой, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслүүдийг гацаахаар төрийн эсэргүүнүүд Хятадын Элчин сайд руу санхүүжилтийг нь зогсоож өгөөч гээд орон нутгийн дарга нар нь матах бичих бариад явж байна. Энэ мэт төрийн бодлогыг байнга унагаж, гацаадаг террористуудаасаа салах цаг болсон. Алийн болгон эх оронч нэрийн ард нуугдсан адгийн луйварчдаа өөгшүүлэх юм бэ.
Ерөнхий сайд өнөөдрийн мэдэгдэлдээ удахгүй Эрдэнэбүрэнд очиж ажиллана гэсэн байна лээ. Засгийн газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сургаар хувийн жижигхэн эрх ашгаа өмнөө бариад улсыг хорлодог үй түмэн жишээ бий. Өнөөдөр ч улсаараа үүнийг мэдэрч сууна.
Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оос ухрахгүй, эдийн засгийн бие даасан байдлыг хамгаалах, хангах төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлнэ гэсэн байна лээ. Тусгаар тогтносон улс орон мөн бол тэгмээрсэн. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулж чадвал Л.Оюун-Эрдэнийн засгийн газар түүхэнд үлдэнэ. Дээр нь Хангийн төмөр замыг барьчихвал бүр браво.
Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зургаан салбарт хэрэгжүүлэхэд нийтдээ 120 их наяд төгрөг шаардлагатай аж. Тиймээс энэ бодлогыг реформ биш популизм болчих вий гэх болгоомжлол, ингэж харах үндэслэл ч байгаа. Гэхдээ Монголын эдийн засагт 50 их наядын хөрөнгө, мөнгө эргэлддэг гэвэл энэ бас бүтэшгүй ч мөрөөдөл биш юм. Тэгэхээр эдийн засгийн чуулга уулзалтаар слайд танилцуулахаас илүү бодит ажил болгох бодлого зарлаад, тоглоомын дүрмээ зарлах ёстой.
Засгийн газрын зүгээс төр дангаараа 120 их наядын төслийг хэрэгжүүлж чадахгүй, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. Гээд бодлого нь тодорхой ч тоглоомын дүрэм нь ойлгомжгүй бол хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Ялангуяа сүүлийн жилүүдэд монголчууд хувийн хэвшил рүүгээ хэт довтолсон, үүнийгээ ч ичиж зоволгүйгээр ярих шаардлагатай болжээ. Үнэндээ, гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид төр засгаасаа айдаг болсон байна. Хэзээ, хэн гэдэг дарга хэвлэл мэдээллийнхнийг дагуулж ирээд өмч хөрөнгийг маань дээрэмдэх бол гэж.
Хувийн хэвшлийнхэн ч төр засгаас ямар шахалт дарамт үзүүлдэг, хэн гэгч эрх мэдэлтэн авлига, хахууль нэхдэгийг нэг бүрчлэн хэлэх ёстой. Ерөнхий сайдын хэлсэн авлигатай тэмцэх нь үнэн юм бол шүү дээ. Төрийн аль шатанд авлигын өртөг ямар хэмжээнд хүрснийг эдийн засгийн форумаар ил тод ярилцах шаардлагатай байх.
Учир нь, Монголын үе, үеийн Засгийн газруудын мөрийн хөтөлбөр яагаад ажил хэрэг болж чаддаггүйн нэг шалтгаан төрийн авлига, “эх орончдын” шантааж, шахалт дарамт.
120 их наядын төслүүдийг хэрэгжүүлэхэд мөнгө чухал уу, чухал. Гэхдээ мөнгөгүйдээ эдгээр төслүүд хэрэгжээгүй юм биш, улстөржилтөө даагаагүй унасан гэдгийг л ойлгочих.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ