-Өрсөлдөөний тухай хууль батлагдсанаар үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг аж ахуйн нэгж, компаниуд маш өндөр хэмжээний торгууль ноогдуулдаг болно гэж ойлгож байсан. Гэтэл гурилын үнэ нэмсэн компаниудыг хэдхэн шуудай гурилын үнээр торгосон нь хүмүүст үл ойлгох байдал үүсгэлээ?
-Энэ талаар яах аргагүй ярих асуудал гарч ирээд байх шиг байна.Манай
Өрсөлдөөний тухай хууль 2010 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн
хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.Гэтэл гурил үйлдвэрлэгч болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үйлдэл буюу нэгэн зэрэг үнээ нэмэгдүүлсэн явдал нь наймдугаар сарын 02-ны өдөр болсон тул цаг хугацааны хувьд шинээр батлагдсан Өрсөлдөөний тухай хуулиар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд заасны дагуу шийдвэрлэсэн гэсэн үг.
-Энэ нь яг ямар хуулийн заалтыг зөрчсөн гэсэн үг вэ?
-Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 7.1.1-д бараа бүтээгдэхүүний үнийг харилцан тохиролцохыг хориглоно гэж заасан байдаг. Бид гурил үйлдвэрлэгч болон импортлогч нийт дөрвөн аж ахуйн нэгжийг хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон бол хуулийн дагуу зохих шийтгэлийг ногдуулах нь бидний үүрэг байдаг.
-Миний ойлгож байгаагаар компаниуд үгсэн хуйвалдсан гэсэн үг байх нь ээ?
-Хуулийн 7.1.1 дэх заалтын харилцан тохиролцох гэдэг нь өргөн утга, агуулгатай л даа. Үгсэн хуйвалдах буюу олон улсын хэллэгээр картелийн зөрчил нь зах зээлийн тэнцвэрт байдал, шударга өрсөлдөөний эсрэг чиглэсэн хамгийн хүнд зөрчилд тооцогддог. Бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцсон гэдгийг заавал компаниудын захирлууд өөд өөдөөсөө харж суугаад ярилцсан, эсхүл гэрээ хэлцэл хийсэн байх ёстой гэж ойлгож болохгүй. Өнөө цагт үгсэн хуйвалдаж байгаа компаниудын дунд тийм баримт үлдээх гэнэн хүн ховор байх. Олон улсын практикт үгсэн хуйвалдсан гэдгийг тогтоох олон арга байдгийн нэг нь аж ахуйн нэгжүүд нэгнийхээ гаргаж байгаа үйл хөдлөлийг дагах, нэг зэрэг үнээ нэмэх зэрэг үйлдлээр тогтоогддог.Бид ийм байдлаар л зөрчлийг тогтоосон. Зөрчил байна гэж үзсэн болохоор хуульд заасан хариуцлагыг ногдуулсан. Энэ бол хуулиар бидэнд хүлээлгэсэн үүрэг. Хийсэн шалгалт, түүний үр дүнг олон нийтэд мэдээллэх нь мөн хуулиар хүлээлгэсэн үүрэг. Хуулиар хүлээсэн үүргийн дагуу бид ажлаа л хийсэн. Үүнийг “Алтан тариа” ХХК ор үндэсгүй гүтгэсэн, доромжилсон, нэр төрд халдсан, ард түмний тархийг угаасан, улс төрийн зорилготой зүйл гэж хүлээн авч хэвлэлээр ярьж, бичиж байгаад харамсаж байна.
-“Алтан тариа” ХХК үүнийг үндэслэлгүй гэж хүлээж авахгүй байгааг одоо яахав?
-Энгийн утгаар ч гэсэн торгуулж байгаа ямар ч хүн би сайхан торгууллаа шүү гэж хүлээж авахгүй биз дээ. Хэнд ч торгууль шийтгэлийг эсэргүүцэх эрх бий. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд манайх шатахуун импортлодог аж ахуйн нэгжүүд болон Аудитын компаниудын үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн асуудлыг шийдвэрлэж байсан. Мэдээж тэд бид нар ийм зүйл хийгээгүй гээд хүлээн авахгүй асуудлыг шүүхэд өгч байсан ч шүүхээс үгсэн хуйвалдсан нь үнэн байна аа гэдгийг тогтоосон шүү дээ. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ удаад манайх ганцхан “Алтан тариа” ХХК-г онцлоод л хууль зөрчжээ гэж хэлээгүй. Хууль зөрчсөн үйл ажиллагааг дөрвөн компани хийсэн. Уг нь тус компани улсын байцаагчийн тавьсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол эхлээд улсын байцаагчийн тавьсан дүгнэлтийг улсын ерөнхий байцаагчид тавиад тэр нь шийдвэрлэхгүй бол шүүхэд хандаж болно. Гэтэл ингээгүй байж төрийн байгууллагын нэр хүндийг унагааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж байгаа нь өөрсдөө ямар ч ёс зүйгүй, хуулиа дээдэлдэггүй байдлыг харуулж байгаа биз дээ. Тэгээд ч энд нэг зүйлийг нэмж хэлэхэд бидний гаргасан шийдвэрт худал хуурмаг, хэн нэгний нэр төрд халдсан, улс төрийн зорилготой зүйл огт байхгүй бөгөөд хуульд заасан үүргийхээ дагуу ажиллаж, итгэл үнэмшлээрээ гаргасан шийдвэр.
-Энэ талаараа “Алтан Тариа” ХХК-аас төлөөлөгч ирж ярилцсан уу?
-Манай байгууллага дээр тус компанийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Г.Ганзориг ирж ярилцсан. Өөрсдийн бизнест учирч байгаа хүндрэл бэрхшээл, өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйл ажиллагаа, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж ойлголцсон. Дээрх асуудлаа манайд албан ёсоор тавиад хэн гэгч хаанахын ямар компани үйлдвэрлэлийн технологийг хуулбарлаж байгаа, хаяг шошго тэмдгийг дуурайлгаж байгааг хэлээд хамтрах юм бол манайх хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлсэн.
-“Алтан тариа” ХХК болон салбарын яам, танай газар хоёрын гаргасан мэдээлэл хоорондоо зөрүүтэй байгаагийн учир юу вэ?
-Гурилын зах зээлийн тэнцвэрт байдал алдагдаж үнийн болон нийлүүлэлтийн савлагаа үүссэн үү гэвэл үүссэн. Гэтэл салбарын яамны мэдээлж байгаагаар гурилын болон түүний түүхий эдийн хомсдол болоогүй, нөөц хангалттай байгаа гэж байна. Компаниудын өртөг, зардал өсөөгүй хэвийн, зах зээлд гурилын үнэ зарим аж ахуйн нэгжийн хувьд авч үзэхэд 50 орчим хувиар нэмэгдсэн байгаа. Бизнес эрхэлдэг байгууллагын хувьд олон янзын мэдээлэл хүлээж авдаг байж болно. Тэглээ гээд ирээдүйд хомсдол үүсэх юм байна гээд бүтээгдэхүүнийхээ үнийг урьтаж өсгөж байгааг юу гэж ойлгох юм.
-Хэрвээ үнэхээр тус компаний хэлээд байгаа шиг асуудал үүсээд хэрэглэгчид хохирох юм бол энэ хариуцлагыг хэн үүрэх юм?
-Энэ байдлын учир шалтгааныг тогтоох, зохицуулалт хийж зах зээлийн хэвийн байдлыг хангах, тогтворжуулах нь төрийн үүрэг. Энэ үүргийнхээ дагуу салбарын яамнаас зохицуулалт хийж байгаа гэж ойлгож байна. Салбарын яамнаас хийж байгаа зохицуулалтыг хууль бус, Өрсөлдөөний хуулийг зөрчсөн хуйвалдаан гэж хэвлэлээр бичсэн байсан. Энэ асуудлаар манайд ч өргөдөл ирүүлсэн байгаа. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 13.3-т стратегийн нөөцийн бараа, материалын эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны төвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй гээд заачихсан байдаг. Гурил, хүнсний буудай хоёр маань 2-уулаа стратегийн нөөцийн бараа, материалд тооцогддог. Тиймээс ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг хуулийн дээрх заалтын дагуу хийсэн зохицуулалтын арга хэмжээ гэж үзэж байгаа тул түүнийг хууль бус, өрсөлдөөний эсрэг чиглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Магадгүй энэ нь цаашлаад зах зээлийн савлагааг үүсгэхийг хэн байг гэх юм. Энэ тохиолдолд харин хариуцлагыг хэн үүрэх юм гэдэг асуудал үүснэ биз дээ. Эцэст нь дахин хэлэлхэд манай байгууллагын зүгээс хэвлэлд бичээд, яриад байгаачлан хэн нэг хүн, аль нэг компанийг гүтгэсэн, доромжилсон, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй бөгөөд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажилласан гэдгийг хэлмээр байна.
М.Сура