Нийслэлийн хөрсний бохирдолд гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон хамгийн их нөлөөлдөг. Тиймээс энэ жилээс эхлэн нүхэн жорлонг ашигтай бактериар ариутгах ажлыг зохион байгуулах талаар албаны хүмүүс мэдээлсэн. Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга М.Нямбаяраас тодрууллаа.
-Тусгай хэлтэс байгуулж нийслэлийн хөрсний бохирдолтой тэмцэнэ гэлээ. Ингэснээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна вэ?
-Нийслэлийн байгаль орчны газраас хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулахаар болсон. Хэлтэс байгуулснаар хотын нутаг дэвсгэрт тулгамдаж буй хөрсний бохирдлыг бууруулахад бодит бодлоготойгоор ажиллах боломж бүрдэнэ. Тухайлбал, хөрсний органик болон хүнд металийн бохирдол, хөрсний доройтол зэрэг хамаарч байгаа. Органик бохирдол гэдэгт нүхэн жорлон болон төвлөрсөн захуудын ойролцоох хэсгийг хамааруулдаг. Харин хүнд металийн бохирдолд байгальд хувирдаггүй элементүүд багтаж байгаа. Тиймээс ихэнх хувийг эзэлдэг нүхэн жорлонгийн бохирдолд энэ жил онцгой анхаарал хандуулахаар болсон.
-Ашигтай бактериар нүхэн жорлонг ариутгах нь давуу талтай юу?
-Тийм. Өнгөрсөн жил ариутгал халдваргүйтгэлийг ашигтай бактериар хийх ажлыг туршсан. Үүнийг Гандангийн дэнжийн 650 айл дээр туршсан. Ашигтай бактерийн давуу тал нь нэгдүгээрт, үнэр дарна. Хоёрдугаарт, өтгөнийг задалж, хөрсөнд шингэхэд бордоо болгодог давуу талтай. Нүхэн жорлонд 50-75 хувийн суулт өгч, бохирдлыг бордоо болгож байгаа учир энэ ажил чухал үр дүнтэй гэж тооцоолж байгаа.
Эхний ээлжид төвийн зургаан дүүргийн айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгана. Учир нь бүсчлэн ангилалт хийж бохирдол хамгийн өндөр байгаа хэсгийн 50 мянган нүхэн жорлонг сонгосон.
-Тэгэхлээр нүхэн жорлонгийн бохирдлын түвшнээр судалгаа хийсэн гэсэн үг үү?
-Нүхэн жорлонг 1-4 дүгээр ангилалд багтааж судалгаа, мэдээлэл гаргасан. Үүний дагуу их бохирдолтой 3, 4 дүгээр ангилалд багтсан гэр хорооллын 50 мянган нүхэн жорлонг ашигтай бактериар ариутгана. Бактери амьд бие учир улирлын чанартай ариутгал хийнэ. Эхний ээлжийн айл өрхүүдэд энэ ажил амжилттай хэрэгжвэл үргэлжлүүлнэ. Ингэснээр цаашид ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхээс гадна ирээдүйд нийслэл нүхэн жорлонгүй болох боломжтой.
-Ашигтай бактерийг хаанаас татан авах вэ, нэг нүхэн жорлонг ариутгахад хэчнээн төгрөг төсөвлөж байгаа вэ?
-Бактерийн хувьд дотоодын компаниудаас сонгон шалгаруулалт хийнэ. Нэг айлын нүхэн жорлонг ариутгахад ойролцоогоор 20 мянган төгрөг төсөвлөж байгаа. Гэхдээ үнэ өртгийн хувьд компаниудаас ирэх саналаас хамаарч өөрчлөгдөнө. Энэ бол баталгаажаагүй дүн. Тэгэхлээр хэлтсийн үйл ажиллагаа эхлэхээр ажил үргэлжилнэ.
Ангиллын дөрвөн хэсэгт багтсанаар 145 мянга 900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд эхлээд ашигтай бактери, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Үүнийг хороо, дүүрэгтэй хамтарч зохион байгуулна.
Одоогийн байдлаар гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.
Холбоотой мэдээ