Хил хаалттай, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоо байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны дөрөвдүгээр сараас 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал 2021 оны дөрөвдүгээр сард цагаан будаа нэг килограмм нь 3664 төгрөг байсан бол өчигдрийн /2022.4.4/ байдлаар 4424 төгрөг болж өссөн байна. Мөн үхэр, адуу, ямааны мах өмнө оноос даруй 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шатахууны үнэ өсөхийн хэрээр инфляци савлаж, иргэдийн орлого нэмэгдэхгүй, эсрэгээрээ хэрэглээ хумигдаж амьжиргаанд хүрэлцэхгүйд хүрсээр байна. Зөвхөн шатахууны үнийн өсөлт инфляцид 18.4 хувиар нөлөөлдөг хэмээн Үндэсний статистик хорооноос мэдээллээ.
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
-Цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Өргөн хэрэглээний барааны үнэ долоо хоногийн өмнө арай өөр байсан. Үнэ тариф долоо хоног бүр өөрчлөгдөж байна. Нөгөө талаар суурь үнэ хөдөлж байгаа гэсэн ч үүнийг далимдуулж үнэ дураараа нэмж байна. Тухайлбал, хил гаалиар орж ирж байгаа зарим бараа бүтээгдэхүүн яагаад 50 хувь илүү үнээр зарагддаг юм. Үүн дээр яг хаана, хэн ашиг нэмээд байгааг нь илрүүлэх хэрэгтэй. Мөн тодорхой үндэслэлгүй үнээ нэмсэн худалдаачин, нэгж байгууллагуудын барааг авахгүй байх эрх бидэнд бий. Тиймээс цалин хөлсийг инфляцитай уялдуулж нэмэх шаардлагатай. Хил гаалийн асуудал цэгцэртэл хуулийн хүрээнд үүнийг шийдэх шаардлагатай байна гэв.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ