"Байр, машинтай хүмүүсийг хүнсний талоноос хассан"

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

"Байр, машинтай хүмүүсийг хүнсний талоноос хассан"

"Байр, машинтай хүмүүсийг хүнсний талоноос хассан"

Ажлын байрыг нэмэгдүүлж ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж буй. Энэ хүрээнд Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж хүнсний талон олголтыг чангаруулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, хүнсний талон авч буй тухайн өрх хоёр жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэхээс татгалзвал эрхийг нь хасч байгаа. Мөн халамж авч буй иргэдийн мэдээллийг нягтлан хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай, хоёроос дээш орон сууцтай иргэд хүнс тэжээлийн дэмжлэгээс хасагдах юм. Энэ талаар ХННЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  С.Дамбийтай цөөн хором ярилцлаа.


-Амьжиргааны түвшинээс доогуур орлоготой айл өрхөд хүнс тэжээлийн нэмэгдлийг олгодог. Гэтэл хувийн сууцтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-аас дээш малтай иргэд хүнсний талон авч байгааг мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар амьжиргааны түвшин дээгүүр орлоготой нийт хэчнээн иргэн хүнсний талоноос хасагдаад байна?

-Хүнсний талоны хамгийн гол зорилго нь амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой өдөр тутмын хоол хүнсний хэрэгцээгээ хангаж чадахгүй зорилтот бүлгийн хүмүүст олгох зорилготой. Гэтэл хүнсний талоныг маш олон хүнд олгосон тоон баримт байна. Тиймээс энэ асуудлыг засч залруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэх чадвартай хөдөлмөрийн насны амжиргааны боломжтой хүмүүсийг нийгмийн сангийн дэмжлэгээс хасах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулж амьжиргааны түвшинг тодорхойлох дата мэдээлэлд үндэслэж 200-гаас дээш толгой малтай, олон машинтай, орон сууцтай зэрэг 50 мянга орчим иргэнийг хассан.

Тодруулбал, гуравдугаар сарын эхний байдлаар /нэг сарын өмнөх/ 9000 өрхийн  50 мянга орчим иргэнд хасалт хийсэн гэсэн үг. Мөн иргэд сайн дураараа хүнсний талоноос татгалзаж байна. Үүнээс  хэмнэсэн хөрөнгө нь жилд дунджаар  таван тэрбум орчим төгрөг болж байгаа юм. Энэ мөнгийг зорилтот бүлэг рүү бусад хөтөлбөрт зарцуулах боломж бүрдэж байна.

-Орон сууц, машинтай, 200-гаас дээш малтай зэрэг амьжиргааны түвшин боломжийн иргэд сайн дураараа хүнсний талоноос хасагдаж байгаа нь  дата мэдээлэлтэй холбоотой биш үү?

-Мэдээж дата мэдээлэл нь тодорхой иргэд  сайн дураараа хүнсний талоноос татгалзаж байгаа. Мөн өөрсдийн сайн дураар хүнсний талоноос татгалзах иргэд бий.  Бидний зүгээс хүнсний талоныг буруу олгож байсныг цэгцлэхээр л ажиллаж байгаа. Тиймээс  нийгмийн халамжийн сангаас дэмжлэг авч байгаа хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст ажил хийж орлого ол гэсэн зарчмын шаардлага тавина гэсэн үг.

-Мөн хүнсний талон авч буй  тухайн өрх хоёр жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэхээс татгалзвал эрхийг нь хасч байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулахдаа нийтийн шинж чанартай /ургац хураалт/ ажлууд зарлагдахад хүнсний талон авч буй хөдөлмөрийн насны хүмүүс жилд хоёр удаа хамрагд гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрэв орон нутгаас зарласан ажлын байранд хамрагдахгүй бол хүнсний талоноос татгалзана   гэсэн үг.

Ер нь хүн өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлмөрлөж амьдрах ёстой. Энэ бол зах зээлийн гол зарчим. Иймд иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх чиглэл рүү л хууль эрхзүйн орчин, бүх талаас нь чиглүүлж ажиллана.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаагаа зарлаад тодорхой хугацаа өнгөрлөө. Гэхдээ ажил хэрэг болж чадаж байна уу. Нөгөөтэйгүүр энэ бодлого халамжийг эрс хумих вий гэсэн болгоомжлол бий?

-Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого нь шууд утгаараа халамж авч буй бүх хүнийг хөдөлмөр эрхлүүлж, халамжийг танана гэсэн ойлголт биш. Гол агуулга нь, хүн ажилтай орлоготой байх нь  сайхан амьдарч болно гэх ойлголтыг хүмүүсийн сэтгэлгээнд суулгаж өгөх зорилготой. Тэр дундаа, нийгмийн хамгааллын сангаас тэтгэвэр тэтгэмж авч буй хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг ажлын байраар хангах замаар халамжаас авдаг нөхцөл байдлаас гаргах зорилготой. Үүний тулд эхний ээлжид хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгуудыг боловсруулж байна. Энэ онд багтаан УИХ-д өргөн барьж батлуулах чиглэлээр ажиллаж байна.

Эдгээр хуулийн тухайд Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар халамжийн сангаас халамж авах иргэдийн дундаас зорилтот бүлэг рүү илүү чухалчилсан. Харин халамж авах шаардлагагүй хүмүүст мөнгөн дэмжлэг олгохгүй.

Нийгмийн халамжийн тэтгэмжийг олгохдоо тухайн хүмүүсийн амьжиргаанд илүү тус дэм болох хэмжээний байдлаар олгох чиглэлээр илүү тусгаж байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгаар халамжаас хасагдаж буй хүмүүсийг ажлын байраар хангахын тулд хөрөнгө мөнгийг хэрхэн яаж зарцуулах тухай илүү нарийвчлан тусгасан. Одоо мөрдөж буй хуулиар зарим хөтөлбөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр нь нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр тэтгэмж авч байгаад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүс рүү чиглэсэн. Уг хөтөлбөрийн гол хэрэгжүүлж буй ажил нь иргэдэд  хөдөлмөр эрхлэхийн мөн чанар, давуу талыг ойлгуулсан нөлөөллийн сургалт явуулж байгаа юм.

Хөдөлмөр эрхлэхэд тодорхой ур чадвар дутуу бол богино хугацааны сургалтыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр олгоно. Мөн ажил олгогч нартай холбож зуучлах, өөртөө ажлын байр бий болгох боломжтой хүмүүсийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрүүдэд хамруулж байна.

Энэ хөтөлбөрүүдэд өнгөрсөн 2021 онд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд 59 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр илүү иргэдэд хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжих нөхцөл боломжийг хангаж ажиллаж байна гэсэн үг.

-Төсвийг нэг дахин нугалснаар бодит үр гарах уу. Ажлын байранд зуучилсан ч  тогтвортой ажиллахгүй, аль эсвэл ажиллах сонирхолгүй бол яах вэ. Ажиллах хүчний хомсдол одоо ч ажил олгогч нарын толгойн өвчин болоод байна?

-Мэдээж үр дүн гарна. Ажлын байраар хангах, зуучлах, сургалтад хамруулах зэрэг хөтөлбөрүүдэд дунджаар  жилд 20-25 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Энэ мөнгийг нийслэл, орон нутагт хуваарилахад их бага хөрөнгө болдог.  Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх сангийн санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлтэйгээр аж ахуй эрхлэхэд зориулж барьцаагүй хүүгүй зээл өмнө нь тав хүртэл сая төгрөгийн зээл олгодог байсан. Үүнийг авах гэсэн хүмүүс маш их байдаг ч цөөн хэсэг нь л зээлд хамрагддаг. Учир нь хуваарилсан хөрөнгө нь бага учраас тэр. Иймд энэ жилээс зээлийн хэмжээг нэмэгдүүлж 10 хүртэл сая төгрөг болгож  тодорхой асуудлыг шийдэж байна.

Мэдээж 24.5 тэрбум төгрөгийг 59 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлснээр илүү олон хүн зээлд хамрагдах боломж бүрдэнэ. Мөн ажиллах сонирхлыг төлөвшүүлэх нь л халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын гол зорилго нь. Хөдөлмөр эрхлэх сонирхлыг төлөвшүүлэх. Тухайн хүн нийгмийн халамжийн сангаас дэмжлэг авч гэртээ суух бус тодорхой хэмжээнд хөдөлмөр эрхлэх сонирхолтой, ажлын байртай болоход л бодлого чиглэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж