Төрийн бодлого ТӨК болон хувийн хэвшилд дутагдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Төрийн бодлого ТӨК болон хувийн хэвшилд дутагдаж байна

Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-аас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ. Уулзалтын үеэр төр, хувийн хэвшил болон дипломат хүрээллийн төлөөлөгч гишүүд сонирхогч талууд санал бодлоо солилцсон юм. Хуралд оролцсон хүмүүсийн төлөөллөөс байр суурийг нэгтгэн хүргэж байна.

АмЧам Монгол танхимын 2022 оны “Өсөлтөд хүрэх зам” баримт бичигт тусгагдсан бодлогын тэргүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд өрнөсөн гэдгээрээ онцлог.

ТӨРИЙН СТРАТЕГИ БАЙХГҮЙГЭЭС ТӨК-ИУД АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

ЭДИЙН ЗАСАГЧ Ө.ГАНЗОРИГ:

-Эдийн засгийг сайжруулахын тулд хувийн хэвшлийнхний оролцоог дэмжих хэрэгтэй гэлээ. Тэгвэл гарц гаргалгааны хувьд ямар боломж байна вэ?

-Монгол Улсад Хөгжлийн банкны асуудал, Орос-Украины нөхцөл байдал зэргээс гадна Хятадын хилтэй холбоотойгоор олон сөрөг үр дагавар эдийн засагт давхцаж байна. Мөн валютын ханшийн шок эхэлж, инфляц өндөр байгаагаас гадна зээлийн хүүг эргүүлж өсгөлөө. Энэ бүхнээс харвал улс орны хэмжээнд стратеги дутагдаж байна. Улсын хэмжээнд төрийн стратеги байхгүйгээс төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгааг албаны хүмүүс хэллээ. Бизнес эрхлэгчид мөн тодорхой бодлогогүйн улмаас олон жил харанхуйд тэмтчиж байгаа гэхэд хилсдэхгүй.

Валютын ханш, инфляци таван жилийн давтамжтай байнга нүүрлэдэг. Ингэж явсаар бид ам.долларын ханшийг 3000 төгрөгт хүргэлээ. Сүүлийн 30 жил эдийн засгийн гүн хямралд орсон улс оронтой ижил түвшинд явж ирсэн. Одоо үүнийг төрийн бодлогын түвшинд суурь реформ хийж өөрчлөх ёстой.

Реформыг улс төрийн намууд өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Улс төрийн намууд боловсон хүчингүйн улмаас засгийн эрх авахаараа ямар ч чадваргүй хүмүүсийг төрийн бодлогын аппаратууд дээр томилдог. Тэдгээр хүмүүс нь стратеги гаргаж чаддаггүй. Тэгэхлээр намаас эхлээд боловсон хүчнээ шинэчлэх хэрэгтэй. Үүний дараагаар боловсрол, эрүүл мэнд, тэтгэврийн реформ хийх нь зөв.

Эдийн засагчийн хувьд хэлэхэд валютын ханшийг ямар ч аргаар хамаагүй тогтоож барих хэрэгтэй. Яагаад гэвэл валютын ханш чангарч төгрөгийн ханш унах бүрд иргэдэд ирэх ачаалал илүү хүндэрнэ.

Тэгэхлээр Засгийн газар гадаадаас богино хугацаатай зээл авч валютын нөөцөө тогтоож, хаврын сезоны бизнесээ дэмжих хэрэгтэй байна.

ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ БОДЛОГООР ЗАЙЛШГҮЙ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

“THIESS” КОМПАНИЙ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ АЖИЛТАН Ш.ВЕНЕРА:

-Хувийн хэвшил тэр дундаа уул уурхайн салбарыг төлөөлж энэхүү уулзалтад манай компанийн зүгээс оролцож байгаадаа таатай байна. Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулахад олон хүндрэл гарч байна. Тухайлбал, хил гааль хаалттайн улмаас уул уурхайн компаниудын экспорт тасалдаж, валютын орлого саатсан. Тиймээс экспорт дээр төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Мөн татварын тодорхой хөнгөлөлт дээр зохицуулалт хийж өгвөл хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Хувийн хэвшлийнхэнд тулгамдаж байгаа гол асуудал бол хөнгөлөлттэй зээл.

Хүү багатай зээл авах боломж нөхцөл хангалтгүйн улмаас цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж олон байгууллага хаалга барьсан. Тиймээс төрөөс бодлого гаргаж, түүний дагуу хувийн хэвшлийнхэнд онцгой анхаарах хэрэгтэй байна.

АНУ БОЛОН МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛНЭ

МОНГОЛ ДАХЬ АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН БОДЛОГО ХАРИУЦСАН ЗАХИРАЛ Г.ЖАВХЛАНТӨГС:

 -Төрийн зүгээс бодит зүйлсийг хийх хэрэгтэй. Хил гааль дээр олон хувийн хэвшлийн бараа, бүтээгдэхүүн саатсан байна. Энэ дотор стратегийн гэж нэрлэгдэх уул уурхай, хөдөө аж ахуйн олон сэлбэг хэрэгсэл багтаж байгаа. Үүнийг яаралтайгаар оруулж ирж, компаниудад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Хэрэв гааль дээр гацсан барааг оруулж ирвэл аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, татварын орлого ч нэмэгдэнэ гэсэн үг.

Ингэснээр ажлын байр нэмэгдэж, орлого өсөх боломжтой. Тиймээс эдийн засгийг хувийн хэвшлийнхнийг дэмжсэн чиглэлд оруулах нь зүйтэй гэж харж байна. Төр хувийн хэвшлийнхэнд үүсч байгаа дарамт шахалт, хүндрэлийг тооцоолж, сэргийлж чадсанаар эргээд эдийн засгаа өсгөх бүрэн боломжтой гэж ойлгож болно.

Өнөөдрийн хурлаар:

  • Монгол Улсад хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжих
  • АНУ болон Монгол Улсын хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх
  • Гишүүн байгууллагуудын эрх ашигт нийцсэн дэмжлэг, туслалцааг үзүүлэх, тэдний брендийг сурталчлан таниулах гэсэн гурван зүгт чиглэж байгааг онцолсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж