С.Улсболд: Ажлаа сэтгэлээсээ хийсэн шиг хийх гэж хичээдэг

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

С.Улсболд: Ажлаа сэтгэлээсээ хийсэн шиг хийх гэж хичээдэг

    Улс орны хөгжлийг нуруун дээрээ тээж явдаг хүмүүс бол илчит тэрэгний зүтгүүрчид. Тэр хүмүүсийн нэг УБТЗ-ын 2019, 2020, 2021 оны мэргэжлийн аварга, Дарханы зүтгүүрийн депогийн ашиглалтын III цувааны туслах машинч Сүхбаатарын Улсболдтой ярилцлаа.

УБТЗ-ын мэргэжлийн аваргын шалгуур өндөр. Та гурван жил дараалан шалгарлаа, энэ ховор тохиол шүү, баяр хүргэе?

-Баярлалаа. Өмнө нь, “Замын мэргэжлийн аварга”-аар гурван жил дараалан шалгарсан тохиолдол гараагүй гэх юм билээ. Миний хувьд үнэхээр баяртай байна. 2019 онд Зүтгүүрийн депогийн аваргаар шалгарч, улмаар “Замын мэргэжлийн аварга”-ын хүндтэй шагналыг анх хүртсэн. Тэгэхэд надад “Замын захиргаа, хамт олон минь маш их итгэл хүлээлгэлээ дээ. Тэднийхээ итгэлийг алдахгүй хичээе. Энэ нэр хүндийг өргөж явах юм шүү” гэх бодол төрсөн. Тэгж хичээж ажилласан минь ахин ийм хүндтэй шагналыг авчирсан байх. Миний амжилтын ард Дархан зүтгүүрийн депогийн хамт олны хүч хөдөлмөр, арыг минь найдвартай авч яваа ханийн минь дэмжлэг их бий. Ажилдаа амжилт гаргаад шагнал авах бүрдээ намайг төмөр замчин болох зам руу хөтөлсөн нагац ахдаа баярлаж, бас ахынхаа итгэл найдварыг нь дааж яваадаа урамшдаг. Нагац ах маань Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх шүү дээ. Тэр үед П.Энхмөнх ах намайг төмөр зам руу чиглүүлээгүй бол би өдийд хаана ямар ажил алба хашиж явахыг таашгүй.

-Төмөр замд хөтөлж оруулсан дүү нь ийм сайхан амжилт гаргах бүрд ах тань танаас дутуугүй баярладаг байх даа. Танд сүүлд юу гэж хэлэв?

-“Дүүдээ амжилт хүсье” л гэсэн. П.Энхмөнх ах маань олон таван үггүй, гүндүүгүй хүн дээ. Өөрөө бол зүтгүүрийн маш мундаг инженер шүү дээ. Ахынхаа итгэлийг алдахгүй, хаана ч, хэзээ ч нүүр бардам уулзах сайхан шүү.

-Таныг дунд сургууль төгсөхөд төмөр замчин, тэр тусмаа зүтгүүрчин болоорой гэж захисан юм уу?

-Үгүй ээ, би Дарханд төрж, өссөн хэр нь төмөр замын талаар төсөөлөлгүй, цагдаа болъё гэж боддог байв. Цагдаа нарын дүрэмт хувцас л гоё харагдана шүү дээ. Аав, ээж хоёр маань Дарханы тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан. Би айлын том хүү, гурван дүүтэй. Аав минь намайг гуравдугаар ангид байхад бурхан болсон. Би дунд сургуулийн наймдугаар анги төгсөөд Барилгын техникумд цахилгаанчин мэргэжлээр сурч, 1998 онд төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ ч ажилласангүй. Хувийн байгууллагуудад янз бүрийн ажил хийж явсан. Энэ үед л П.Энхмөнх ах, ээж хоёр ярьсан байх. Гэнэт л намайг туслах машинчийн курсэд суулгах юм болоод хот руу 2003 оны хавар явуулсан. Тухайн үед гурван сарын курс гэж байсан. Курсээ төгсөөд 2003 оны зургадугаар сард Дархан зүтгүүрийн депод засварчнаар ажилд орсон. Намайг анх ажилд ороход депогийн засварын өргөтгөлийг дөнгөж барьж эхэлж байсан. Одоогийнх шиг их засвар хийдэг том цех байсангүй. Техник үзлэгийн цехэд зэхэлт хийдэг, ТО-2 үзлэг хийдэг байлаа. Хүлээн авагч Т.Баярсайханы ээлжинд засварчнаар орж байлаа. Төмөр замчин болоход анх ажлын талбарт хүлээж авсан багш маань энэ хүн. Т.Баярсайхан ах маань ирэх сараас гавьяаны амралтдаа гарах гэж байгаа. Энэ хүнийг дагаж ажил хийж сурсан. Хүмүүс техник сэтгэлгээтэй гэж ярьдаг даа. Тэр нь надад байсан юм болов уу. Өөрөө ч техникт сонирхолтой минь их нөлөөлсөн биз. Ер нь, засварчнаар ажиллахад түүртэх, шантрах үе байгаагүй. Хоёр жил ажиллаад туслах машинч болсон.

-Туслах машинч болсон анхны сэтгэгдэл, анхны аялал?

-Засварчнаар хоёр жил ажилласан болохоор техник тал дээр барьц алдахааргүй болсон гэж боддог. Туслах машинч болох нь миний хувьд тов тодорхой зорилго учир сэтгэл зүйн хувьд ч бэлтгэгдсэн байх. Тэгээд ч тэр үү, анхны аялалд 2005 оны тавдугаар сард Ц.Эрдэнэхуяг машинчтай Зүүнхараагийн чиглэлд гарсан. Тэгэхэд айхтар сандарч, догдлоогүй санагдана. Болох ёстой юм болдгоороо л болж байгаа мэт мэдрэмж төрсөн. Мэдээж, зүтгүүрийн бүхээгт алсын бараа харсан шиг аялалд гарах ч сайхан шүү.

-Манай төмөр замд олон серийн илчит тэрэг тээвэрт явдаг. Зүтгүүрчид бүх серийн илчит тэргэн дээр ажилладаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Шинэ илчит тэрэг ирвэл ашиглалтын зааврыг нь судална. Тэрэг болгон өөр өөрийн онцлогтой. Наад зах нь ус, маслын хөргөлтийг нь мэддэг, тохируулдаг байх шаардлагатай. Номноос олж мэдээгүйгээ мэддэг хүнээс  нэрэлхэлгүй асууж сурна. “Мэдэхгүй байх нь асуудал биш харин мэдэхийг, чадахыг хүсэхгүй, эрмэлзэхгүй байх л асуудал” гэдэг шүү дээ. Тээвэрт явж байгаа бүх илчит тэргэн дээр ажиллаж чаддаг байх ёстой. Миний хувьд зорчигчийн галт тэргэнд явдаг болохоор ихэвчлэн “2Загал” илчит тэргэн дээр ажилладаг. Цар тахлын улмаас зорчигч тээвэр зогссон үед ачаанд явж байсан. Ачаанд бол бүх л илчит тэргэн дээр ажиллана даа.

-Зүтгүүрийн бригадын ажлын орчин нөхцөл маш хүнд шүү дээ. Таны хувьд аян замд гарах бэлтгэлээ юунаас эхэлдэг вэ?

-Нэг аяллаас буухад л дараагийн аяллын бэлтгэл эхэлж байна гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр унтаж амрахаас эхэлнэ. Ялангуяа, зорчигчийн галт тэрэг бол дандаа шөнө явна. Шөнийн нойрыг юугаар ч нөхдөггүй гэдэг ч бидний хувьд олон жилийн ажлын хуваарьтаа дасан зохицож, ажлаас буусан бол гэртээ очоод л унтаж амрахыг эрхэмлэдэг. Яг ажилд гарахын өмнө нь хувцас хунараа тохируулна. Дээр нь, хоол ундаа ч өөртөө тааруулах ёстой. Бидний ажил хувийн зохион байгуулалт, сахилга хариуцлага их шаардана шүү. Эрүүл мэнддээ их анхаарах ёстой. Эрүүл хүн бол юуг ч хийж бүтээнэ. Эрүүл, эрч хүчтэй байхын тулд ажил амралтын дэглэмийг яс мөрдөж, зөв зохистой хооллох хэрэгтэй. Нойр дутуу гарвал үүрэглэнэ. Эрч хүчгүй, сонор соргог байж чадахгүй. Багахан анхаарал сулрахад л  ноцтой асуудал гарч болзошгүй. Хамгийн нэгдүгээрт биеэ бэлтгэнэ. Дараа нь, ажлын багаж хэрэгслээ бэлтгэсэн байх ёстой

-Төмөр замчдын хувьд сахилга, хариуцлага гэдэг магадгүй аюул осол, алдаа дутагдлаас зайлуулах “сахиус” нь гэхэд болно. Дөнгөж төмөр замд хөл тавьж байгаа залуусын хувьд сахилга бат, хийсэн үйлдэл, гишгэсэн мөр бүхэнд хариуцлага нэхэгдэх өндөр шаардлагыг дарамт гэдэг утгаар хүлээж авч, шантрах тохиолдол гардаг. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь, төмөр замд ороод удаагүй залуу байхад алхам тутамд хариуцлага, сахилга яригдах нь зарим талаар хэт баригдмал санагдах нь бий л дээ. Залуу байхад үеийн залуус, хувиараа бизнес хийдэг найз нарыгаа харахад тэд илүү эрх чөлөөтэй, хүссэн үедээ гарч орж, ийш тийшээ чөлөөтэй явах нь сайхан санагддаг байлаа. Дээр нь, хүүхэд бага нялх байхад бол халширмаар үе байсныг нуухгүй. Наад зах нь, хүүхэд өвдсөн үед нойргүй хоносон эхнэрээ, уйлж байгаа хүүхдээ харсаар байж би аяллаас бууж ирсэн хүн гээд хаалгаа хаагаад унтаж чадахгүй шүү дээ. Хүүхэд арай том болоод ирэхээрээ гүйж ирээд хүзүүнээс зүүгдчихнэ. Тийм үед хүүхдээ түлхээд унтаад өгнө гэж байхгүй. Залуу байхад энэ мэт ар гэрийн асуудлаас болж нойр дутуу, амарч чадахгүй ажилдаа гарах үе гарна. Амралт дутуу бол ажил дээр үүрэглэхээс эхлээд хэцүү. Заримдаа ажлаа солимоор санагддаг байсан. Гэхдээ тос масло үнэртсэн депо, хөдөлгүүр нүргэлсэн илчит тэрэгний бүхээг намайг юугаар ч юм татсаар байсан. Тэгсээр тэр бодлоо орхиж сэтгэл хоёрдохоо больсон. Ийм үеийг залуу хүн бүр туулдаг байх аа. Нөгөө талаар, би бага байхын томоотой талдаа хүүхэд байсан. Тэгээд ч айлын ууган хүүхэд багаасаа хариуцлага үүрч, ачаа дааж сурдаг. Үеийнхнээсээ илүү хэрсүүжиж өсдөг шиг санагддаг. Миний энэ зан чанар төмөр замчин хүний ажил амьдралд дасахад дөхөм байсан ч байж мэднэ.

Одоо бол хүүхдүүд том болчихсон. Эхнэр маань миний ажил мэргэжлийн онцлогийг мэднэ. Ажлаас буугаад очиход амрах бүх нөхцөл боломж бүрдчихнэ. Тэгэхээр ажилдаа л гол анхаарлаа хандуулна. Ер нь, энэ ажил мэргэжлийг эзэмшсэнийх амжилт гаргая гэдэг  миний хувьд зорилго байсан даа. Тэр зорилгоо биелүүлж, гурван жил ийм сайхан шагнал хүртсэндээ баяртай байна.

-“Амжилттай яваа эр хүний ард ухаалаг гэргий бий” гэдэг үг бий. Таны ажил мэргэжлийн онцлогийг мэддэг, амжилт ололт гаргах бүх бололцоог олгодог таны хань төмөр замчин уу?

-Миний ханийг Г.Оюунчимэг гэдэг. Хань маань үсчин мэргэжилтэй. Бид 2005 оны валентины баяраар танилцаж байлаа. Манай хүн анх төмөр замын талаар ямар ч ойлголтгүй байсан. Төмөр замыг зорчигчийн ногоон вагоноор л төсөөлнө. Намайг анх төмөр замд ажилладаг гэхээр өртөөн дээр шар хантаазтай, дарцаг бариад, дохио өгөөд явдаг хүмүүс (холбогч-найруулагч)-ийн нэг юм байна гэж ойлгосон гэдэг. Түүнийгээ хэзээ хойно надад хэлж, бөөн инээдэм болцгоож билээ. Депогоос гэр бүлийн зөвлөгөөн хийдэг шүү дээ. Тэр зөвлөгөөнд анх очоод л миний ажил мэргэжлийн талаар анхны ойлголттой болсон гэдэг юм. Ер нь, төмөр замчдын гэр бүлийн зөвлөгөөн маш хэрэгтэй шүү.

-Таны амьдралын хамгийн дурсгалтай, баярт мөч хэзээ байв?

-Амьдралд олон сайхан үйл явдлууд тохиолдож байсан. Яг тэрийг гээд одоо онцлох зүйл шууд санаанд буухгүй байна. 2007 онд хүүтэй болж аав болоход сэтгэл дүүрээд, баяр төрөөд байж билээ. Гэхдээ би сэтгэлийн хөдөлгөөнөө тэр бүр ил гаргаад байдаггүй хүн.

“Замын мэргэжлийн аварга”-аар гурван удаа шалгарахад ээж минь их баярласан. Миний ээжийг Б.Насанжаргал гэдэг. Ээж минь “Миний хүү нэр төртэй сайн ажиллаж, аавынхаа нэрийг дуурсгаж яваад ээж нь их баяртай байна” гэсэн. Тэгэхэд ээжийгээ ганц ч гэсэн баярлууллаа даа гэж бодогдсон.

-Таны одоогийн зорилго мэдээж машинч болох байх гэж бодож байна?

-2018 онд машинчийн курсэд сурсан. Зорилго бол бий. Бүх юм цаг хугацаатай. Цаг нь болохоор болох байлгүй дээ. Нэг их яарч адгах зүйл алга. Хамгийн гол нь, хийж байгаа ажлаа хийсэн шиг хийх ёстой.

-Машинч нарт чөлөөт цаг бага гардаг байх аа?

-Чөлөө зав гаралгүй яах вэ. Би гэр амьтай. Амарч байгаа үедээ хүүхдүүдээ сургуульд хүргэж өгч, авах, ар гэрийнхээ ажлыг амжуулж, ханьдаа багахан ч гэсэн нэмэртэй байхыг хичээдэг. Намайг замд явчихсан үед эхнэр маань бүх л асуудлыг даана. Тэгэхээр байгаа үедээ ачааг нь бага ч гэсэн хөнгөлж өгөхийг хичээдэг.

-Ээлжийн амралтаараа аялал зугаалгаар явж байна уу?

-Уг нь, аяллаар явах сонирхолтой. Гэхдээ ихэнхдээ амжихгүй, ойр зуур эргэлдэж байтал нэг л мэдэхэд ажилд орох болчихдог. Дархан хот маань агаар, ус сайтай. Хот гэвэл хөдөө, хөдөө гэвэл хот юм шиг газар.

Дархан маань ээлтэй сайхан нутаг шүү. Хөгшид Бурхантын хөндийг гадны хүмүүст их ээлтэй нутаг гэж ярьдаг. Миний аав Завхан аймгийн, ээж минь Баянхонгорын хүн. Аав, ээж хоёр минь энд ирж танилцаж, гэр бүл болсон. Энэ сайхан нутагт, төмөр зам гэдэг том байгууллагын нэг эд эс болж, нэр бүтэн, мөр тэгш, ажил амьдрал минь дүүрэн яваад үргэлж талархаж, сүсэглэж явдаг даа.

     -Ярилцлага өгсөн танд баярлалаа. Алтан шар зам тань өлзийтэй байг.

Сэтгүүлч Б.Гүнжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж