Элон Маск олон нийтийн сүлжээ Твиттерийн хувьцааны 9.2 хувийг худалдаж авснаар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болжээ.
Түүнийг хувьцаа худалдаж авах сургаар Твиттерийн хувьцааны үнэ 22 хувиар өссөн байна. Өнгөрсөн Баасан гаригт арилжаа хаагдах үед түүний эзэмшиж буй хувьцаа 2.9 тэрбум ам.долларт хүрчээ. Улмаар өчигдөр өглөө /2022.04.04/ үнэ огцом өсч, 3.5 тэрбум ам.доллар болсон байна.
Маск ямар зорилгоор хувьцаа худалдаж авсан нь тодорхойгүй байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд твиттерийн бодлогыг багагүй шүүмжилсээр ирсэн. Мөн өнгөрсөн сард шинэ сошиал платформ бий болгох талаар нухацтай бодож эхэлсэн гэж байв. “Wedbush Securities” компанийн технологийн шинжээч Дэн Айвс хэлэхдээ "Тэр идэвхтэй ажиллаж, Твиттерт өөрчлөлт хийхийг зорьж байгаа гэж би бодож байна. Маск Твиттерийн үйл ажиллагааны арга барилыг өөрчлөхийг оролдоогүй ч гэсэн ийн их хэмжээгээр хувьцаа худалдан авсан нь бусад идэвхтэй хөрөнгө оруулагчдыг тус компанид хувьцаа эзэмшихэд түлхэц болно” гэжээ.
Хөрөнгө оруулагч аливаа компанийн хувьцааны тав ба түүнээс дээш хувийг худалдаж авч буй тохиолдолд АНУ-ын үнэт цаас, биржийн хороонд худалдан авалтаа ил тод мэдүүлэх ёстой. Уолл Стритийн үзэж буйгаар 10-аас бага хувь эзэмших нь идэвхгүйд тооцогддог ажээ.
Эх сурвалж: CNN