НЭМЭЛТ:
Дэлхийн банк санхүүгийн мэдээллээр шатахууны үнэ 60-70 хувь өссөн прогноз гарч байна. Улаан буудайн үнэ дэлхийд 50 хувь өсч, дэлхийд хүнсний хомсдол үүсэх асуудлыг судлаачид, олон улсын байгууллага хөндөж байна.
ОХУ, Украины асуудлаас үүдэн хөрш орнуудад эдийн засгийн хориг арга хэмжээнээс үүдэн валютын хомсдол үүсэх нөхцөл байдал үүслээ. Үүнээс үүдэн манайд байгаа 3.2 тэрбум ам.долларын валютын нөөцөд “хөдөлгөөн” ажиглагдаж эхэлсэн.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Аялал жуулчлалын талаар та ярилаа. Гэхдээ шийдэл хэлсэнгүй. Цаашдаа аялал жуулчлалыг хэрхэн сэргээх вэ?
-Аялал жуулчлал дэлхийн энх тайван байдал олон улсын харилцаатай салшгүй холбоотой зүйл. Зэвсэгт мөргөлдөөн болж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ийм нөхцөл байдалд орж үзээгүй. Хэзээ ч болохгүй гэж бодож байсан хүйтэн дайны уур амьсгал сэргэлээ. Энэ үед аялал жуулчлалтай холбоотой бодлогыг явуулна. Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Солонгос улс, хоёр хөрш оронтой агаарын хил болон хуурай замын хил нээлттэй байгаа.
Ирэх тав, зургадугаар сард жуулчдыг хүлээж авахад аж ахуй нэгжүүд бэлтгэлээ хангасан. Эдийн засгийг сэргээх алхмуудаас Засгийн газар ухрахгүй.
Цар тахлын тохиолдлын тоо бусад улс орнуудтай харьцуулахад бага байна. Энэ нь давуу байдал болох байх гэсэн эерэг хүлээлттэй байна. Тийм ч учраас эдийн засгийн форумыг хийж байгаа. Зөвхөн дотоодоо биш Монгол Улс гадаад талдаа ямар байгааг бодох ёстой. Яагаад гэвэл гадаад хөрөнгө оруулалтын орчин, валютын урсгал, эдийн засгийн эерэг хүлээлт зэрэг зүйлтэй салшгүй холбоотой байдаг.
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт шатахуунтай холбогдож буй. Цаашдаа шатахууны хомсдол бий болох уу?
-Өнөөдөр бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ дэлхийн зах зээлээс улбаалан багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байгаа. Өөрөөр хэлбэл ам.доллараар тооцоо хийхгүй рублиэр тооцоо хийх нөхцөл байдал үүсч байна. Олон улсын бирж дэх үнээр Монгол Улс шатахуун авахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон. Шатахуун ОХУ-аас 100 хувь хамааралтай байна. Шатахууны нийлүүлэлтийг урт хугацаанд нэг эх үүсвэрээр биш бусад эх үүсвэрээс бүрдүүлэх нөхцөл байдал үүсч байна.
Газрын тосны үйлдвэр барих шаардлагатай. Шатахуун, эрчим хүчний хувьд хоёр хөршөөс шууд хамааралтай. Аль болохоор энэ нөлөөллийг багасгах шаардлагатай.
Засгийн газраас шаардлагатай зохицуулалтыг хийж шатахуун 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх эрсдэлийг багасгах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Ханшийн зөрүү буюу нефть импортлогч компаниудтай Засгийн газар тулж ажиллана. Үнэ болон бусад асуудлаар нарийвчлан гэрээ хийгдэнэ. Дэлхийд шатахууны үнэ өссөн байхад шууд зохицуулах амаргүй.
-Хөгжлийн банкнаас төрийн байгууллагын авсан чанаргүй зээлийн асуудал яригддаг. Тухайлбал, 800 орчим тэрбумын чанаргүй зээлийн асуудал бий. Хөгжлийн банкны өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү. Хэн хариуцлага хүлээх юм бэ?
-Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд мэдээлэл ил болсноор үр дүн гарч байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлт амар биш гэдгийг хэлье. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Энэ банк байгуулагдаад “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иен, Хөгжлийн банк өөрөө 580 сая ам.долларыг босгосон. Хөгжлийн банкинд мөнгө төвлөрснөөр 2012 онд бодлогын зөвлөл байгуулсан. Үндсэндээ улстөрчид тус банкны ТУЗ-д орж шууд хуваагаад авчихсан гэсэн үг.
ТУЗ-ын дарга нь Ерөнхий сайд байгаад, бусад сайд нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсоогүй. Энэ зээлийг "тэр компанид, тэр гишүүнд, банкны захиралд өг" гэдэг схем рүү орсон.
Шулуухан хэлэхэд "Эрдэнэт"-ийн 49, Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл, Хөгжлийн банкин дээр ч гэсэн ажилласан. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан.
Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлд хэдхэн компани холбоотой. Та бүхэн ажиглавал "Эрдэнэт"-ийн 49 хувийг босгосон, 430 сая ам.долларыг босгосон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэд нарыг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамтдаа байгаа.
Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байгаа хэдэн хүмүүстэй үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно. Гэхдээ Б.Баттөмөр гишүүний зарласан 20 хүн бол мөсөн уулын орой гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана нэр бүхий томоохон улс төрчид, бизнесменүүдийн сонгуулийн зардлыг төлөөд "утсан хүүхэлдэй" болгосон улстөрчид араас нь гарч ирнэ.
Хөгжлийн банктай асуудал яригдаж хэдэн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна вэ. Тэр хүмүүс энэний ард байгаа гэж ойлгоорой.
"Эрдэнэт"-ийн 49 хувьтай асуудал яригдаж байхад 470 сая орчим ам.долларын схемийг гаргаад хууль хяналтын байгууллага болон зарим шүүгч нарын хамаарал бүхий этгээд байгааг тогтоож, зарлахад амаргүй байсан. Цаг хугацаа орсон. Тухайн үед ТЕГ-ын дарга нь хүртэл "Эрдэнэт"-ийн 49 хувийн талд байх нөхцөл байдал үүсч байсан. Гүйцэтгэх ажиллагаа тухайн үеийн Ерөнхий сайд дээр явж байсан. "Эрдэнэт", "Оюутолгой"-н асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ. Битгий эргэлзээрэй. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана. Ерөнхий сайдын хувьд тэр бүрийг нээлттэй яриад байх албан тушаалтан биш. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл нууцлалтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж өгсөн. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус ажиллах ёстой.
ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХГҮЙ
Цаашдаа “Эрдэнэс Монгол”-той холбоотой асуудлыг гаргаж тавина. Нуугаад яах вэ. “Эрдэнэс Монгол”-ийн охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ байдаг. Тэнд төрөөс гадуурх хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Дээрх асуудлаар Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан.
Би хэзээ ч огцрохоос айхгүй. Хэзээ ч айж байгаагүй. Харин ийм зүйлтэй эвлэрч улс төрийн үхдэл болохоос би айна. Тиймээс бүх асуудлыг цэгцэлнэ.
Эрдэнбүрэнг шийдэж чадвал баруун бүс нутаг эрчим хүчний хараат бус байдлаас гарна. Багануурын эрчим хүчний станц баригдах ёстой байсан боловч улстөржилтөөс үүдэн зогссон. Хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл хийгдэнэ.
Зөвхөн дан, давхар дээл гэж ярихыг зөвшөөрөхгүй. Яривал багцаар нь буюу сонгодог парламент руу орж Герман, Энэтхэг улстай адилхан болохыг дэмжинэ.
Ерөнхий сайд болон бусад сайд нар өнөөдөр /2022.04.05/ 11:30 цагт мэдээлэл хийхээр боллоо. Тодруулбал, УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барина.
Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна.
Мөн Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх, Монгол Улсын хилээр бэлэн гадаад валют гаргахад хязгаарлалт тогтоох харилцааг зохицуулах аж.
Холбоотой мэдээ