ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээний дараагийн шатанд тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, нефтийн худалдааг хязгаарлахыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уриалжээ. Украины нийслэл Киевээс холгүй орших Буча хот дахь аймшигтай нөхцөл байдлын талаарх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдсаны дараа Эммануэль Макрон ингэж мэдэгдэв.
Эммануэль Макроны үзэж буйгаар ОХУ-ын газрын тос, нүүрсний аж үйлдвэрийн эсрэг хориг тавих нь Москвад жинхэнэ шийтгэл болох гэнэ. Тэрбээр Европын холбооны удирдлагууд тэр дундаа Герман улсын эрх баригчидтай ирэх өдрүүдэд ОХУ-ын эсрэг хоригийн дараагийн үе шатыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Герман тэргүүтэй Европын холбооны удирдагчдын зүгээс ОХУ-ын түүхий нефтийн импортыг хязгаарлах боломжийг эрэлхийлдэг ч олонхын эсэргүүцэлтэй тулсаар ирсэн. Гэхдээ ОХУ-аас Украинд дайн эхлүүлснээс хойш Европын холбоо нь Москвагаас эрчим хүчний хараат байдлыг бууруулах шийдвэртэй алхмуудыг авахаар болжээ. ОХУ нь Европын холбооны байгалийн хийн хэрэгцээний 45 орчим хувийг нийлүүлдэг. Түүнчлэн нефтийн импортын 25 хувь, нүүрсний 45 хувийг ОХУ эзэлдэг гэсэн судалгааг Европын комиссоос гаргажээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA
Холбоотой мэдээ