Үнэ тогтворжуулж, үнийн өсөлтийг зогсооно!

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Үнэ тогтворжуулж, үнийн өсөлтийг зогсооно!

Үнэ тогтворжуулж, үнийн өсөлтийг зогсооно!

Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талх тариа, таксины үнэ хүртэл дагаад нэмэгддэг. Ялангуяа хойд хөршөөс шатахууны хэрэглээгээр хараат, иргэдийнх нь орлогын хэмжээ тааруухан Монгол Улсын хувьд инфляцид голлон нөлөөлдөг нь шатахуун. Дээр нь ам.долларын ханш суурь хүчин болж байна. Мэдээж шатахууныг төгрөгөөр бус ам.доллараар худалдан авдаг тул ханш чангарах тусам бид халаасаа тэмтрэхэд хүрч байгаа нь ойлгомжтой. Цар тахал, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний нөлөөллөөс үүдэн  Монгол Улс "ноён ногоон”, барааны үнийн өсөлтийн хурдыг гүйцэхээ болив. Хэрэглээний үнийн индекс 10 хувиас давсан нь хөл хорионоос ч илүү эмзэг байдалд хүрсэн үзүүлэлт  болж байна. Иргэд ч  чимээгүй тэсвэрлэж чадахаа болилоо.

Арга буюу Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов. Хуулийн төслийг УИХ-д өнөөдөр /2022.04.05/ өргөн барих юм.

Хууль батлагдснаар инфляци өсөхөд голлон нөлөөлдөг  газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлэх ёстой. Улмаар эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулна гэж үзэж байгаа ч хэрэгжилт нь хөрсөн дээрээ хэр буухаас шалтгаална. Үүнээс ч  өмнө 2012-2016 онд Ардчилсан нам толгойлох үед инфляци мөн л 10 хувь давсан, эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Тухайн үед шүүмжлэл дагуулсан эл хөтөлбөрийн гол зорилго нь шатахуун, мах, хэрэглээний үнийг тогтворжуулах  байв. Хэдийгээр багагүй шүүмжлэл дагуулсан ч тухайн үед зорилгодоо бараг л хүрсэн гэхэд хилсдэхгүй.  Ингэхдээ шатахууны нөөц бүрдүүлснээр  50 төгрөгөөр хоёр удаа үнэ буурч, АИ-92 авто бензиний үнийг 2000 төгрөгт хүргэлгүй барьсан нь эл хөтөлбөрийн үр дүн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Газрын тосны бүтээгдэхүүний хуулиараа 30-60 хоногийн шатахууны нөөцийг бүрдүүлж чадсан явдал.

Хэрэв Ардчилсан нам Монголбанктай хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй бол тухайн үед 2014 оны эхний хагас гэхэд мах, бензин шатахууны  үнэ  байснаасаа 2.5-4.6 дахин  нэмэгдэх эрсдэл байсан гэх тооцоог ч тухайн үед эдийн засагчид хийж байв.

Энэ үед  махны үнэ дунджаар үхрийн мах кг нь 9500 төгрөг, хонины мах кг нь 7500 төгрөгийн үнэтэй байсан бол шатахуун литр тутамдаа 2000 төгрөгт хүрээгүй байв. Тодруулбал, А-80 автобензин литр нь 1520, А-92 автобензин литр нь 1790, дизель түлш литр нь 1890 төгрөг байсан юм. Нөгөөтэйгүүр Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр нөлөөгүй байсан бол инфляци 14 хувиас давж, шатахууны үнэ литр тутамдаа 2000 төгрөгөөс илүү өсөх байсныг ч тухайн үед эдийн засагчид дүгнэсэн нь бий. Дээрх тоон үзүүлэлтүүд бол хөтөлбөрийн хүрээнд үнийг тогвортой барьсан үе. Тэгвэл өнөөдөр УИХ-д өргөн барьж буй Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл хэрэгжвэл үр дүн нь ямар байхыг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж