Төр чингэлэгт тээврийг хариуцах болсон ч асуудал нь хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

Төр чингэлэгт тээврийг хариуцах болсон ч асуудал нь хэвээрээ

Төр чингэлэгт тээврийг хариуцах болсон ч асуудал нь хэвээрээ

Наймаачдын хөл хөдөлгөөн татарсан ч Замын-Үүд сум өдгөө нам жим болсон ч боомтын амьдрал буцалсаар байна. Монголын хамгийн завгүй, ачаалалтай автозамын тус боомтоор зөвхөн чингэлэг тээвэр орж, гарч байгаа. Тээврийн үнэ тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж эхэлсэн тул төрийн зүгээс ачаа тээвэрт хяналт тавьж, хариуцах болсон. Нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлсэн энэхүү ажлын гол зорилго нь дотоодын цэргүүдийг дайчилж, тээврийн үнийг тогтвортой барих, хилийн бүсэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах. Өөрөөр хэлбэл, урьд нь иргэд, хувийн аж ахуй нэгжүүд хилийн тэг цэгээс эхлэн тээврээ хийж, эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг байсан бол одоо төр, засаг хилийн тэг цэгээс бүс нутгийн ложистикийн төв хүртэлх тээврийг хариуцдаг болов. Тэгвэл энэ ажил хэрхэн өрнөдөг болохыг, үнийн хөөрөгдөл хаана үүсч байгааг сурвалжлахыг зорилоо.

Замын-Үүд сумын хуучин вокзал

Замын-Үүд сум, 07:30 цаг

Чингэлэг тээврийн үйлчилгээ өглөөний 07:30 цагаас эхэлнэ. Замын-Үүд сумын гурван зочид буудалд тусгаарлагдсан дотоодын цэргийн алба хаагчид хувийн бэлтгэлээ хангаж, хилийн тэг цэг рүү явахдаа бэлтгэж байв. Харин хилийн цэрэг, хорио цээр, гаалийн байгууллага тээврийн хэрэгслүүдийн бүхээгийг ариутгаж, шалгаж, хоосон чингэлгийг битүүмжилж Хятадын тал руу оруулахад бэлэн болгоно.

Жолооч нар өдөр бүр эмчийн үзлэгт хамрагдан биеийн халуун болон даралтаа шалгуулдаг. Мөн долоо хоног бүр PCR шинжилгээнд хамрагддаг. Тэднийг халдвар авахаас сэргийлж, тус тусад нь тусгаарлаж, контакт үүсгэхгүй байх тал дээр албаныхан анхаарч байгаа гэв.

Битүүмжлэгдсэн хоосон чингэлэг ачсан автомашин Хятад руу нэвтрэх гэж байна

Замын-Үүд авто замын боомт, 10:00 цаг

Хилийн цэг дээр хоёр чиг үүрэгтэй цуваа үүсчээ. Нэг талд нь хилийн тэг цэгээс ачаатай чингэлэг ачиж, бүс нутгийн ложистикийн төв рүү тээвэрлэх автомашинууд байх бол нөгөө талд нь Хятадын талд хоосон чингэлэг хүлээлгэн өгөх автомашинууд.

Одоогийн байдлаар өдөрт дунджаар 60 тээврийн хэрэгсэл 20 болон 40 тоннын 80-90 ачаатай чингэлэг тээвэрлэж байгаа гэнэ. Гэхдээ цаашдаа энэ тоо нэмэгдэх бололтой. Хил хамгаалах байгууллагын 25, зэвсэгт хүчний 25, онцгой байдлын 10 гээд нийт 60 жолооч дээрх тээврийг гүйцэтгэж байна.

Цар тахлын улмаас Хятадын тал задгай ачаа хүлээн авахгүй, гаргахгүй гэсэн учир чингэлэг дотор бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн билээ.

Чингэлэгтэй болон чингэлэггүй автомашинууд

Замын-Үүд авто замын боомт, 11:00 цаг

Жолооч нар тусгай автобусаар хилийн боомт дээр ирж, эмнэлгийн нэг удаагийн хамгаалалтын битүү хувцсаа сольж өмсөнө. Ингээд бүхээгтээ орж, суудлаа эзэлснийх нь дараа албаныхан автомашинуудын хаалгыг битүүмжилэх аж. Говь нутгийн бүгчим халуун, элсэн шуурга хоёр ч тэдний тэвчээрийг багагүй шалгаж байгаа нь харагдана.

Хилийн энэ онцгой бүс дээр хилийн цэрэг, гааль, хорио цээр, авто тээвэр, цагдаа, онцгой байдал гээд төрийн байгууллагын төлөөлөл өөрсдийн чиг үүргийнхээ дагуу оролцож, хяналтаа тавина.

Чингэлэг зөөж, шилжүүлэх кальмар ч боомт дээр ирж, үндсэндээ хил гарах бэлтгэл ажил бүрэн хангагдав.

Хаалга нь битүүмжлэгдсэн жолооч говийн халуунд бүхээгтээ

Хилийн тэг цэг, 13:00 цаг

Өдрийн энэ цагт кальмар хилийн тэг цэг рүү нэвтэрч, байраа эзэлнэ. Үүний дараа хоосон автомашинууд нэвтэрч, ариутгалын хаалгаар дамжин гадаргуугаа ариутгана. Шүүмжлэл дагуулаад байсан өнөөх хаалга нь шинэчлэгдэж, 131 буугаар мананцар үүсгэн ариутгал хийдэг болжээ.

Хилийн тэг цэг дээр чингэлэг тээврийн талбай байгуулагдсан бөгөөд энэ талбайгаас кальмар ачаатай чингэлгийг автомашин руу ачиж, хоосон чингэлгийг талбайд байрлуулна. Гэхдээ Хятадын тал өдөрт 25 хоосон чингэлэг нь хүлээн авна.

Хоосон автомашинууд ариутгалын хаалгаар дамжин Хятадын хил рүү нэвтэрч байна

Гурвын хаалт, 15:00 цаг

Эхний 20 тээврийн хэрэгсэл чингэлгээ ачиж, ложистик төв рүү хөдлөхөд бэлэн болжээ. Тэднийг гурвын хаалтаас эхлэн цагдаагийн хамгаалалт дор ложистикийн төв рүү авч явав. Мөн түгжээ эвдрэх, дугуй хагарах зэрэг техникийн саатал гарч магадгүй учир авто тээврийн үндэсний төвийн засварчид дагалдана.

Чингэлэг ачаа шууд бүс нутгийн ложистикийн төв рүү тээвэрлэгддэг бол импортын машин, механизм түүний сэлбэг хэрэгсэл “e-trans” руу хуваарилагдана.

Ачаатай чингэлгээ ачсан автомашинууд бүс нутгийн ложистикийн төв рүү явахын өмнө

Бүс нутгийн ложистикийн төв, 15:20 цаг

Гаалийн ажилчид рентгенээр чингэлгийг шалгаж байна

Сумын төвөөс холгүйхэн бүс нутгийн ложистикийн төв дээр чингэлэгтэй автомашинуудыг хүлээн авч байлаа. Эхлээд тэдний жинг шалгаж, дараа нь кальмар чингэлгийг нь талбайд буулгаж байдаа. Гаалийнхны ажил эндээс эхэлнэ. Нэр, төрөл нь ижил төсөөтэй бараа бүтээгдэхүүн агуулсан чингэлгийг рентгенээр шалгах бол эрсдэлтэй, сэжигтэй чингэлгийг нээж, шалгалт хийдэг гэв. Мөн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн байж болзошгүй учир эрэлч нохой ашиглах аж.

Ачаа барааны эзэд, төлөөлөгчид ложистикийн төв дээр ирж, зуучийн байгууллагаар дамжуулан мэдүүлгээ бичин гаалийн бүрдүүлэлтийн хэсэгт хүргүүлнэ. Энд барааны татвар, үнэлгээг хийж байлаа. Цахимаар бараа бүтээгдэхүүнээ мэдүүлэх боломж бүрдсэн нь иргэдийн цаг завыг ихээр хэмнэж байгаа гэнэ. Мөн хилийн мэргэжлийн хяналт, гааль хоёр нэгдсэнээр бүтэн цаг үргэлжилдэг байсан ажил 30 минутад багтдаг болжээ.

Үнэлгээ хийгдсэний дараа тусгай программын дагуу түүврийн аргачлалаар аль ачааг, хэн гэдэг байцаагч шалгах нь хуваарилагддаг.

Ачааны эзэд тэдний төлөөлөгчид гаальд мэдүүлгээ өгч, ачаагаа шалгуулж байна

"НЭГ МАШИН НЬ УЛААНБААТАР ХҮРТЭЛ БАГАДАА 70 САЯ ТӨГРӨГ БОЛЧИХЛОО"

Татвараа төлчихсөн, шалгуулчихсан чингэлэг олголтын цэг рүү шилждэг юм байна. Энэ цэгээс тээврийн компаниуд Монгол орны өнцөг булан бүр рүү тээвэрлэлтээ хийдэг гэнэ. Албаныхан хилийн цэгээс ложистикийн төв хүртэлх зардлыг төр дааж байгааг онцолж байлаа. Тэгвэл үнийн өсөлт яг хаана үүсээд байна вэ? Тээврийн үнэ тэнгэрт хадлаа гэдэг үг хаанаас эхлэлтэй талаар тодруулахаар “Борхойн талын авто тээвэрчдийн холбоо”-ы тэргүүлэгч Ж.Ган-Очиртой холбогдсон юм.

Тэрбээр ярихдаа “Энгийн тээвэрчдийг тээвэрт оролцуулах боломжгүй болгон төр үнийн хөөрөгдөлтэй тэмцэнэ гэсэн. Бүх тээврийг төр авсан. Хилийн тэг цэгээс Замын-Үүдийн ложистикийн төв хүртэлх богино рейсийг цэргүүд хариуцаж байгаа. Өнгөрсөн жил бид нарыг үнэтэй зөөж байна гэдэг байлаа. “Хилээс Улаанбаатар хүртэл 210 метр куб ачааг бүх зардал нь багтаад 45 сая төгрөгт ачдаг болчихлоо”, “Замын-Үүдийн жолооч нар үнэтэй, шуналтай байна” гэж Монгол даяар ярьсан. Тэгвэл төр буулгана гэж хэлж аваад 210 метр куб ачааг гурав хуваалгасан. Өөрөөр хэлбэл, нэг машин дээр ачдаг ачааг гурван машин ачдаг болгочихсон. Нэг машин нь Улаанбаатар хүртэл хамгийн багадаа 70 сая төгрөг болчихлоо. Гурван машин ачаа 210 сая төгрөг болчихлоо” гэв.

Ачаа тээврийн компаниуд чингэлгээс автомашин руу бараа зөөж байна

Хилээс, ложистикийн төв хүртэлх тээврийг цэргүүд, ложистикийн төвөөс Улаанбаатар хүртэлх тээврийг тээвэр, зуучлалын компаниуд хариуцаж байна. Харин хувиараа тээвэр хийдэг жолооч нар илүү гарсан ачааг нь хямд үнээр, хоорондоо өрсөлдөж тээвэрлэж байгаа гэнэ. Энэ талаар Ж.Ган-Очир “Зургаан сар ажилгүй зогссон хүмүүс ямар нэгэн тээвэр хийх хэрэгтэй. Хоёрдугаарт ар гэр нь хоол, ундгүй болж байна. Машинаа, байраа барьцаалж зээл авсан хүмүүсийг банк шахаж байна. Эхнээсээ байр, машиныг битүүмжилж, шүүхэд шилжүүлж байна. Төр засаг үнийн хөөрөгдлийг буулгаж чадсангүй. Иргэдийн амиа зогоож байсан тээврийг нь булаагаад авчихлаа. Замын-Үүдийн иргэд тээвэргүй болж, эдийн засгийн хямралд өртсөн" хэмээн ярилаа.

Үнийн хөөрөгдлөөс гадна сугалааны асуудал гарч ирсэн. Тодруулбал, иргэдийн дунд сугалаа сугалуулж, ачааг нь хилээр нэвтрүүлж байгаа гэх яриа дэлгэрэв. Энэ талаар албаныхнаас тодруулахад “Монголын талд сугалаа сугалуулж буй ямар ч асуудал байхгүй” гэв. Харин тээвэрчид ярихдаа “Монголчууд сугалаа сугалуулж асуудал шийдээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ чинь Хятадын Эрээн рүү халдчихсан байна. Жишээ нь, 1500 чингэлэг ачаа байя гэж бодоход хамгийн сүүлд боомт дээр ирсэн ачаа гурван сарын дараа Монголд орж ирэх гээд байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хятадууд 1500 чингэлэг дотроо сугалаа явуулж, аз нь таарвал өдөртөө наашилж байна” гэлээ.

ҮНИЙН ӨСӨЛТ ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРТЭЙ Л ХОЛБООТОЙ

Тээврийн үнэ өссөн нь худалдаа эрхлэгчдэд хэрхэн нөлөөлсөн талаар худалдаа эрхлэгч Э.Урантөгсөөс тодруулахад “Худалдаа эрхлэгчдийг үнийн өсөлтөд хамгийн их буруутгаж, загнаж байна. Үнэн хэрэгтээ бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн өртөг дээр 5-10 хувийн нэмэгдэлтэйгээр зардаг. Ачаа тээвэр чингэлэг рүү шилжсэний дараа бараа бүтээгдэхүүний үнэ бараг 50 хувь нэмэгдсэн шүү дээ. Урьд нь 8-12 мянгаар зардаг байсан өргөст хэмх 25 мянган төгрөг болсон.  Дээрээс нь бараа бүтээгдэхүүний хомсдол бий болсон. Хөргүүргүй чингэлэгт бараа муудах эрсдэл үүссэн” гэв.

Өмнөхтэй харьцуулахад одоо наймаачид, худалдаа эрхлэгчид “Wechat” ашиглан бараа бүтээгдэхүүнээ Хятадаас захиалж байгаа аж. Заавал өөрийн биеэр очиж, бараагаа авчрахтай харьцуулахад энэ нь амар ч тээвэрлэлтийн явцад эвдрэл, гэмтэл их гарч байгаа гэнэ.

Түүнчлэн “Уламжлалт тээврээр бараагаа аваад өөрсдөө хянаж, шалгаж авчирдаг байлаа. Харин одоо чингэлэг тээврээр замбараагүй ачиж, ирж байна. Чингэлэг тээврийн компаниудаас болж эвдрэл, гэмтэл их гарч байна. Телевизорыг гэхэд л хамгийн доор нь ачсанаас болж, дэлгэц нь хагарсан байсан.  Үнийн өсөлт ерөөсөө чингэлэг тээвэртэй холбоотой. Нэг боодол ачааг нь 200 гаруй мянгаар ачдаг байсан бол 700-800 мянган төгрөгөөр тээвэрлэж байна. Мөн юанийн үнэ өсч байна. Цар тахлаас өмнө 50 мянгаар зардаг байсан өмдийг одоо 80 мянгаар зарж байна. Талх, сүүний савлагаа байхгүй учир мөн л үнэ нь нэмэгдэж байна.  Худалдаачид ашиг гаргахын тулд үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна шүү дээ” гэлээ.

Төрөөс Замын-Үүдэд хэрэгжүүлж буй онцгой дэглэм энэ сарын 10-ны өдөр дуусна. Цаашдаа чингэлэгт тээврийг хэвээр үргэлжлүүлэх эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж