БНСУ, Австрали, АНУ-д ажиллах монгол залуус нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

БНСУ, Австрали, АНУ-д ажиллах монгол залуус нэмэгджээ

БНСУ, Австрали, АНУ-д ажиллах монгол залуус нэмэгджээ

Монгол Улс хөгжиж байгаа орны тоонд зүй ёсоор багтдаг ч нийгэм, эдийн засгийн  үзүүлэлтээр олон улсын сүүлийг мушгидаг. Эрдэмтэн, судлаачийн гаргалгаа шаардахгүйгээр харж болох жишээ бол ажиллах хүч зуучлах төвүүдийн тоон судалгаа. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалж зуучлалын төвүүд хаалга барьсан ч энэ жилээс үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Үүнийг дагаад Монголоос гадаад руу чиглэх залуусын урсгал нэмэгджээ. Хоёр жил хөл хорионд орсон залуус, сурч хөдөлмөрлөхөөр гадагшаа зорьж байна.  Бид ажиллах хүчний нөөц болоод зуучлалын төвд гол төлөв хэдэн насныхан аль улсыг зорихоор хандаж байгаа талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Дараах мэдээллийг томоохонд тооцогддог зуучлалын таван компани болох хөдөлмөрийн биржтэй утсаар холбогдож авсан юм.

МОНГОЛ АЖИЛЧИД ӨМНӨД СОЛОНГОСТ ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ

Гадаад улс орон руу ажил хөдөлмөр эрхлэхээр зорьж буй нийт хүмүүсийн 50 орчим хувь нь зөвхөн Өмнөд Солонгос руу явахаар виз мэдүүлдэг гэсэн албан бус судалгаа байна. Хөл хориог цуцалснаар тус улс руу богино хугацаанд гэрээгээр явж ажиллах хүсэлтэй иргэд хандах нь ихэсчээ. Энэ талаар БНСУ-ын виз мэдүүлэг, зөвлөгөө өгөх төвүүдээс болон Хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс тодрууллаа.

Өмнөд Солонгос руу виз мэдүүлэх хүн ихэссэнтэй учраас тус улсын Элчин сайдын яамны шинэчилсэн журмын дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс визний хариуг ажлын долоо хоногт гаргах болжээ.

Журамд зааснаар иргэн өөрийн биеэр Солонгосын виз мэдүүлгийн төв болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хандах журамтай. Хэрэв  татгалзсан хариу авсан бол хариу олгосон өдрөөс хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй аж. Он гарснаас хойш тус улс руу виз мэдүүлэх хүмүүсийн тоо долоо хоног тутамд өссөн гэв. Тухайлбал, гуравдугаар сард нэг долоо хоногт багадаа 20-30 хүн виз мэдүүлжээ. Харин энэ сард гэрээт ажилтан татан авахтай холбоотойгоор виз мэдүүлэх хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн гэсэн юм. Гэхдээ энэ нь виз мэдүүлэх ганц төвийн тоон мэдээ. Ажиллах хүсэлтэй аяллын 90 хоногийн хугацаатай виз мэдүүлэх иргэд ажилд зуучлуулахыг хүсдэг. Үүнд нь тулгуурлаж тодорхой хэмжээний хөлсөөр боломжит ажлын хувилбарыг төвүүд санал болгож буй.

Тодруулбал, нэг иргэн виз мэдүүлэх, маягт бөглөх, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд 60-120 мянган төгрөг зарцуулж байна. Харин ажилд зуучлуулах тохиолдолд дээрх дүн дээр 300-500 мянган төгрөг нэмэгддэг аж.

Өмнөд Солонгост гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг зуучлалын төвөөс гадна  албан ёсоор бүртгэдэг нэг газар бий. Энэ бол Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар. Тус газраас 2022 оны бүртгэлээ энэ сарын 25-28-ны өдөр хийнэ. Урьдчилсан байдлаар бүртгэлийн өдрийг зарлаж байгаа нь шалгалт өгөх хүмүүст хэрэгтэй гэж үзжээ.

Албаны хүний хэлснээр "Нийгмийн сүлжээнд  хорооны Хөдөлмөрийн хэлтэс дээр гэрээт ажилчдын бүртгэл хийгдэж байгаа гэсэн мэдээлэл ташаа. Бүртгэлийн хувьд заавар мэдээлэл манай цахим хуудаст байршсан байна. Тодорхой хэмжээний хураамжийг төлснөөр иргэд хэлний шалгалт өгнө. Үүний дараа бусад шалгуурт тохирох эсэх нь чухал. Хэрэв ажиллах хүчний мэдээллийн санд тухайн хүний мэдээлэл орсон бол ажлын санал БНСУ-аас ирдэг” гэв. Тиймээс найдвартай чухалчилж байгаа иргэд ХХҮЕГ-руу холбогдох нь зүйтэй.

АНУ, АВСТРАЛИ РУУ ГЭР БҮЛЭЭРЭЭ СУРЧ, АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЗОРИХ БОЛСОН

Цар тахлаас өмнө иргэд хөрш орнууд руу очиж ажиллах нь их байсан аж. 2021 есдүгээр сараас эхлэн АНУ болон Австралийн орон руу виз мэдүүлэх хүсэлт биржүүдэд их ирэх болсон гэв. Учир нь эдгээр оронд гэр бүлээрээ суралцаж, ажиллах боломж өндөр байдаг аж. Мөн цалин, долоо хоногт ажиллах лимит, амьжиргааны зардал ч орлоготой харьцуулахад бага байна. Тиймээс иргэд нөхцөл нь таалагдаж байгаагаас виз мэдүүлэх нь нэмэгджээ.

АНУ-руу виз мэдүүлэхэд ангиллаас хамаарч 485-627 мянган төгрөгийн хураамжтай. Харин Австрали руу визний хураамжаас гадна бүртгэлийн хураамж 98-115 мянган төгрөг нэмж төлдөг байна.

Дээрх хоёр орон руу ажиллахаар явах хүсэлтэй иргэд олон байгаа ч банкны баталгаа, хэлний түвшин зэрэг шаардлага өндөртэй. Тиймээс энэ жилээс Монгол, Австралийн Засгийн газар нэгэн визийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжид 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болжээ. Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой. Гэхдээ ирэх сараас журам батлагдаж, албан бичгийн дагуу бүртгэл эхэлнэ гэсэн юм.

ЯПОНД ГЭРЭЭТЭЭР АЖИЛЛАХ ЗАЛУУС ИХЭВЧЛЭН НАСААРАА АМЬДРАХ СОНГОЛТ ХИЙДЭГ

Монголоос Японд ирээд бүх насаараа амьдрах эрхийн визийг багадаа нэг жилийн хугацаанд авах боломжтой байдаг аж. Тиймээс Өмнөд Солонгос зэрэг орон руу мэдүүлсэн ч виз нь гараагүй иргэд Япон руу явах нь ихэсчээ. Японд компанийн үндсэн ажилтны визнээс гадна өндөр ур чадвартай хүний нөөцөд олгодог виз гэж бий. Тиймээс тус улсад ажиллах виз мэдүүлэгчид олширсон гэв.

Хэрэв энэ визээр Японд очиж чадвал 1-3 жилийн дараа байнгын оршин суугчийн виз мэдүүлж авч болохоос гадна гэр бүлээ татах боломжтой. Тэгэхлээр зуучлалын компаниуд эхний ээлжид мэдээлэл авч буй иргэдэд сонголт боломжийн талаар төлбөрт зөвлөгөө өгдөг байна.

Япон руу сурах, ажиллах иргэд гэр бүлээрээ зорчих боломж өндөр. Зардал бага тусдаг байна. Мөн гэр бүлээрээ тодорхой заасан орлогод хүрч байвал хүүхдээ харуулахаар өөрсдийн аль нэг аав, ээжийгээ Японд албан ёсоор авчирч болдог гэсэн юм. Японд ажилд орох хүсэлтэй иргэдэд чухал хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, нас, боловсролын зэрэг, төгссөн сургуулийн ранк, ажлын туршлага, ажиллах япон компанийн байдал, жилийн орлого, Японд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн шалгалтад тэнцсэн байдал, тусгай ур чадвар, хэлний мэдлэг зэрэг. Эдгээр зүйлсээр оноо цуглуулах ба 70 онооноос дээш бол энэ визийг авах эрхтэй болдог байна. Тиймээс бүртгэл мэдээллийн төвөөс өгсөн мэдээллээр тус улсад ажиллах хүмүүс ихэвчлэн насаараа ажиллах сонголт хийх болжээ.

Виз мэдүүлгийн төвүүдээс эрэлттэй улс орон болон насны бүлгийн талаар мөн асуухад нас залуужиж байгаа. 18-35 насныхан ихэвчлэн гадаадад ажиллах нь нэмэгдсэн. Эрэлттэй орны хувьд Өмнөд Солонгос АНУ, Австрали, Япон зэрэг тэргүүлж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж