“Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол хүү бодно”

Хуучирсан мэдээ: 2022.04.05-нд нийтлэгдсэн

“Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол хүү бодно”

“Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол хүү бодно”

НЭМЭЛТ:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй танилцлаа. Шийтгэлийн төрөлд сануулах шийтгэлийг нэмж, зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх, зарим зөрчлийг нь хасч, нэмэхээр болжээ. Уг хуулийн төслийг дэмжиж байна. Зөрчлийн тухай хуульд агуулгын  шинжтэй өөрчлөлт хийх зайлгүй шаардлагатай.

Уг хууль батлагдаад  таван жил болж байна. Энэ хугацаанд нийтдээ найман сая гаруй зөрчил хариуцлага ногдуулжээ. Өөрөөр хэлбэл,  жилд 2.3 сая зөрчилд хариуцлага ногдуулсан гэсэн үг. Үүнээс харахад аюул багатай, зөрчилд тооцогдох шаардлаггүй зүйлсийг хуульд тусгаснаас болж зөрчил эрс нэмэгдсэн.

Нийгмийн бүх асуудлыг хариуцлагатай уях гэж хэт их хичээсэн нь уг хуулийн ганц алдаа нь. Зөрчил гэдгийг ямар хүрээнд хэрхэн зөв тодорхойлох вэ гэдгээс  хуулийн мөн чанар  шалтгаална. Хуучин захиргааны хариуцлага тооцдог байсан зүйлүүдийг зөрчил, заримыг нь хатуухан хэлэхэд Эрүүгийн тухай хууль руу оруулсан. Энэ зүйлүүдийг эргэж харах цаг болсон. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг Зөрчлийн тухай хуультай хамт авч хэлэлцмээр байна. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль дээр хариуцлага хүлээдэг субьектүүдийг нэмээд байдаг. Шинээр хууль гарах тоолонд нэг шинэ субьект нэмдэг. Зөрчилд хариуцлага оногдуулдаг 30 гаруй байгууллага, 10 мянга гаруй албан тушаалтан бий. Үүнээс харахад хүрээгээ нэмсээр байгаад Зөрчлийн тухай хуулийн гол зорилго хангагдахад бэрхшээлтэй болсон.

Хууль зүй, байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Зөрчлийн тухай хууль 2015 онд УИХ-д өргөн баригдсан. Өмнө нь иргэд, байгууллагуудын гаргасан зөрчилд маш олон төрийн байгууллага давхардуулсан шийтгэл оногдуулдаг байсан. Нэг зөрчил гаргалаа гэхэд гааль, МХЕГ, төрийн хяналт шалгалт гээд байцаагч бүр л хүнийг торгох шийтгэх эрхтэй байсан. Үүнээс үүдэн ард иргэдэд хүнд суртал гаргадаг байсан. 220 орчим хуулийг нэгтгэж нэг хууль болгож гаргасан нь Зөрчлийн тухай хууль. Өөрөөр хэлбэл, нэг, орц гарцтай болгосон. Харьцангуй зөв зарчим, жишиг рүү шилжээд явж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Нийгэмд Зөрчлийн тухай хуулийг аймшгийн хууль гэх ойлголтыг өгсөн. Зарим иргэд уг хуулийг байхгүй болгохыг хүсдэг. Зөрчлийн хууль нийгэмд дэг журмыг хамгаалах зорилготой. Хэрэв бид дэг журамгүй, сахилга батгүй амьдарна гэвэл юу болох уу. Цагийн дараа нийслэл хотын замын хөдөлгөөн нам зогсоно. Нийгэмд дэг журам хэрэгтэй. Сахилгагүй хүмүүст хазаар хэрэгтэй.

Зөрчлийн хуулийг гол шүүмжлээд байгаа хүмүүс бол танхай жолооч нар. Зөрчлийн хуулиар хэдэн тэрбумаар нь ард иргэдийг торгоод байна гэж тэд яриад байгаа. Энэ нь зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарыг л торгосон асуудал. Үүнийг улам сайн хэвшүүлэх ёстой.

Зөрчлийн дэг журам тогтоосон хууль тогтвортой мөрдөгдөж байж хүмүүсийн хувьд дадал, соёл болдог. Бид нар хотжоод удаагүй улс. Одоо ингээд харахад бид хот, хөдөөгийн ялгаатай байдал руу шилжиж байна. Зөрчлийн хуулиар зохицуулчхаар хотод байх ёстой хэм хэмжээ, хөдөө орон нутагт болохгүй байна. Бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг торгоод байх хэцүү учраас сануулах арга хэмжэ авна гэж байна. Суманд бүгд мотоцикль унадаг. Тэдэнд бичиг баримт гэж байхгүй. Хотод үүнийг хэрэгжүүлэх гэхээр бас болохгүй байна. Хотод бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодвол шууд торгох ёстой. Юун сануулах. Тийм зүйл байхгүй. Харин ч бүр чангалах ёстой.

Уг хуульд талархан дэмжмээр зүйлүүд бас бий. Жишээлбэл, явган хүнийг зорчих зам гаргаагүй, барилгын гадна талбайн зорчих хэсгийг өвлийн нөхцөлд халтирч гулгах материалаар хийсэн бол гэдэг зөрчлийг шинээр оруулж ирсэн байна. Үүнийг дэмжиж байна. Өвөл бол ийм зам маш аюултай. Настай хөгшин хүн битгий хэл эрүүл саруул хүн хүртэл явж чадахааргүй мөсөн коток шиг замууд нийслэлд олон бий. Харин үүнийг яаж хэрэгжүүлэх вэ. Одоо барьсан халтиргаатай замыг хуулж авах уу?

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Урт хугацаанд тогтвортой мөрдөж байж зөрчил буурах ёстой ч  Монгол Улсын хувьд зөрчил улам нэмэгдсээр л байна. 2020 оны байдлаар 170 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүний тал хувь нь төлөгдөөгүй л явж байна. Хот, хөдөөгийн ялгаа байгааг ойлгож байна. Тээврийн хэрэгслийн бичиг баримт, улсын дугааргүй, хамгаалах бүс зүүгээгүй зэрэг энэ төрлийн торгууль нь Зөрчлийн хуулийн 92 хувийг эзэлдэг. Тиймээс энэ төрлийн зөрчилд нэг удаа сануулах, үүнийг Тээврийн цагдаагийн албан дээр бүртгэлжүүлэх боломжтой. Нэг удаа сануулчихаад дараагийн удаа торгоно. Иргэдийн зүгээс  ядаж бид нарт ганц удаа сануулаач гэдгийг хэлдэг.

Нэг төрлийн зөрчил дээр шийтгэлийг давхардуулдаг.

Нэг жилээр жолооны эрх хасах нь “халтуур” хийдэг жолооч нарын амьдралд эдийн засгийн том дарамт болдог. Дээрээс нь нэмж давхар торгууль төлдөг. Тиймээс эрх хасахыг нь үндсэн шийтгэл рүү оруулаад аль нэгийг нь сонгоод хэрэглээд явах боломжтой. Дэлхийн улс орнууд Зөрчлийн хуулийг гаргахдаа сануулах арга хэмжээг бүтэн жилээр хэрэгжүүлдэг. Харин Монголд шууд хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор асар их хэмжээний санхүүгийн дарамт иргэдэд учирсан. Б.Энхбаяр гишүүний хэлсэн гудамж, талбайд халтирах материалаар хийсэн байвал торгодог болно. Мэдээж хууль хэрэгжиж эхэлснээс хойш мөрдөгдөж эхэлнэ. Өмнөх зам талбайг хэрхэх нь нийслэл мэднэ.

"ИРГЭД ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ХҮЛЭЭДЭГ БОЛЧИХСОН"

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Тоон мэдээллээс харахад Зөрчлийн хуулийн 96.3 хувь нь иргэн, 3.3 хувь нь хуулийн этгээдүүдэд хариуцлага ногдуулсан байдаг. Нийт зөрчлийн 95 хувь нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн  байдаг. Тиймээс ямар хэргийг зөрчлийн хэрэгт тооцох вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Уг хууль зөвхөн замын хөдөлгөөнд зориулсан хууль болчихоод байна. Агуулга, хэрэгжилт талаасаа ч тэр. Хуулийг бид хэрэгжүүлэх гэж гаргадаг. 2017 онд Зөрчлийн тухай хуулийг батлахдаа хуулийг хэрэгжүүлдэг этгээдийн үүрэг хариуцлагын тогтолцоог бүгдийг нь аваад Зөрчлийн хуультай нэгтгэсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд хариуцлага гэж байхгүй.

Хариуцлагын тогтолцоогоо дахиж яаж тодорхой болгох вэ. Зөрчлийн хуулиар арван удаа торгуулж, 2-3 удаа согтуугаар машин жолоодсон мөртлөө өнөөдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа асар олон жолооч байна. Хувь хүний нэр төр, нууцтай холбоотой учраас нэрийг нь зарлах боломж алга.

2020 оны байдлаар Зөрчлийн тухай хуулиар торгуулиа төлөөгүй хоёр сая гаруй зөрчил байсан. Хэрэгждэггүй, хэрэгжүүлж чаддаггүй. Явсаар байгаад иргэн, цагдаа хоёрын дундах Зөрчлийн хууль болчихоод байна.

Хоёр биеэ үгүйсгээд сүүлд нь төрийн цагдаа нь ч нэр хүндгүй иргэд ч ойшоодоггүй. Зөрчлийн хууль цагдаа, иргэн хоёрыг алалцуулдаг. Тиймээс уг хуулийг агуулгаар нь бүрэн өөрчлөх, хариуцлагын тогтолцоотой уях, зөрчлийг ангилж ялгах нь хамгийн эхэнд хийх ажил. Одоо бол бүх зүйлийг Зөрчлийн тухай хууль руу хийчхээд цагдаа, шүүх, прокурорын ачаалал дийлдэхээ больсон.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Би С.Амарсайхан гишүүнтэй санал нэг байна. Хуульд сануулах арга хэмжээг оруулж байгаа бол тогуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүү бодогдоод явдаг барууны жишгийг нэмэлтээр оруулмаар байна. Хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхой болгоогүйн улмаас торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдсан. Сүүлдээ Өршөөлийн хуульд хамруулаад буян үйлдэж байгаа юм шиг балай  утгагүй зүйл рүү орсон. Ингэвэл хууль батлах хэрэг байсан ч  юм уу.

Иргэдэд хуулийн ухамсар суулгах хэрэгтэй. Тэгэхгүй бол торгуулиа төлөхгүй явж болдог. Дөрвөн жилийн дараа Засгийн газар солигдох, эсхүл сонгууль дөхөхөөр оноо авахын тулд Өршөөлийн хуульд хамруулдаг гэх хүлээлттэй болчхоод байна.

Иргэд бүх зүйл дээр ийм л хүлээлттэй болсон. Уг хуулийн талаар ярьж байгаа гишүүд иргэдэд таалагдах гэсэн өнцгөөс нь ярьж байна. Ингээд хууль гууль болж байна. Ямар ч утга алга. Үүнээс гадна цахимаар бие биеэ доромжлох нь хэрээс хэтэрлээ. Бид нар хэдий болтол доромжлуулах юм. Эхлээд энгийн үгээр доромжилдог байсан бол сүүлдээ дээд хэлбэр рүү шилжиж байна. Хэн дуртайгаа гүтгэж доромжилдог болсон. Айж эмээх, ичиж зовох бүр баяртай болсон. Бид нар  өнөөдөр доромжлуулж болно. Гэхдээ бид нарын дараах үе бие, биеэ хэмлээд сууж байх юм уу. Хойч үеэ хүмүүжүүлэх Боловсролын хууль батлаад гоё зүйл яриад байдаг. Харин өөрсдөө цахим хаяг дээрээ өглөө, өдөргүй хэрэлдээд суудаг ард түмэн болчихжээ.

“ТОРГУУЛИА ХУГАЦААНДАА ТӨЛӨХГҮЙ БОЛ ХҮҮ БОДНО”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээ авах шинэ заалт орж ирж байна. Зарим иргэдэд сайхан сонсогдож байгааг ойлгож байна.

Юун дээр сануулах арга хэмжээ авах, авахгүй вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хуулийн төсөлд танхайн гэмт хэрэг, олон нийтийн газарт бие засах, зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглаан хийх,  үйлчилгээний газруудад тамхи татах, хүний гэрт зөвшөөрөлгүй зураг дарах, автобусанд үнэгүй зорчсон, машин барьж явахдаа утсаар ярих, цэргийн зарлан очиход ирэхгүй байх, хурд хэтрүүлсэн тохиолдолд  сануулах арга хэмжээ авна гэжээ.

Би хувьдаа эдгээрийг дэмжихгүй. Харин ч торгодог байх ёстой. Цаана нь хүний амь насны асуудал яригдаж байна. Зөрчлийн хууль гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг. Анх хууль батлахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг торгох, баривчлах гэлээ гээд иргэд ярьж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шийтгүүлэх хүмүүсийн тоо нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ үүний үр дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа санаатай үйлдэгдэх  хүн амины гэмт хэргийн тоо буурсан шүү.

Зөрчлийн тухай хууль хүний амь насыг хамгаалдаг. Энэ хуулийн үр нөлөө бий. Тиймээс танхай, дүрэм журамгүй жолооч нар хотынхоо соёлд суралцах хэрэгтэй. Хаа явсан газраа нус цэр, хогоо хаядаг байж таарахгүй. Хөдөө явж байгаа юм шиг замын хөдөлгөөнд оролцохдоо улаан гэрлээр дайрч болохгүй. Ийм  агуулгатай хуулийг сануулдаг болгох талаар яриад байгааг дэмжихгүй байна. Энэ заалтыг эргэж харах нь зүйтэй.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Хуулийн нэг заалтан дээр маш олон зөрчлүүдийг  зэрэгцүүлээд биччихсэн. Тухайлбал, гудамж талбайд бие засах, нус цэр, хогоо хаяг зэрэг бүгдийг нь нэг заалтад хамааруулсан. Уг нь бид хог хаях дээр нэг удаа сануулдаг болох гэхээр гудамж талбайд бие засахыг нь зөвшөөрмөөргүй байна. Тиймээс Б.Энхбаяр гишүүний хэлээд байгаа нь нэг талаасаа зөв. Гэхдээ сануулах арга хэмжээ бол байнгын шийтгэл биш. Зөвхөн нэг удаагийх. Үүнийг Тээврийн цагдаагийн алба бүртгэж хэрэв давтан зөрчил үйлдвэл хэн байхаас үл хамаарч торгох арга хэмжээг авна.

Цаашдаа хуулийн төслийг хэлэлцэх үеэр эргэж харах зарим заалтыг нь нийлүүлж, эсхүл хасаад явах бүрэн боломжтой. Өнөөдөр 200 гаруй тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан гэж байгаа боловч эргэн төлсөн нь маш бага. Тиймээс хуульд “Хугацаандаа торгуулиа төлсөн бол хөнгөлнө. Хэрэв төлөөгүй бол 50 хувь хүртэл нэмэгдэх” талаар тусгасан. Ингэж байж хий тавигдсан торгуулиудыг төлүүлнэ. Энэ бол наймаалцах асуудал биш. Нэгэнт зөрчил үйлдсэн бол торгуулийн мөнгө хугацаандаа орох ёстой.


Зөрчлийн тухай хуулийг 2017 оноос мөрдөж эхэлснээс хойш нийт 7.6 сая гаруй зөрчилд шийтгэл ногдуулжээ. Үүний 97 хувийг хүнд, 3 хувийг хуулийн этгээдэд хариуцлага тооцсон байна. Нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалж шалган шийдвэрлэсэн бөгөөд жилд дундаар хоёр сая орчим зөрчил бүртгэгдэж байна. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүр Зөрчлийн тухай хуулиар ямар нэгэн байдлаар торгуулж шийтгүүлж байна гэдгийг ч салбарын сайд Х.Нямбаатар  онцолсон удаатай.

Тэгвэл өнөөдөр /2022.04.05/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Хуульд дараах өөрчлөлтүүд орно. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг биед халдсан” тохиолдолд баривчилж бусад тохиолдолд албадан сургалтад хамруулах, сануулах байдлаар өнгөрөх нь. Одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт хэт ерөнхий байгаа нь алдаа болж баривчлах, торгох байдал хавтгайрсны нэг нь Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил гэнэ. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж буй Зөрчлийн тухай хуулиар нийт 10 зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж байна. Өнгөрсөн хугацаанд Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл авсан хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийн шалтгаан эзэлжээ.

Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерөнхий зүйл заалтуудаар торгууль ногдуулдаг хэсгийг хасчээ. Жишээ нь, аж ахуйн нэгж байгууллагууд хугацаандаа тайлангаа ирүүлэхгүй байх, талбай дээр жагсаал цуглаан хийх, гэр бүлийн зөрчил зэрэг. Харин санхүүгийн гэмт хэрэг, байгаль экологийн эсрэг гэмт хэрэг, боловсролын бизнес болгох зэрэг зөрчилд хариуцлагыг чангаруулах юм байна.  

Мөн их дээд сургуулиудын бакалаврын диплом олголтыг хуулийн хүрээнд чангаруулахаар болжээ. Тодруулбал, Дээд боловсролын тухай хууль зөрчих гэсэн бүлэгт зааснаар хууль тогтоомжид заасан багц цаг, эсхүл сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангаагүй хүнийг элсүүлсэн, төгсгөсөн бол хохирлыг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж