УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт чуулганы индэр дээрээс иргэдэд хандан хэмнэлтийн горим руу шилжихийг уриалсан. Тэрбээр “Засгийн газар бүхнийг чадагч бурхан, тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Ийм учраас нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг бодитоор ойлгох хэрэгтэй байна” гэдгийг онцолсон. Иймээс иргэдийн хэмнэлтийн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Эдийн засагч Б.МӨНХСОЁЛ:
-Иргэд яагаад бухимдаад байгааг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Төсвийн тухай хууль батлагдах бүрт эдийн засагчид анхааруулдаг, сануулдаг. Өнөөдрийн хувьд цар тахал болон, хөрш орны дайны зөрчилдөөн эдийн засгийн сөрөг нөлөөллийг бий болгох шинжтэй байна. Хоёрдугаарт, инфляцийн өсөлтийг тодорхой таамаглах боломжгүйг Монголбанкныхан хэлж байгаа. Түүнээс гадна Монгол Улс эдийн засгийн хувьд бусад хөгжсөн орнуудтай харьцуулахад эмзэг. Яагаад гэвэл уул эдийн засаг уурхайгаас хамааралтай, төрөлжөөгүй байна. Иймд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой байдаг. Тухайлбал, тухайн жилийн Төсвийн тухай хууль батлагдахаас өмнө нэн даруй шаардлагатай зүйлсэд томоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Тиймээс ажлын байр нэмэхгүй үхмэл барилга болгохын оронд бизнесээ дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд анхааръя гэдгийг удаа дараа хэлсэн.
Мэдээж давагдашгүй хүчин зүйлс бий. Гэхдээ янз бүрийн хувилбарыг дэвшүүлэх боломж байсан. 2022 оны улсын төсөв батлагдахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үлдээгээд бусдыг нь хойшлуулъя гэдэг асуудал яригдаагүй. Тэгэхээр төсвийн тодотгол хийгээд дээрх асуудлыг эргэж харж болно.
ЭНГИЙН ИРГЭДИЙН ХУВЬД ШАР, БОР ХОНОГИЙГ ХЭМНЭЛТИЙН БАЙДАЛТАЙ ӨНГӨРӨӨЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Хэмнэлтийг дарга нар өөрсдөөсөө эхлэх ёстой. Үрэлгэн зардлыг хумиж, төсвөө эргэж хар. Гэхдээ эдийн засгийг доройтуулахгүй байлгах боломж байсан. Түүхий эдийн буюу манайхаас экспортолдог эрдэс баялгийн үнэ зах зээл дээр өндөр үнэтэй байна. Хамгийн ойрхон зах зээл бол БНХАУ. Гэтэл төмөр замаа барьж чадахгүй, боомтоо ажиллуулж чадахгүйгээс эдийн засаг доройтлоо.
Энэ асуудалд дүгнэлт хийх ёстой. Энгийн иргэдийн хувьд ямар юмны хэмнэлт байх вэ дээ. Шар, бор хоногийг хэмнэлтийн байдалтай өнгөрөөж байна. Ямар нэгэн тансаг хэрэглээ алга байна. Ам.доллар 3300 төгрөг хүрчихлээ. Юань 500 төгрөг хүрч, шатахууны үнэ 3000 төгрөг гарчихсан байхад ямар юмны тансаг хэрэглээ байх вэ. Цагаан сарын өмнө тэтгэврийг 500 мянга болголоо. Гэтэл дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсч, албан ёсны инфляци 15 хувьтай байна. Гэсэн мөртлөө юмны үнэ 40-50 хувь, зарим газар 60 хувь нэмэгдчихсэн байдалтай байна. Нөгөө талаар иргэдийн цалин хаана ч хүрэхгүй байна. Инфляци нэмэгдэж байхад наад зах нь цалинг 30 хувь нэмэхгүй бол төрийн албан хаагч, багш, эмч нар амьдрахад бэрх байна. Хувийн хэвшлийнхнийг татвараар дарамтламааргүй байна. Хүмүүсийн ажил хийх боломжийг бүрдүүлэх, цалинг нь бодитой олгохын тулд НДШ, орлогын албан татварыг аж ахуй нэгжүүдээс арай бага авдаг болохгүй бол ажил олгогчид ажлын байраа хадгалахад хэцүү байна.
ТӨСВИЙН БОДЛОГУУД ДЭЭР ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА. ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ОРНО
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Төсвийн бодлогууд дээр тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Хэмнэлтийн горимд орно. Нөөцөө хамгаалах бодлого руу шилжинэ. Монголбанк хуралдаж мөнгөний бодлогын хүүг нэмсэн. Өөрөөр хэлбэл, бид инфляцийг зорилтот түвшин рүү бууруулах мөн валютын ханшаар дамжин орж ирэх гадаад валютын нөөцийн дарамт, төлбөрийн тэнцлийн тооцоолоогүй алдагдал руу аваачихаас урьдчилан сэргийлэхээр ийм арга хэмжээ авсан. Энэ нь төсөвт шууд нөлөөлнө. Төсвийн урсгал зардлыг тусад нь харах ёстой. Өөрөөр хэлбэл, төсвийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх ёстой. Эдийн засгийн тодорхойгүй байдлууд үүсч, бараа таваарын түгжрэл, тээвэр ложистикийн хүндрэл их гарч байгаа. Гэхдээ одоохондоо төсвийн тодотгол хийнэ гэж ярихад эрт байна. Хуулиараа нөхцөл бүрдэх ёстой. Эдийн засгийн том зураглалаараа хөрөнгө оруулалт тал дээр хэмнэлт гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байгаа.
Холбоотой мэдээ