Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Өвөлд бэлэн үү?

Энэ удаагийнхааа “Өвөлд бэлэн үү” буландаа аймгуудын Засаг дарга нарыг оролцуулж байна. Аймаг бүр өөрийн гэсэн онцлогтойн дээр өнгөрсөн өвлийн цас, зундны гашуун түүх мартагтаагүй байгаа тул өвс хадлангаа базаахад ихээхэн анхаарч байгаа ажээ.

Булган аймгаас өвс авахаар гэрээ хийсэн

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа:

-Энэ жил ма­най аймгийн ху­вьд зуншлага харь­цангуй сайхан бай­лаа. Бороо хур орж, ногоо эрт гарсан. Гэвч өвс хадланг хангайн аймгуудтай адил нутгаасаа бэлтгэх боломжгүй. Тиймээс Булган аймгийн Баяннуур сумаас өвс авахаар гэрээ байгуулсан. Холын аймгаас өвс хадлан авч болох боловч тээврийн зардал өндөр гардаг нь хүндрэлтэй. Гэхдээ бид гараа хумхиад суухгүй. Говьд ургадаг ургамлаа ашиглан малын тэжээл бэлтгэж байна. Аймаг өнгөрсөн оны тооллогоор нэг сая 750 мянган мал тоолуулсан ч өвлийн хатуу хахир цагт 450 орчим  мянган малаа алдсан. Тиймээс энэ жил эрвийх, дэрвийхээрээ л хичээж байгаа.

-Даланзадгадын дулааны цахилгаан станц байнга эвдэрч гэмтэж байдаг. Түүнээс болж Даланзадгадынхан зарим үед гэрэл цахилгаангүй харанхуй суухад хүрдэг төдийгүй дүн өвлөөр халаалт дулаан тасалдах нь бий. Энэ байдал ирэх өвөл засрах нь уу?

-Даланзадгадын дулааны цахилгаан станц бол төрийн өмчит компани. Орон нутгийн харъяалалгүй боловч бид уг станцыг шинэчлэх, сайжруулахад анхаарсаар ирсэн. Улсын төсвийн хөрөнгөөр засвар хийсэн. Бид ч уг станцыг өргөтгөж, гурван мгВт-ын өргөтгөл хийхээр төсөл боловсруулж холбогдох газруудад санал хүргүүлээд байгаа. Өргөтгөлийн ажлын өртөг 3,9 сая ам.доллар болох юм. Энэ өргөтгөлийг хийж чадвал Даланзадгадынхан айлтгүй өвөлжих боломж бүрдэнэ.

-Өмнөговь аймгийн сумд эрчим хүчний хангамж сайтай. Одоогоор байнгын цахилгаанд холбогдоогүй хичнээн сум байгаа вэ?

-Манай аймгийн зургаан сум урд хөршөөөс импортоор авдаг цахилгаан эрчим хүчинд холбогдсон. Мөн дөрвөн сум төвлөрсөн шугамд холбогдоод байна. Байнгын эх үүсвэргүй гурван сум бий. Эдгээр сумдыг эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгох талаар ярьж буй зүйл бий. Энэ жилдээ хараахан амжихгүй ч ирэх онд байнгын эрчим хүчтэй болчих боломжтой.

Гурван сумын нутагт бороо орсонгүй

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Өчигдөр ав­сан мэ­дээгээр ма­най аймгийн өвөл­жилтийн бэлтгэл 73-74 хувьтай байна. Хад­лан тэжээл бэлт­гэх ажлыг сум орон нутагт өрнүүлж байгаа. Айм­гийн Эрдэнэцагаан, Дарь­ганга, Наран сумын ну­тагт бороо хур тун бага орсноос гандуу байна. Бусад сумд өвс хад­лангаа өөрсдөө бэлт­гэнэ. Аймаг 1,8 сая толгой малтай. Ноднин жилийн хувьд малаа таван төрөл дээр нь өсгөсөн ганц аймаг нь манайх. Тийм болохоор тэр амжилтаа алдахгүйн төлөө хичээж байна. Есдүгээр сарын 25-нд  “Сүхбаатар экспо-2010” үзэсгэлэн яармагийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жил манай аймаг цөм сүргийнхээ тоог нэмэгдүүлж, Эрдэнэцагааны илүү нугаламтай хуц худалдаж аваад байгаа. 500 залуу хуцаар цөм сүрэг маань бүл нэмээд байна. Экспо үзэсгэлэнгийн үеэр цөм сүргийн болон шилмэл омгийн малын худалдаа болно. Манай аймгийн хувьд үр тариа тарьдаггүй. Төмс, хүнсний ногоог иргэд өөрсдийн хэрэгцээндээ тохируулан тарьсан.

Ургацынхаа 20 орчим хувийг алдаад байна
 
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат:

-Аймгийн хэм­жээнд нийт 143 мян­ган га-д тариалалт хийсний 128 мянган га нь улаанбуудай юм. Одоогийн байдлаар тариан талбайн 20 орчим хувь нь  халуун нар, ган, бороо ус, мөндөрт нэрвэгдэж, ургац алдахад хүрсэн. Сүүлийн хэдэн өдөр борооноос болж, ажил цалгардаж байна. Манай энд хоёр хоногийн турш бороо үргэлжлэн орлоо. Аймгийн хэмжээнд 500 орчим аж ахуй нэгж, иргэд газар тариалан эрхэлдэг. Эдгээр хүмүүс өөрсдийн зүгээс техник хэрэгсэл болоод бэлтгэлээ бүрэн базаасан. Яг одоогоор тариа хурааж эхэлсэн газар байхгүй. Бороо намжсаны дараа 2-3 хоног үр тариагаа сэврээдэг. Тэгэхээр долоо хоногоос нааш тариа хураалт эхлэхгүй. Хадлангийн хувьд төлөвлөсөн 140 мянган тонноо бэлтгэх бүрэн боломжтой. Аймаг өөрөө 1,5 сая толгой малтай. Гэтэл Увс, Ховд, Завхан зэрэг алсын аймгуудаас олон тооны мал орж ирэх болсон. Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн бүс нутаг гэдгийг хэн бүхэн сайн мэднэ. Гэтэл олон мянган мал нэмж орж ирээд байхаар тариаланчид, малчдын хооронд зөрчилдөөн их гарах болсон. Манай аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс болгох шийдвэрийг гаргаж өгөөч гэж төр засгийнханд олонтаа хүсэлт гаргаж байна. Харамсалтай нь өнөөг хүртэл шийдээгүй л байна. Үгүйдээ газар тариалангийн бүсэд суурьшин нутаглаж буй малын татвар авдаг болмоор байгаа юм. Эс тэгвээс Сэлэнгэд тариа тарих уу үгүй юү гэдгийг ч хөндөн тавьж буй тариаланч олон байна. Аймгийн нутаг дэвсгэр 700 мянган малын бэлчээрийн даацтай. Гэтэл өөрийн аймгийн малчдын мал 1,5 сая болоод байхад өөр аймгийн нутгаас мал нэмж орж ирсээр байгаа нь хамгийн хүндрэлтэй асуудал болоод байна.

Ургац хураалт 25-наас эхэлнэ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат:

-Манай аймгийн хувьд өвлийн бэлтгэлийг эртнээс базааж эхэлсэн. Одоогийн байдлаар ургац хураалт хараахан эхлээгүй байна. Наймдугаар сарын 25-наас ургацаа хурааж эхлэхээр төлөвлөөд байгаа. Аймгийн хэмжээнд 6700 га-д улаан буудай, 4000 орчим га-д тосны ургамал тариалсан. Га-гаас 12 орчим центнер улаан буудай, дөрвөн центнер тосны ургамал хураан авчих болов уу гэсэн найдлага бий. Төмс 700 га-д, хүнсний ногоо 670 га-д тарьсан. Төмс, хүнсний ногооны ургалт сайн байна. Энэ жилийн хувьд манай аймагт зуншлага сайхан байсан учир урьд жилүүдэд бэлтгэж байсан 65 мянган тонн өвсөө хадаж авах бүрэн боломжтой. Ойрын өдрүүдэд бороо ороод хадлан авахуулахгүй байна. Манай аймаг 390 мянган толгой малтай. Харьцангуй цөөн малтай болохоор  хадлан тэжээл бэлтгэх  төсөв өгдөггүй. Тиймээс өөрсдийн хүчээр өвс тэжээлээ бэлтгэхийг малчдадаа байнга сануулж байгаа. Өвс тэжээл хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж гаргаж, малчдад тараан өгсөн. Хэдийгээр Үндсэн хуульд мал төрийн өмч хэмээн бичсэн байдаг ч малаа хорогдолгүй өсгөх нь малчдын үүрэг гэдгийг хүмүүст ойлгуулахад ихээхэн анхаарч байна.

-Дархан хотын тухайд өнтэй өвөлжих боломжтой юу. Дулаан, цахилгааны доголдолгүй өвлийг давах найдлага хэр байна. Бүх төрлийн засварын ажлын явц ямар байна вэ?

-Дархан хотын тухайд өвлийг өнтэй давах боломжтой. Одоогийн байдлаар долоон сургууль, цэцэрлэгт засвар хийгдэж байгаа. Засварын ажил наймдугаар сарын 25 гэхэд дуусна. Эрчим хүчний байгууллагын өвлийн бэлтгэл бүрэн хангагдсан. Цахилгаан станц зуухандаа засвар хийлээ. Аймгийн хувьд байнга чих халууцуулдаг байсан Шарын голын уурын зуух төрийн өмчид шилжсэн. Тус уурын зууханд 200 орчим сая төгрөгийн засвар хийсэн болохоор ирэх өвөл ажрахгүй болов уу гэж найдаж байна. Хотын зам засварын тухайд төлөвлөгөөний дагуу явж байгаа. Хөрөнгө мөнгө саатсан зүйлгүй.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж