ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн урьдчилан бичгээр тохиролцсон цагт л Украины удирдагч Зеленскийтэй уулзах боломжтой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
“Путин хэзээ ч Зеленскийтэй уулзахаас татгалзаж байгаагүй. Гэвч хэлэлцээ хийхийн тулд хоёр тал тодорхой баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Зөвхөн бодол төдий биш, цаасан дээр бичигдсэн тодорхой баримт байх шаардлагатай. Тэгж байж уулзалт болно” гэж Песков өчигдөр /2022.04.03/ Оросын "Нэгдүгээр суваг"-аар ярилцлага өгөхдөө хэлжээ.
Сүүлийн үед Турк улс Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэх мэдээлэл гарсан. Тэдний уулзалтыг зохион байгуулах нь Турк улсын хувьд тэргүүлэх чиглэл хэвээрээ байгааг тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган онцолсон. Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа тул уулзалтын тодорхой тов зарлахад хэцүү байна гэж Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин хэлжээ.
ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Алексей Ерхов өнөөдөр /2022.04.04/ “Орос, Украины хэлэлцээний явцыг хөнгөвчлөх гэсэн Туркийн хүчин чармайлтыг Москва өндрөөр үнэлж байна" гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ