Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.04.04/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулж, Засгийн газар өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гол нэрийн барааны үнийг тогтвортой байлгахад анхаарч, арга хэмжээ авахаар болсныг хэллээ. Тухайлбал, шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахаар хуулийн зохицуулалт хийхээр болжээ. Учир нь энэ удаагийн үнийн хөөрөгдөл эрэлтээс шалтгаалж, зөвхөн нийлүүлэлтээр зохицуулагддаг нөлөөлөл биш. Геополитикийн асуудал яригдаж байгаа тал ард түмний нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй байхад анхаарч үнэ тогтворжуулах санал оруулсан байна.
Б.Жавхлан сайд хэлэхдээ, одоо үүсч байгаа "шок"-уудад маш сайн анализ хийх ёстой. Нэгдүгээрт, бид нийлүүлэлтийн "шок"-нд орж болохгүй. Гэрээт татан авалтыг тогтмол хийх хэрэгтэй.
Импортлогчдын хувьд татан авах хөрөнгө мөнгө дээр асуудал үүсч байна. Мөн махны үнийг тогтвортой барих, нийлүүлэлтийг хэвийн байлгахад анхаарна. Долдугаар сарын 1-нийг хүртэл нөөцийн махыг одоо байгаа үнээр барих. Дараагийнх нь гурил, будааны үнийг тогтворжуулах бодлого барина. Энэ жилийн тариалалтаас өнгөрсөн жилийн нөөцөлсөн тариа, будааг хэрхэн хуваарилах, хүргэх зэрэг дээр анхаарна. Төрөөс боломж олгоно. Харин тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлийнхний оролцоо маш чухал. Ингэж байж улсаараа бага хохиролтой даван туулна.
Анхаарах ёстой гол зүйл бол АМНАТ. Мөн өргөн хэрэглээний барааны тухайд бүгдийг дийлэхгүй учир гол гурван зүйл дээр л анхаарал хандуулна.
Монгол Улсад зөвхөн үнийн хөөрөгдөл үүсээгүй. Тиймээс бүх зүйл дээр хяналт тавих боломжгүй. Мах, шатахуун, гурил дээр төрөөс эхний ээлжид зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтыг УИХ дээр ард түмэнд ил тод, нээлттэй ярина. Дутуу байна уу, хангалттай юу гэдгийг ард иргэдтэй ярина гэсэн үг. Засгийн газар, Сангийн яам сууж байгаад шийддэг асуудал биш. Одоогоор хуулийн нэр томьёог хэлэлцээгүй. Агуулга бол тодорхой. Зэвсэгт мөргөлдөөн, геополитикт үүсч байгаа асуудлыг хохирол багатай даван гарна.
Үүнээс гадна валютын нөөц. Сүүлийн жилүүдэд хангалттай экспорт хийж чадаагүйгээс цохилтод орж байна. Энэ богино хугацааны "шок"-нд автаж, дунд болон урт хугацааны бодлогыг гээж болохгүй.
Валютын ханшийн зөрүүний хувьд үргэлж байдаг зүйл. Төвбанк, арилжааны банк болон "Найман шарга"-ын ханш байнгын зөрүүтэй байдаг. Харин зөрүү холдсон шалтгаан эрэлт их байгааг илтгэж байна. Байдал хүндэрвэл ханш улам л зөрүүтэй болно.
Холбоотой мэдээ