Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Монголын дайсан

Эх оронч үзлийг хөхиүлэн сурталчлах үүднээс хийсэн “Баригдашгүй өшөө авагчид”-аас эхлээд “Хаврын 17 учрал” хүртэл Оросын үй олон дайн, байлдаантай кино үзэж өссөн монголчуудын залгамж шинэ үе “дэлхийн аврагч” Америкийн супер баатруудыг үзэн өсч өндийж байна. Үзсэн харсандаа үнэн сэтгэлээсээ итгэсэн нэг хэсэг маань одоо ч киноноосоо гараагүй Орос л дайрч байвал зөв гэж итгэж, бусдыг /тэр нь Монгол байна уу, хаанах байна, ер хамаагүй/ буруушаадаг. Ингэхдээ Монголыг тэд л өдий зэрэгтэй болгосон төдийгүй түүнээс өмнө балар эртний балайнууд байсан мэтээр дөвчигнөнө. Холливудын талынхан бол Оросыг юу гэх нь ойлгомжтой.

Нийтлэг нэг хэв шинж нь Монголынх бол муухай, гадаад бол гоё. Гэтэл тэднээс гадна Монголоороо гоёдог нэг хэсэг байх агаад даанч учир утгыг нь ухааралгүй муйхарлах нь муугийн жишээг нэмэхээс цаашгүй. Гэтэл бидэнд үзүүлэхээр бодит баатар, үүх түүх арвин төдийгүй домгийн сэтгэлгээнээс нь урган гарсан үй түмэн хийсвэр баатар ч бий. Холливудын супер баатар цаашаа. Америкчууд дэлхийг авардаг бол Монголын эрхий мэргэн харваач ертөнцийг аврах авай. Тэгвэл Монголын дайсан өнөөдөр хэн бэ?

ХҮЙСИЙН ДАЙН

Өдөр ба шөнө, нар хийгээд сар, жаргал болоод зовлон, дайн ба энх, эр хийгээд эмийг арга билэг хэмээн бэлгэддэг монголчууд эр нь эмтэйгээ, эм нь эртэйгээ дайсагнах нь энүүхэнд. Эхээс төрөөгүй, эцгээс хамааралгүй аятай биенээ үгүйсгэж, бултаар нь харлуулах явдал нийгмийн сүлжээнд түгээмэл. Үүнд жендерчид ч багагүй хувь нэмэр оруулах агаад гол асуудлын учир шалтгаан, гарц гаргалгаанаас илүүтэй үгүйсгэлийг л өдөөх маягтай. Үр дүнд нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүд гэх нэр томъёо газар авав. Хүйсийн тэгш харьцааг чухалчлах тусам тэрхүү харьцаа нь алдагдаад байдаг нь хачин.

ДАШМАГТАЙ ЗАРЛАСАН ДАЙН

Мартын 8, эсвэл орчин үеийн зэвсэгт хүчин бий болсон өдрөөр эр, эмээрээ талцан, өчүүхэн зүйлээр эсрэг хүйстнээ үгүйсгэх маягтай тэмдэглэх эсэх тухай жилийн жилд маргаан өрнүүлнэ. Гэтэл гуравдугаар сарын 8-нд төв талбайд “Бидэнд баярлах шалтгаан алга” хэмээн бүсгүйчүүд жагссан бөгөөд эмэгтэйчүүд хүн хөсөг болж, тэдний дээр сандайлсан “Авлигын мөнгөөр баяжих сайхан байна. Амьдрал сайхан байна” гэсэн самбар барьсан хар хослолтой залуугаар Монголын төрийг зүйрлэв. Өөрийгөө олж харсан эсэхийг мэдэхгүй ч Ерөнхийлөгч 17-нд нь бурханлиг царай гарган, буруу бүхнийг архи руу чихэв.

УИХ-ын эмэгтэй гишүүн уйлан хайлан архинаас болж гэр бүлийн нандин харилцаа хэрхэн сүйдэж буйг тайлбарлан таниулав. Ах, эгч нараа харан суусан аархуу залуучуудын холбооныхон архитай дайн зарлаж, архины хоёр жилийг хоосолжээ. Анхаарлыг өөртөө төвлөрүүлэх гэсэндээ архичдыг айлгаж, дахиад 2000 лонх архи асгахаа амлав. Тэр нь яван явсаар судалгааны ажил болж хувирсан бөгөөд бодит ажил болсон бол Монголын түүхэнд хамгийн өндөр зардалтай судалгаа болох байв. Ингэж монголчууд хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдлийн шалтгааныг архи гэж үзсэн юм. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж итгэсэн болохоор дашмагтай нь дайн зарласан билээ.

АНГИЙН ДАЙСАН

Хөх монголчуудыг улайруулахын тулд большевикүүдийн бодож олсон арга нь Монголыг Монголоор нь үгүй хийлгэх байсан. Бидний жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэж байсан анхдугаар Үндсэн хуулийн өдөр гээч мөн чанартаа бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр байв. Тэрхүү хуулиар хөрөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой, соёлтой, чадалтай, чансаатай болгоноо ангийн дайсан гэж үзэв. Дайсан гэж үзсэн учраас дарах ёстой. Өмчийг хурааж, өндөр татвар татах болов. Өмчөө хураалгасан “дайснуудад” ажил олгохоос татгалзав. Бүтээдэг, судалдаг, боловсруулдаг бүгдээ үгүйсгэв. Гуйлгачид төрд гарч, ядуучууд нэрд гарав.

ДАЙСНЫ ТАГНУУЛ

Өмчөө хураалгаж, амь зуулгагүйн дээр ажил, орлогогүй болсон “ангийн дайснууд” Оросын зааврыг үг дуугүй биелүүлдэг төрийн бусармаг шийдвэрийг эсэргүүцэх болжээ. Энэ үест япончууд Оросын зам дээр хөндөлсөж, Монголын ангийн дайснууд буюу өөрсдийг нь эсэргүүцэгч, улс үндэстнээ бодогчдыг дайсны тагнуул гэж бузар гүтгэн, аймаглан хороов. Одоо хэр нь энэ технологи үргэлжилсэн хэвээрээ төдийгүй Монголын эрх ашгийн төлөө зогсогчдыг адгийн шаар болгож, монголчуудыг ядуу байлгасаар буй “дайсны тагнуул”-уудыг гавьяатан мэт дахин дахин тахин шүтэх мэт төрд гаргасаар байна.

Ардчилсан хувьсгалаас хойших хоёрхон удаа төр барьсан нөхдийг “Америкийн тагнуул” гэдэг хэр нь үлдсэн 22 жилд төр барьсан нөхдийг өнөөгийн ядуурал, ажилгүйдэлтэй огт хамаагүй мэтээр ярьж, сонгож суудаг сонгогчид яг хэний тал вэ? Өнгөрсөн үйл явдлыг нарийн ажиглавал Монголыг "дайсны тагнуул" нэр, хоч зүүсэн нөхдүүд л өөд нь татаж ирсэн байх жишээтэй. Харин баатрууд нь бусдад дагаар орохоос эхлээд гар, хөл нь болж байсан гашуун баримтууд байж л байна.

ДАЙСАН ХУЛГАЙ

Монголчуудын үгээгүй ядуу, өвчин зовлонгоор зоологсод өнөөдөр хамгийн өнгөтэй яваа. Тэд халамжийг хавтгайруулж, боловсролыг үнэгүйдүүлж, бизнесийн шударга өрсөлдөөний эсрэг ард иргэдийн нэрийг барин эрх мэдэлд хүрдэг. Түмний төлөө гэсээр төрд гарч ирмэгцээ өөрөө л идэж уухаас өөр гавьтай хийсэн зүйлгүй. Тэдний балгаар өнөөдөр хүн өрсөлдөх чадваргүй, халамжид нугасгүй, бусдын гар харсан хөөрхийлөлтэй байдалд нийгмээрээ нэрвэгдчихлээ. Халамжийг хамгийн их ярьж, иргэд гуйлгачин, ядуу байгаад төр буруутай гэж байнга орилдог нөхөд л Монголыг алгуурхан үгүй хийх вий.

ӨШТӨН ДАЙСАН

Өрсөлдөгчөө намнаж, өөрөө цамнаж л байвал Монголын эрх ашгийг хөсөрдүүлэх энүүхэнд зүйл хийдэг арга барилтай адгийн улстөрчид Монголд бишгүй бий. Хорь орчим жил ярьсан цахилгаан станц, 10 жил гацаасан төмөр зам, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн шийдвэрийн ард хэн байсан бэ гэдгийг харвал тэдний үнэн төрх илүү тодорно. Монголыг урд хийгээд хойд хөрш бус эдгээр нөхдүүд л зөөлөн боорцог болгодог. Тэд голдуу монголчуудын айдас дээр дөрөөлөн айлгах байдлаар ашиг хонжоо хүртдэг бол тэднийг дэмжигчид нь тэрхүү айдсаас зүрхээ зогстол айдаг боловсрол нимгэн нөхдүүд байх магадлал өндөртэй. Тэдний ялалт нь Монголын уналт байх нь харамсалтай.

МОНГОЛЫН ДАЙСАН МОНГОЛ

Эцсийн бүлэгт бидний хамгийн ихээр болгоомжилдог Хятад, бидний хамгийн ихээр найр тавьдаг Орос хоёрт аль алинд нь биднийг гэсэн бодол байхгүй. АНУ ч тэдэнтэй адилхан. Хамгийн гол нь бидний төлөө аль нэг нь зогсоно гэж бид итгэдэгт асуудал байна. Нуулгүй хэлэхэд тэднээс илүүтэй бидний дайсан бид өөрсдөө болчихжээ. Монголыг Монгол хүн л аврах нь гарцаагүйтэй адил худалдаж иддэг нь бас монголчууд өөрсдөө гэдгийг бид ухаармаар юм шиг.

Дайсан хайвал гаднаас биш дотроосоо хаймаар… Өрөөлийг бус өөрийгөө өнгиймөөр. Монголчууд дайснаасаа айж явсан түүх үгүй гэдэг ч бодитоор үнэлэх цаг болсон мэт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж