Эрдэнэт: АББ групптэй хамтран хөдөлгүүр, давтамж хувиргагчийн системийг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Эрдэнэт: АББ групптэй хамтран хөдөлгүүр, давтамж хувиргагчийн системийг шинэчиллээ

Өөрөө нунтаглах хэсгийн хагас өөрөө нунтаглах тээрмийн хөтлүүр (хөдөлгүүр, давтамж хувиргагч) болон хяналт, удирдлагын системийг шинэчилсэнээр "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, эрчим хүчний болон ашиглалтын зардлыг бууруулна.

2017 оны 12 сард дэлхийн 4 тивийн 16 улсын 40 гаруй олон улсын технологийн тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж бизнес форум”-ыг "Эрдэнэт үйлдвэр" зохион байгуулсан. Энэхүү форумаас эхлэлтэй "Эрдэнэт үйлдвэр"-тэй технологийн дэвшилтэт шийдлүүдийг судлах, нэвтрүүлэх, хамтран ажиллах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт дөрвөн компани гарын үсэг зурсны нэг нь АББ байсан юм.

Уг санамж бичгийн хүрээнд технологийн тэргүүлэгч "АББ Групп" өөрийн албан ёсны дистрибьютерүүд болох "Монхорус Интернэшнл" ХХК болон "Бодит Чадал" ХХК-тай хамтран Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт 30 жил ажилласан ММС-2 тээрмийн хөдөлгүүр, трансформатор, давтамж хувиргагч болон нунтаглах процессийг сайжруулах бүрэн автоматжуулалтын системийг сольжээ.

Суурилуулах ажлыг 2022 оны нэгдүгээр сарын 21-нээс гуравдугаар сарын 19-ний хооронд амжилттай хийж гүйцэтгэн, тээрмийн туршилтыг олон хувилбараар гүйцэтгэж, залгалт зүгшрүүлэлтийг хийх явцад технологи, цахилгаан, механикийн чиглэлийн хүлээлттэй байсан үзүүлэлтүүд практикт эерэг үр дүнгээ үзүүлж эхэлсэн  байна.

"Эрдэнэт үйлдвэр", "АББ Групп" болон дистрибьютерүүд болох "Монхорус Интернэшнл" ХХК болон "Бодит чадал" ХХК-иудын олон инженер, техникийн ажилчдын ур ухаан, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулсан томоохон төсөл болсныг энд дурдах нь зүйтэй.

Төслийн үр дүнд:

  • Тогтмол хурдад эргэдэг байсан тээрмийн хөтлүүрийн системийг хувьсах хурданд эргүүлснээр нунтаглах процессийн үйл ажиллагаа сайжирч, бүтээмж нэмэгдэх,
  • Хөдөлгүүрийг давтамж хувиргагчаар удирдсанаар хурдны бүх хязгаарт тэжээх сүлжээний чадлын коэффициентийг тогтмол өндөр барьж эрчим хүчний чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, хүчдэлийн хэлбэлзлээс хамаарч хөдөлгүүр гэмтэх эрсдэлийг бууруулах, хөдөлгүүрийн хамгаалалт эрс сайжрах
  • Процессийн удирдлага уян хатан болсноор эрчим хүчний хэрэглээ, тээрмийн хуягын элэгдэл, ган бөмбөлгийн зарцуулалт, холбогдон гарах ашиглалт засвар үйлчилгээний зардал зэрэгт үлэмж хэмжээний хэмнэлт гарах юм.

Тээрмийн хөтлүүрийн системийг шинэчлэх төслийн хүрээнд "АББ Групп" нь давтамж хувирагчийн трансформатор, өдөөлтийн трансформатор, 12 лугшилттай ACS6000 төрлийн давтамж хувиргагч, тогтмол гүйдлийн сойзгүй өдөөлттэй AMZ1250 маркийн синхрон хөдөлгүүр, холбогдох автоматжуулалтын программ хангамж зэргийг нийлүүлэв.

"Энэхүү төсөл нь "АББ Групп"-ийн Монголд хэрэгжүүлж буй томоохон хэмжээний шинэчлэлийн төсөл бөгөөд "Эрдэнэт үйлдвэр"-ийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Үйлдвэрт байгаа ихэнх тоног төхөөрөмжүүд нь насжилт өндөртэй бөгөөд ил уурхайн гүн гүнзгийрч хүдрийн хатуулга нэмэгдэж, зэсийн агууламж багассан энэ цаг үед "Эрдэнэт үйлдвэр" нь тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байсан.

Иймд орчин үеийн нунтаглан тээрэмдэх үйл ажиллагааны онцлогуудыг агуулсан ухаалаг тээрмийн удирдлагын систем (дор дурдсан) ашигласнаар уурхайн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгож, зардлыг бууруулах болно" гэж "АББ Групп"-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяр мэдэгдэв.

Tээрмийн хурдыг нунтаглалтаас хамааруулан автоматаар удирдах тусгай автомат удирдлагын  систем:

  • Тээрэм доторхи хүдэр болон бөмбөлгийн уналтын өнцгийг мэдэрч тооцоолон автоматаар хурдыг өөрчлөн нунтаглалт болон хүдэр нунтаглалтын цагын ачааллыг нэмэгдүүлэх.
  • Тээрмийг зөөлөн асаах
  • Хүдрийг аажим суллах
  • Ачаатай тээрмийг хяналттайгаар зогсоох (Controlled rollback)
  • Тээрмийн доторхи ачааллын тархалтыг мэдрэх
  • Үндсэн тэжээл тасрах, хүчдлийн уналт үүсэх үед механик инерцийн хүчийг ашиглан тээрмийг зогсолтгүй ажиллуулах функц (Power  loss ride through)
  • Хүдрийн хуримтлалын хамгаалалт
  • Механик холболт, тосолгооны систем ба муфтны хяналт удирдлага, хамгаалалт
  • Тээрэм болон хөдөлгүүрийн зогсолтын геометр байрлалыг мэдрэх функцтэй байна.
  • Тээрмийн хэт ачаалыг мэдрэх функцтэй байна.
  • Тээрмийн доторхи хольц барьцалдаж хатуурсныг мэдрэх хамгаалалт (Frozen charge protection)-тай байна.
  • Тээрмийн доторхи хатуурсан хольцыг зөөллөж задлах функц (Frozen charge remover)
  • Богино хугацаанд номиналь утгаас илүү чадлаар ажиллах горим
  • Савлалтыг сааруулах (Oscillation damping)
  • Тээрэм-Хөдөлгүүрийн каскадын үйл ажиллагааг хянах (Cascade monitoring)
  • Тээрмийн засвар үйлчилгээний үед сонгосон байрлалд автоматаар зогсоох, аажуухан эргүүлэх, тээрмийг 180° эргүүлэх функцуудтай байна
  • Тээрмийн үйл ажиллагааг зайнаас хянах, засвар үйлчилгээний төлөвлөлтийг илүү оновчлох
  • Тээрэм хоосон ажиллаж буйг мэдрэх (Stand still detection) хамгаалалттай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж