НЭМЭЛТ: 20.00 ЦАГ
Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэв. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, Э.Бат-Үүл нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргалаа.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
НЭМЭЛТ: 19.25 ЦАГ
Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн шүүх хурал дуусч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.
Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НЭМЭЛТ: 17.50 ЦАГ
Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж буй шүүх хурал 10 минут завсарласны эцэст Э.Бат-Үүлд холбогдох хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ.
ШҮҮХ ХУРАЛ ТҮР ЗАВСАРЛАЛАА
НЭМЭЛТ: 17.00 цаг
Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна. Иргэний нэхэмжлэгч банкны төлөөлөгч нар тайлбараа гаргасны дараа прокурорууд дүгнэлтээ гаргах юм. Шүүх хурал түр хугацаагаар завсарлалаа.
Э.БАТ-ҮҮЛ ШҮҮХ ХУРАЛД БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ БАЙНА
НЭМЭЛТ: 12.10 ЦАГ
Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрт холбогдох шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан. Шүүх түүний хүсэлтийг хангаж, хорих 409 дүгээр ангиас авчрав. Тэрбээр шүүх хуралд ийн биечлэн оролцож байна.
Э.БАТ-ҮҮЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО
Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022.04.04/ болж байна. Хурал одоогоор түр завсарласан бөгөөд түүний өмгөөлөгчөөс мэдээллийг тодрууллаа.
Өмгөөлөгч А.ПҮРЭВДУЛАМ:
-Э.Бат-Үүл болон өмгөөлөгчдийн зүгээс нэг л хүсэлт гаргаж байна. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах. Хурлыг шударгаар явуулах ганц боломж бол нээлттэй байх. Тиймээс бид энэхүү саналаа удаа дараа уламжилсан. Шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас эхэлсэн. Ямартай ч хүсэлтийг харгалзаж, хуралдааныг нээлттэй явуулахаар болж байна. Э.Бат-Үүл 409 дүгээр ангиас цахимаар оролцсон. Гэхдээ түүний хувьд биечлэн оролцох хүсэлтэй байгааг харгалзаж, хорих ангиас авч ирэхээр боллоо. Анхан шатны шүүхээс эхлээд бидний зүгээс нэг л хүсэлт тавьсан. Харамсалтай нь, анхан шатны шүүх дээр хурал ес хоног хаалттай үргэлжилсэн. 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд дөрвөн жилийн хорих ял оноосон. Тиймээс давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдсэн. Түүний хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг албан ёсоор нээлээ гэдэг зүйл хэлээгүй. Тэгэхээр дахин ийм үйлдэл гарч болзошгүй.
Ар гэр рүүгээ явуулах захидал харилцааг одоогоор нээсэн. Гэхдээ албан ёсоор биш. Үүнд холбогдуулан нэг зүйлийг хэлэхэд Прокурорын байгууллага худал мэдээлэл гаргаж, "Э.Бат-Үүл өлсгөлөн зарлаагүй. Түүний хэвлэн нийтлэх эрхийг хаагаагүй" гэж мэдээлсэн. Энэ бол ташаа. Тэрбээр нөхцөл байдлыг өөрийн өмгөөлөгч болон ар гэрийнхнээр нь дамжуулж хэвлэлд илэрхийлж байна. Прокурорын байгууллагад тавьсан удаа дараагийн хүсэлтийг хүлээн аваагүй. Одоогийн байдлаар түр хугацаанд өлсгөлөн зарласан. Шүүх хуралдааны явцын талаар тогтмол мэдээлээд явна.
Эргэн сануулахад, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн, шийдвэрээ гаргасан. Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон.