Өмнөд Африкийн “Richards Bay Coal Terminal” тус тивийн хамгийн том түлшний экспортын боомт бөгөөд энэ жил анх удаагаа Ази руу экспортолсон нүүрсний хэмжээ нь Европруу экспортолсон нүүрсний хэмжээнээс илүү гарч байна. Үүнд Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нь нөлөөлжээ гэж “Bloomberg” агентлаг мэдээлж байна. Энэ оны эхний долоон сард Азируу ачсан ачааны хэмжээ 45 хувь нэмэгдсэн бол Европруу илгээсэн ачааны хэмжээ 41 хувиар буурсан байна гэж Энэтхэгийн Колкатад байрладаг “MJunction Services Ltd” компани мэдээлж байна. Тус компани нь Энэтхэгийн кокинг нүүрсний гурван том хэрэглэгчийн хоёр нь болох “Tata Steel Ltd”, “Steel Authority of India Ltd” компаниудын албан ёсны түнш юм.
“Энэ жил Их Британи болон Европын бусад цахилгаан станцуудад шатаалт бага байгаа болон нөөц хангалттай байгаатай холбоотойгоор Европ төдийлөн их нүүрс худалдаж авсангүй” гэж Эссенд байрладаг Германы хамгийн том эрчим хүчний түгээлтийн компани болох “RWE AG” компанийн нүүрсний худалдааны дарга Жулий Шарп ярьж байна.
Азийн нүүрсний эрэлт өсөж, Европын эрэлт буурч байгаа нь хүлэмжийн хийг багасгах засгийн газруудын зорилт болон зарим татваруудаа нэмэгдүүлж байгаатай давхцаж байна. Их Британийн нүүрсний импортын хэмжээ энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд 43 хувиар буурсан байна. Европын хамгийн том нүүрсний импортын боомт болох Роттердамын ачаа тээвэр энэ оны эхний хагаст 0.6 хувиар буурчээ.
Азийн нүүрсний зах зээлийн үнийг тогтооход хүчтэй нөлөөлдөг Австралийн Ньюкаслын нүүрсний ханш энэ оны эхнээс долоодугаар сарыг хүртэл 96.94 ам.доллар байна гэж Их Британийн Петерсфилд дэхь зах зээлийн судалгааны “HIS McCloskey” мэдэгдсэн байна. Харин “McCloskey”-гийн мэдээлж байгаагаар “Richards Bay”-гийн дундаж ханш 87.85 ам.доллар байсан байна. Хоёр боомтын ханшийн зөрүү өнгөрсөн жил 5.77 ам.доллар байсан бол энэ жил 9.09 ам.доллар болж 58 хувиар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн сарын төгсгөлийг хүртэл Ричардс Бейгээс Азийн улс орнууд нийтдээ 24 сая тонн нүүрс худалдаж авсан нь Европын худалдаж авсан хэмжээнээс бараг тав дахин их байна. Азийн орнууд зөвхөн долоодугаар сард 4.52 сая тонн нүүрс импортолж авсан нь Европын орнууд эхний долоон сард 4.84 сая тонн нүүрс худалдаж авсантай бараг дүйцэж байна.
Азийн бүсийн эдийн засгийн өсөлт хурдцаараа дэлхийн бусад бүсүүдээс илүү байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор нүүрсний эрэлт нь ойрын хугацаанд буурах төлөвгүй байна гэж Австралийн Брисбанд байрладаг “Wood Mackenzie Research Consultancy” компанийн судлаач Бренд Спалдинг ярьж байна. Энэ оны хоёрдугаар улиралын эцсийн байдлаар Хятадын эдийн засаг хэмжээгээрээ Японыг гүйцэж дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон бөгөөд тус улсын эдийн засгийг энэ жил 10.5 хувиар, ирэх жил 9.6 хувиар өсөх болно гэж Олон Улсын Валютын Сан тооцоолж байна. Түүнчлэн Энэтхэгийн эдийн засгийг энэ жил 9.4 хувиар, ирэх жил 8.4 хувиар өсөх болно гэж ОУВС мэдээлж байна.
2001-2007 оны хооронд Ази тив жилд 10 сая тонноос бага нүүрс Ричардс Бейгээс худалдаж авдаг байсан бол Европ жилд 40 гаруй сая тонн нүүрс импортолж авдаг байжээ. Өнгөрсөн жил Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ АНУ-гаас илүү гарсан бөгөөд хөгжиж буй улс орнууд дэлхийн эдийн засагт улам бүр их нөлөө үзүүлж байгаагийн тод жишээ болсон. 2009 онд Хятад 1.54 тэрбум тонн нүүрс шатаасан нь АНУ 498 сая тонн нүүрс шатааснаас бараг гурав дахин их хэмжээ юм гэж Олон Улсын Энергийн Агентлагийн ахлах эдийн засагч Фатих Бирол ярьж байна.
Т.Бадрах