Эдийн засагч Ө.Ганзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголбанкнаас төгрөгийн уналт, инфляци өсөлтийг хязгаарлахын тулд мөнгөний бодлогын хүүг есөн хувьд хүргэсэн. Бодлогын хүү өссөнөөр зээлийн хүү нэмэгдэнэ, бараа, бүтээгдэхүүний үнэ өснө, иргэдийн худалдан авах чадвар буурна. Бодлогын хүүг нэмэхээс өөр арга байна уу?
-Хаврын саруудад барилга, уул уурхай, газар тариалан зэрэг гол салбарууд маань зээл авч, бизнесийн циклээ эхлүүлдэг. Гэтэл зээл авахын өмнө ийнхүү бодлогын хүүг огцом нэмснээр арилжааны банкууд зээлийн хүүгээ 2-3 нэгж хувиар өсгөхөөс өөр аргагүй байдалд хүрч байх шиг байна. Мэдээж, энэ нь эргээд барилга, газар тариалан, худалдааны компаниуд дээр дарамт болж очно. Нэмэгдсэн эцсийн үнийг жирийн иргэд л төлнө. Өөрөөр хэлбэл, инфляцитай тэмцэх биш, харин өөгшүүлсэн зүйл болж байна.
-Арилжааны банкууд ам.долларын худалдан авалтад хязгаарлалт тогтоох болсон. Валютын нөөц буурснаар эдийн засагт ямар сөрөг нөлөө гарах вэ?
-Манай гадаад валютын нөөц сүүлийн саруудад буурч байгаа нь санаа зовоосон асуудал юм. Гэхдээ бодлогын хүүг нэмэх замаар, эсвэл валютын гүйлгээг бүрмөсөн хорих маягаар төгрөгийн ханшийг хамгаална гэдэг үр дүн муутай. Иргэдэд төгрөгт итгэх итгэл өгөхийн тулд ажиллах ёстой. Ялангуяа төгрөгийн ханш сулрах бүрт Засгийн газар болон Улсын их хурал хамаг буруугаа Монголбанкинд чихдэгээ одоо болих хэрэгтэй. УИХ-аас үр ашиггүй, үрэлгэн төсөв баталж, Засгийн газар тийм санал оруулснаар өнөөгийн байдал үүсч байна.
-ОХУ, Украины дайнаас үүдэн манай улсын эдийн засагт сөрөг нөлөөлөл ажиглагдаж эхэллээ. Үүнийг яаж хохирол багатай давах вэ. Энэ оны эдийн засгийн төлөв байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Оросоос бид үр тариа, тэсэлгээний бодис зэрэг зарим чухал түүхий эдээ авдаг. Энэ тал дээр орлуулах арга зам бодох, эсвэл Засгийн газраас эдгээр түүхий эдийг саадгүй манай талд өгөх тал дээр ОХУ-тай ярилцаж тохиролцох хэрэгтэй. Одоогийн байдлаар ямар нэг яриа хэлэлцээ хийлээ гэсэн мэдээлэл харагдахгүй байна.
-Өргөн хэрэглээний үнийн өсөлт иргэдийн нуруун дээр том ачаа болж байна. Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгөх болов уу. Ерөнхийдөө Монгол Улс хэмнэлтийн горимд шилжихээ зарлачихлаа шүү дээ?
-Төгрөгийн ханшийг сулруулбал иргэд улам ядуурна. Саяхан л манай дундаж цалин доллараар бодоход 500 гаруй ам.доллар байсан. Энэ байдлаараа удахгүй 200 ам.доллар хүрч мэдэхээр байна. Монгол Улс хэрэглээний дийлэнх барааг гадаадаас ам.доллараар авдаг, дээрээс нь махны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед иргэдийн амьдрал улам ядуурах бодитой байдал нүүрлээд байна. Бид мал аж ахуйгаа эрчимжүүлэх чиглэлээр 1990 оныг хүртэл дорвитой ажлууд хийж байсан боловч хувьчлах нэрийдлээр эргээд 1921 ондоо очсон. Хамаг сангийн аж ахуй, сүүний ферм, усжуулалтын системүүдээ тоносон. Сүүний, махны, ноосны гээд шилмэл үүдрийн үржүүлж байсан мал нь одоо эргэж эрлийзжээд, 1921 оныхоо мах сүүний гарц багатай, хагас зэрлэг маягийн мал болж хувирлаа. Тэгэхээр үе үеийн засгийн газруудын ийм суурь бодлогын алдаанаас болж махны үнэ өсч байна. Гарц алга. Нийлүүлэлт бага байна шүү дээ. Аль ч засгийн газар ийм суурь бодлогын асуудал барьж авсангүй, аргацаасаар өнөөг хүрлээ.
-Түүхий эдийн үнэ өндөр байгаа энэ цаг үед манай Засгийн газар нүүрсээ борлуулж чадахгүй нөхцөл байдалд байна. Өөрөөр хэлбэл, экспортын орлого буурчихлаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Эдийн засаг энэ онд сэргэх боломж байна уу?
-Төлбөрүүдийг нүүрсээр хийх, хүн бүр нүүрс зарах гэж урагш нь барьж гүйх зэрэг асуудал байна. Улсын хэмжээнд нэгдсэн таваарын худалдааны компани байгуулаад, олон улсын зах зээлд гаргах асуудал ярих хэрэгтэй байна. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийг бүхэлд нь нэг таваарын худалдааны компани хийвэл энэ нь олон улсын худалдааны компаниудын манай дээр хийж байгаа ашгаас хуваалцах маш том стратегийн шийдэл болохоос гадна таваараа харьцангуй өндөр үнээр борлуулах нөхцөл байдлыг бүрдүүлэх болно.
Холбоотой мэдээ