Амьдрал мэдэхгүй ардын засгийнханд өгөх зөвлөгөө!

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Амьдрал мэдэхгүй ардын засгийнханд өгөх зөвлөгөө!

Амьдрал мэдэхгүй ардын засгийнханд өгөх зөвлөгөө!

Төрийн түшээд маань ард түмнээ төлөөлж сонгогдсон ч тэдний амьдралыг мэдэхгүй, хэт хол тасарсныг сүүлийн өдрүүдэд их харах болов. Цар тахлын дараа урд хил нь хаалттай, ам.долларын ханш өсч, төгрөг суларч, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ цаг үед тавлаж байгаа мэт талхны үнэ ч мэдэхгүй, индэр дээрээс, микрофоны араас ард түмнээ өрөвдсөн улстөрчидтэй болжээ, бид.

УИХ-ын чуулганы үеэр Х.Болорчулуун гишүүн “Монголчууд хамгийн хямдхан хүнс хэрэглэдэг. Талх мянга гаруйхан төгрөгийн үнэтэй байна” хэмээн бахархалтайгаар ярив. Түүний хэлснээр бол монголчууд талх, махаа дэлхийд байхгүй хямд үнээр худалдаж авч иддэг, дэлхий дээр хамгийн тансаг амьдралтай нь монголчууд бололтой. Түүний хэлсэнчлэн талхны үнэ 1000 гаруйхан биш 2000-аас дээш үнэтэй болоод удаж буй.

Захын худалдааны төвөөр ороод харахад өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин нэмэгдсэн, иргэдийн орлого буурсныг харж болохоор. Н.Учрал гишүүний хэлснээр ард түмэн хэцүү амьдарч байгаа бөгөөд НӨАТ-ын буцаан олголтоор л гол зогоож байгаа гэх. Ийн тэдэнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Г.Зандашатар ард түмнээ хэмнэлтийн горимд шилжихийг ч үүрэгдэв.

Энэ мэтчилэнгээр улстөрчид иргэдийнхээ амьдралаас хэрхэн тасарсныг дүгнэж болохоор. Хоёр жил гаруй хугацаанд орлого нь эрс буурсан, өргөн хэрэглээний барааны үнэ сарын дотор 3.4 хувиар өссөн байхад чухам юуг нь хэмнүүлж, яаж амьдраад байгааг нь мэддэг төрийн түшээ байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. Ард түмний амьдрал хэцүү байгаа бол иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, ажлын байраа нэмэх, орлогоо нэмэгдүүлэх нь УИХ, Засгийн газрын үүрэг.

Мэдээж хоёр хөршийн явуулж буй бодлоготой холбоотойгоор хил бараг л хаалттай, хүндхэн нөхцөлд байгаа ч улс төрийн тоглолтоо илүүд үзэж, бодит хөрсөн дээр буусан бодлого хэрэгтэй байгааг хэлэх хүн олон болжээ. Харин амьдрал мэдэхгүй эрхэм түшээд маань өөрсдийнхөө зардлыг танаж, тэвчиж болох зардлуудаа хэмнэхийн оронд төсвийн тодотгол хийе хэмээн Сангийн сайдаа шахамдуулж суух.

Сангийн сайд хэмнэлтийн горимд шилжиж, тэвчиж болох зардлуудаа хэмнэх замаар эдийн засгаа хамгаална гэж буй. Тэрбээр өнгөрсөн Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Дэлхий нийт 2022 онд цар тахлыг ардаа орхиод, эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн. Монгол ч мөн адил тэгсэн.Гэсэн ч дараагийнхаа том сорилттой нүүр туллаа. Тиймээс мөнгөний бодлого, төсвийн бодлогууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ. Хэмнэлтийн горим буюу нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ. Одоогоор төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтаа царцаана гэж хэлэхэд эрт байна” гэж тодотгосон.

2022 оны төсөвт тодотгол хийж, 120 орчим тэрбум төгрөгийн үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг царцаасан байхад дахиад төсөвт тодотгол хийх нь хэр оновчтой вэ. 2022 оны төсөвт тодотгол хийхдээ Богд Зонхава, айрагны өргөө зэрэг нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцаасан.

Үүнийгээ Сангийн сайд тэвчиж болох, царцааж болох төсөл хөтөлбөрүүд байсан гэж тодотгож байсан. Төсөвт тодотгол хийгээд хагас жилийн ч хугацаа болоогүй байхад дахин тодотгол хийх санал гаргаж байгаагийн цаад санаа нь үнэхээр иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх үү, эсвэл…

Дэлхийн банк судалгаандаа, эрдэс баялгийн орлогын дийлэнх хувь нь улсын хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, цалин, тэтгэвэр зэрэг улс төрийн амлалтын хөтөлбөрүүдэд зарцуулагдсаныг дурдсан. Төсөвт тодотгол хийх гишүүдийн сонирхол сонгуульд, амласан мөрийн хөтөлбөртөө зориулсан, ирэх сонгуулиа бодсон шийдвэр болохоос өнөөгийн нөхцөл байдал, богино хугацааны эдийн засгийн зөв бодлогод чиглээгүйг ч эдийн засагчид хэлж буй.

Иргэдийн худалдан авах чадвар буурч, орлого багасч, төгрөгийн ханш суларсан нь бодит үнэн. Харин төсөвт тодотгол хийхээс илүү хэрэгцээгүй, ойрын жилүүдэд өгөөжөө өгөхгүй, сонгуулийн амлалт, улстөрчдийн дараагийн сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтуудаа танаж, төр өөрөө хэмнэлтийн горимоос эхэлбэл яасан юм бэ. Цахим үндэстэн болно гэсэн амлалт шигээ төр өөрөө нэг ширхэг цаас ч гэсэн үрэлгүй зардлаа танабал ямар бэ, эрх баригчид аа. Ард түмэн зардлаа хангалттай хэмнэж, тэвчиж байна. Харин төр өөрөө яг ямар хэмнэлт хийж, зардлуудаа танаж байна вэ гэдэг асуултыг эрхэм түшээдэд үлдээе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж