Банкууд доллар хязгаарласны улмаас эмийн үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.04-нд нийтлэгдсэн

Банкууд доллар хязгаарласны улмаас эмийн үнэ нэмэгджээ

Банкууд доллар хязгаарласны улмаас эмийн үнэ нэмэгджээ

Ам.доллар хомсдож, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор эм, эмийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирдэг компаниудад нөхцөл байдал хүндэрчээ. Сүлжээ болон томоохон эмийн сангуудад антибиотик, хүүхдийн сироп зэрэг эм тариа тасалдаж, зарим эмийн сан үнэ эрс нэмсэн байна. Жишээ нь, дархлаа сэргээх багцаас эхлээд вирусийн эсрэг эм, даралтны эм, хоолойн хүлхмэлийн үнэ багадаа хоёр дахин нэмэгджээ.

"ХАНИАДНЫ ЖОРГҮЙ ОЛГОДОГ ЭМИЙГ ШИРХЭГЭЭР АВАХ ИРГЭД ИХЭССЭН"

Баянзүрх дүүрэг, Монел болон зүүн дөрвөн замын эмийн сан.

Хүн ам хамгийн ихтэй дүүрэгт тооцогддог тус дүүргийн гурван эмийн сангаар оров. Эмчийн жоргүйгээр олгодог зарим эмийн үнийг асуухад эмийн санч "Ханиад их байгаа учраас хүмүүс витамин С, тарваган шийр, АЦЦ, витагрип зэрэг эм их авч байна. Эмийн үнэ нь багагүй нэмэгдсэн. Витамин С гэхэд 1200 төгрөгөөр худалдаалдаг байсан бол одоо 2500 төгрөг болсон. Хоолойн коплет хүлхмэл 200-350 төгрөг болж нэмэгдсэн. АЦЦ мөн л ширхэг нь 850-1050 төгрөг байсан бол одоо 1200-1350 төгрөг болсон" гэв. Тус эмийн сангууд эм, тариагаа эм ханган нийлүүлэх төвүүдээс авдаг байна.

Эмзүйч "Хүүхдийн ханиад томуугийн өвчлөл өндөр байгаа ч хүмүүс өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг жорд зааснаас багаар авдаг. Эм үнэтэй байгаа болохоор үйлчилгээ ижил үнэ хямдыг авах нь их. Таблет эмийг ихэвчлэн 2-3 хоногийн хэрэглээгээр ширхэглэж авдаг" гэж хэлсэн юм.

Баянзүрх дүүргийн 5, 13, 21 дүгээр хороонд байрлах гурван эмийн сангаар ороход эмийн санч нар ижил тайлбар өгөв. Тэд "Эмийн үнэ цаанаасаа нэмэгдэж ирж байна. Гадаад орнуудад үүссэн асуудлаас болж зарим нэр төрлийн эм хомсдож магадгүй байдалд хүрсэн. Одоогийн байдлаар хэвийн байна" гэв.

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭМИЙН САНД АНТИБИОТИК СҮҮЛИЙН ДОЛОО ХОНОГТ ХОМСДЖЭЭ

Монголчууд антибиотикийн хэт хэрэглээтэй тул заавал эмчийн жороор олгодог. Эмчийн жортой байсан ч хайгаад олдохгүй байгаа тохиолдол их байгаа аж. Зарим нэр төрлийн антибиотик тасалдаад 7-14 хоножээ. Зайлшгүй хэрэгцээтэй хүнд энэ нь урт хугацаа юм. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төвийн хэсгийн эмийн сангуудад сүүлийн долоо хоногт импортын антибиотик, хүүхдийн сироп зэрэг ирээгүй байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний төв болон эм ханган нийлүүлэх олон төв зэргэлдээ оршдог Бөмбөгөр худалдааны төвд мөн л эмийн таталт хийх бүрд үнэ нь 100-300 төгрөг нэмэгдэн ирж байгаа аж. Эмийн санч нар "Сүүлийн үед антибиотик тасалдсан нь үнэн" гэлээ.

Эмийн сангаар үйлчлүүлж байгаа хүмүүсээс асуухад “Тасалдсан эмийн талаар сайн мэдэхгүй. Вирусийн эм, хоолойн эм авахаар иртэл үнэ нь 2000-3500 төгрөг болж нэмэгдсэн байна. Хоолойн "Септолити тотал" эм дөрвөн ширхэг нь 2800 төгрөг байсан бол одоо 5200 төгрөг. Вирусийн эсрэг эм сарын өмнө ширхэг нь 1650 төгрөг байсан. Өнөөдөр 1900 төгрөг болжээ. Эмийн үнэ зогсолтгүй өсч байна” гэв.

Өндөр настнууд сарын эхэнд хөнгөлөлттэй үнээр эм авдаг. Тэд "Хөнгөлөлттэй авдаг даралтны зарим эмийн үнэ 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна гэцгээнэ. Эмийн импорт болон татан авалтад ямар асуудал үүсч байгаа, хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

ОРОСООС ИРДЭГ ЗАРИМ ЭМИЙГ ӨӨР УЛСЫНХААР ОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА

Эм хангамжийн газрын дарга Г.ЦЭЦЭНСАНАА:

-Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдал, хил гаалиас шалтгаалсан эм, эмийн бүтээгдэхүүний импортод хэд хэдэн асуудал үүсч байна. Монгол Улсад Украины 98, Оросын 277 нэр төрлийн эм бүртгэлтэй. Нийт 375 нэр төрлийн эм тус хоёр улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн тасалдах эрсдэлтэй байна. Тиймээс эрсдэлийн үнэлгээ хийсэн. Эдгээрээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 137 нэр төрлийн эм байна. Үүнээс зарим эмийг өөр улсаас орлуулах боломжтой эсэхийг ялгаж, мөн судалгаа хийсэн. Зөвхөн ОХУ, Украин гэлтгүй Европын бусад улс орноос нийлүүлдэг эмүүд ч тасалдах эрсдэлтэй байна. Орос, Украинд эмийн гол логистикийн төвүүд байрладаг болохоор бусад орны эм ч тасалдах эрсдэл үүссэн. Энд зөвхөн тээвэрлэлтээс гадна ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө шилжүүлэхэд төлбөрийн хязгаарлалт тавигдаж байгаа асуудал үүсээд байна.

Ам.долларын хязгаарлалттай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Монголбанкинд хүсэлт тавьсан. Тиймээс нэн тэргүүнд шилжүүлэх шаардлагатай гадаад гүйлгээг эрэмбэлж, Эм хангамжийн газарт ирүүлэх хүсэлт өгсний дагуу ойролцоогоор 32 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийх шаардлагатай гэсэн хүсэлт хүргүүлсэн.

Одоогийн байдлаар дотоодын зах зээл дээр хүүхдийн антибиотик сироп, хагалгааны үед хэрэглэдэг өвчин намдаах эмүүд хомсдсон гэсэн мэдээлэл байна. Монгол Улсын эмийн бүртгэлд 5000 орчим эм байдаг. Нэн шаардлагатай тасалдал үүсээд байгаа эмүүдийг ЭМЯ-ны сайдын тушаалаар импортын зохицуулалт хийх ажил зохион байгуулж байна. Мөн тээвэрлэлтийг шуурхай болгох тал дээр анхаарч өгөх саналыг ЭМЯ, УОК-д хүргүүлсэн. Хангамж тасалдуулахгүй байх асуудлын хувьд тусгай зөвшөөрөлтэй газрууд шуурхай ажиллаж байна.

"ТӨВ БАНК АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АМ.ДОЛЛАРЫН ХЯЗГААРЛАЛТАД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ"

"Монголын эм хангамжийн байгууллагын холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал А.Дарьбалаас эм ханган нийлүүлэх компаниудад ямар асуудал тулгарч байгаа талаар тодрууллаа.


-Зарим эмийн сангуудад эм тасалдах, антибиотик хомсдох эрсдэл үүсч, үнэ дээр мөн өөрчлөлт гарсан байна. Танай холбооноос энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Эмийн компаниудад эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалт дээр ам.долларын хязгаарлалт тогтоосноос болж асуудал үүсч байна. Манай компанийн тухайд холбогдох албаны хүмүүстэй байнгын харилцаатай ажилладаг. Тиймээс үүссэн асуудлыг шийдвэрлэх тал дээр санал хүсэлтээ тогтмол илэрхийлж байна. Татан авалт сүүлийн сарын хугацаанд асуудалтай байна. Анх 10 мянган ам.доллараас хэтрэхгүй гүйлгээ хийж болно гэж байгаад таван сая төгрөг болж хязгаарласан. Эм татан авахад валют зайлшгүй хэрэгтэй. Эм, эмнэлгийн хэрэгслийн компаниуд боломжит бүхий л хувилбараар ажиллаж байна. Агентлагаас ч мөн анхаарч, холбогдох хүсэлтийг гаргаад явж байна.

Эм тасалдахад ам.доллараас гадна тээвэрлэлт мөн нөлөөлж байна. Тяньжинд саатаад байгаа чингэлгүүдийн дугаарыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас ГХЯ руу өгч, яамнаас ноот бичиг урд хөрш рүү илгээсэн.

Албан бичигт "Саатаад байгаа чингэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл байгаа тул яаралтай Эрээн рүү илгээж өгнө үү" гэсэн агуулгыг тусгасан. Хятадын тал тэрхүү ноот бичгийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэхэд мөн анхаарч ажиллаж байгаа гэсэн.

-Одоо та бүхэнд тулгамдаж буй асуудлыг эхний ээлжид шийдэхэд ямар тусламж хэрэгтэй байна вэ?

-Нэн тэргүүнд Монголбанк арилжааны банкуудад хяналт тавих хэрэгтэй. Ам.долларын хязгаарлалт энэ хэвээр үргэлжилсээр байвал татан авалт хийхэд улам хүндрэлтэй болно. Арилжааны банкуудад үүсээд байгаа асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД Ч ЭМИЙН ТАСАЛДАЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Төвийн зургаан дүүргээс гадна Налайх дүүрэгт эмийн тасалдал, үнийн хөөрөгдөл үүссэн байна. Тус дүүргийн төвд байрлах эмийн сангуудад ханиад, томуугийн эм эрэлттэй байгаа төдийгүй үнэ нь мөн л 500-1500 төгрөгөөр нэмэгджээ. Эм бол онцгой бүтээгдэхүүн. Тиймдээ ч анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Хэрэв цаашид ам.доллар, хил гаалиас шалтгаалсан асуудлыг шийдвэрлэхгүй, зохицуулалт хийхгүй бол иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрнэ гэсэн үг. Хоногийн хоолны мөнгөө олоход ч хүндрэлтэй энэ үед иргэд өвдөх эрхгүй нийгэмд амьдарч байгаагаа улам мэдэрч байна.

Эмийн санд ороод, үнийг нь сонсоод, гэр рүүгээ буцаж яваа хүн олон бий. Хөнгөлөлтөөр олгодог эмүүд тасалдсанаас эмээ хайгаад олохгүй байгаа өндөр настнууд хороо, дүүрэг дамнан, эрж сурсаар байна. Тиймээс дотоодод үүссэн эм, эмийн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт болоод импортын эмийг татан авахад тулгарч буй асуудлыг холбогдох албаныхан яаралтай шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Өвдөх, үхэх эрхгүй өр зээлтэй иргэдийн амьдрал өдөр ирэх бүрд хүндэрсээр л…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж