Уг зөвлөлдөх уулзалтыг монгол талаас БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал М.Борбаатар, БНХАУ-ын талаас Ардын чөлөөлөх армийн жанжин штабын дэд дарга, хурандаа генерал Ма Сяотян нар тэргүүлэн оролцож байна.Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг зөвлөлдөх уулзалтаар 2 орны цэргийн харилцаа, хамтын ажиллагааны явц, үр дүнг хэлэлцэх, хэтийн төлөвийг тодорхойлохоос гадна бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцдог бөгөөд энэхүү арга хэмжээ нь хоёр талын цэргийн илтгэлцлийг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг чухал арга хэмжээ юм.
Хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 1993 оноос эхлэн өнөөгийн байдлаар БНХАУ-ын БХЯ-наас манай улсын Батлан хамгаалах салбарт нийтдээ 93 сая юанийн буцалтгүй тусламжыг үзүүлсэн ба 160 гаруй монголын цэргийн албан хаагч тус улсын цэргийн их дээд сургуулиудад суралцан төгсөөд байна. Өнгөрсөн 2009 онд “Энхийг сахиулагч элч-2009” хамтарсан сургуулийг БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр амжилттай зохион байгуулсан билээ.Түүнчлэн өнгөрсөн 6-р сард тус улсын БХЯ-наас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах ”энхийг сахиулагчдын нөхөн сэргээх сувилал”-ын шавыг тавьсан зэрэг үйл явдлууд нь хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн томоохон илрэл юм.
Энэ удаагийн айлчлалын явцад БНХАУ-ын төлөөлөгчид ЗХ-ний сургалтын нэгдсэн төв дээр явагдаж буй “Хааны эрэлд” олон улсын команд штабын сургуулийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ БХИС-иар зочлох юм байна.
М.Ням