Ньюс агентлаг энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АН-ЫН МАРГААНД ЦЭГ ТАВИВ
Улсын дээд шүүхийн гуравдугаар сарын 31-ны хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн. Өөрөөр хэлбэл АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр С.Эрдэнэ даргатай АН-ыг хууль ёсны хэмээн Улсын дээд шүүх үзсэн юм. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууссаныг онцлон мэдэгдсэн.
Тэрбээр "АН-ын хувьд түүхэн өдөр тохиолоо. Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа. Бид Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. Намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна. Зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана. Үл ойлголцох байдалд орж байсан нийт журмын нөхөд гишүүдээ хандаж хэлэхэд АН атгасан гар мэт нэгдэлтэй байж бүх шатны сонгуульд амжилт гаргах суурийг тавьж байна. АН-ын бүх шатны байгууллага та бүхэнд нээлттэй. Бид нэгдмэл байж улс орноо хүндрэлтэй байдлаас гаргана" гэсэн юм.
Ийнхүү хоёр тамга, хоер даргатай үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын дотоод маргаан эцэслэгдэж, Улсын дээд шүүхээс Ардчилсан намыг төлөөлж, С.Эрдэнэ нарын ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэж, дүрмийн өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзсэн юм.
Иймээс АН-д явагдаж буй хууль бус сунгаанаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа зарлалаа. Түүнтэй хамт экс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөж байсан юм.
Ж.Батсуурь нэрээ татсанаар энэхүү сунгааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон.
ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙВ
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул чанаргүй 25 зээлдэгчийн нэрс, тэдний авсан зээлийн хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн. Үүнээс хойш тус банкийг тойрсон дуулиан одоо ч намжаагүй байна. Энэ асуудлаар гуравдугаар сарын 29-нд Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. Энэхүү нээлттэй сонсголд 120 гаруй хүн оролцлоо. Тодруулбал, Сангийн яам, Хуульзүй дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон хэвлэлийн мэдээллийн 21 байгууллага, 15 банкны төлөөлөл зэрэг ирж оролцсон юм.
Энэ үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байгааг мэдээлсэн. Мөн 110 гаруй тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад төлсөн байна.
Харин АТГ-ын дарга З.Дашдаваа хэлэхдээ, нийтдээ 52 аж ахуй нэгжийн зээлийг Хөгжлийн банкнаас АТГ-рүү шилжүүлсэн. Дээрх 52 аж ахуй нэгжийн 30 зээлд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн юм. Түүнчлэн 30 аж ахуй нэгжийн зээлд тодорхой хэмжээний албан тушаалтан нөлөөлсөн байна гэдгийг тогтоосон гэв. Өөрөөр хэлбэл албан тушаалаа урвуулж, зээл авахад нөлөөлсөн нь эрүүгийн гэмт хэргийн нөхцөл бүрдчихсэн гэж үзжээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрхэмбаатарын мэдээлснээр одоогийн байдлаар хохирол биш, зээл эргэн төлүүлэх ажил хийж байгаа аж. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж буй 330 тэрбум төгрөгийн маргаан бүхий долоон зээлдэгчтэй холбоотой материал бий гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Зээлийг хоёр ангилна. 2012-2016 онд нийтдээ 1.7 их наяд төгрөгийг 2000 гаруй аж ахуй нэгжид өгсөн. Энэ үед тус банк ард түмний банк байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт оруулж хаврын чуулганаар Хөгжлийн банкинд олгох зээлийг баталдаг байсныг болиулж ТУЗ-д эрхийг нь өгсөн. Энэ хуулийг батлуулахгүй гэж би эсэргүүцээд бараагүй. Хууль батлагдсанаар Хөгжлийн банк 40 хүнд зээл олгосон. Ингээд ард түмний банк байж байгаад дарга нарын банк болсон" гэж мэдэгдсэн.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ 3.4 ХУВИАС 2.8 ХУВЬД БУУРУУЛАВ
Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын 28-ны Төсвийн байнгын хорооны хуралдааны дараа мэдээлэл хийхдээ Мөнгөний бодлого хатуурах төлөв рүү шилжлээ гэсэн. Үүнээс өмнө Монголбанк бодлогын хүүг өсгөж, есөн хувьд хүргэсэн.
Б.Жавхлан сайд хэлэхдээ, "Хүнд сорилтын цаг үеийг туулж явна. 2020 онд эдийн засгийн “цөмрөлт” амссан. 2021 онд эдийн засаг жилийн эцсээр эдийн засаг нэмэхтэй гарсан. Өнгөрсөн оны жилийн эцэст 3.4 орчим хувийн өсөлттэй гарах байх гэсэн тооцоололтой байсан ч арав, арванхоёрдугаар сард хилийн хязгаарлалт, экспортын саатал, “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалууд 45 хоног тэг зогсолт хийсэн. Одоогоор төсөөлөл өөрчлөгдөж, 2.8 хувь гэсэн тооцоотой байна. Монголбанк сүүлд хийсэн хэвлэлийн хурлаар 2.6 хувь гэж зарласан. 2021 оны хөрөнгө оруулалтад санаа зовж байсан. Жилийн эцсээр санхүүжилт 75 хувьтай гарсан. Гэсэн хэдий ч дундын дансанд нийтдээ 374 тэрбум төгрөгийг энэ оны есдүгээр сар хүртэл гүйцээж олгохоор шийдвэрлэж, дундын дансанд оруулсан. Үүнийг олгож дуусвал өнгөрсөн оны гүйцэтгэл 95 хувьтай гарна." гэж мэдэгдсэн юм.
ЦАЛИНГИЙН ӨСӨЛТ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИНФЛЯЦИЙГ ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА
Улаанбаатарт нэг ажилтны сарын дундаж цалин 1.6 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тус хорооны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хоёрдугаар сарын судалгааны дүнгээр медиан цалин дунджаар нэг сая төгрөг орчим байсан бол өмнөх улирлаас 7.6 хувиар нэмэгдсэн аж.
Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ажилчдын дийлэнх буюу 76.7 мянга нь 420 мянган төгрөг хүртэл цалин авч байна. Энэ нь 10.7 хувийг эзэлжээ. Харин 49.4 мянга нь дунджаар гурван саяас дээш төгрөгийн цалинтай байгаа нь 6.9 хувийг эзэлж байгаа юм.
Түүнчлэн төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж буй ажилтнуудын дундаж цалин 1.8 сая төгрөг буюу хамгийн өндөр дүнтэй байна.
Ийнхүү цалингийн хэмжээ өссөн ч хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг гүйцэхгүй байгааг ҮСХ-ны үнийн хэлтсийн статистикч Д.Батсүх хэлсэн. Түүний мэдээлснээр, шатахууны үнийн өсөлт, инфляцийн дарамт зэрэг нь иргэдийн амьжиргаа, өрхийн орлогод дарамт болж байна. Тус хорооны мэдээллээр, энэ оны хоёрдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөн дүнтэй байна. Ялангуяа хүнсний барааны бүлгийн үнэ 16.7 хувиар нэмэгджээ.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ЭЕШ-ИЙН ИРЦ 95 ХУВЬ БАЙВ
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.
Үүний дагуу өчигдөр /2022.04.02/ 10:00-11:40 цагийн хооронд монгол хэл бичгийн шалгалтыг орон даяар зохион байгууллаа.
Оюутан элсүүлэх журамд зааснаар энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй бол ирэх тавдугаар сарын 7-ны өдрийн шалгалтад дахин хамрагдах боломжтой. Ямар нэг байдлаар хамрагдаж чадаагүй бол Боловсролын үнэлгээний төвд хандаж бүртгүүлээд, хоёр дахь шалгалтын эрхээ нээлгэх аж. Түүнчлэн ирэх зургадугаар сарын 22-ноос 25-ны өдөр зохион байгуулах ЭЕШ-д ямар нэг байдлаар орж чадаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгч болно.
Монгол хэл бичгийн шалгалтад 37283 хүүхэд бүртгүүлсэнээс 31032 нь энэ хавар төгсөх сурагч байна. Үүний 6671 нь өмнө оны төгсөгч юм.
Холбоотой мэдээ