Гэр бүлд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эзлэх байр суурь хөдөлмөрийн хуваарийн талаарх маргаан бол магадгүй мөнхийн сэдэв байх талтай юм. Би өөрийгөө гэр бүлд эзлэх байр суурь, гэр бүлдээ гүйцэтгэж буй үүргээрээ уламжлалт нөхөр нь давамгайлсан гэр бүлийг бодвол илүү өндөр байр суурьтай нөхөртөө илүү хэрэгтэй эзэгтэй гэж итгэж явлаа. Гэтэл саяхан нөхрөөсөө мөрөөдлийн эхнэр ямар байх талаар асуусан чинь нөхөр нь бууз идмээр байна гэвэл үсэрч босоод л бууз хийж өгдөг эхнэр гэж хариулахыг сонсоод үнэхээр их цочирдлоо. Чи тэгээд намайг миний хийсэн бүхнийг зүгээр гэрийн ажилтай эмэгтэйгээр солиход харамсахгүй юу гэтэл нөхөр маань тоглоом шоглоомоор ч гэсэн тиймээ гэж хариулсан гээд бод доо. Уг нь манай нөхөр бүүр тийм ч жирийн хуучинсаг монгол эр биш л дээ. Бас ч гэж эмэгтэй хүний гэр бүлд бүүр цаашлаад нийгэмд эзлэх байр суурийг үнэлдэг хүндэтгэдэг нэгэн билээ. Гэтэл өөрийгөө түүнд хэрэгтэй хүн гэж итгэж явсан надад энэ маш сонин цочирдмоор хэрэг болсон шүү. Миний гэр бүлийнхээ төлөө ёстой хэр баргийн эр хүнээс дутахгүй зүтгэж явсан зүйл түүний хувьд үнэхээр бууз хийдэг гэрийн үйлчлэгчийн хажууд юу ч биш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг надад даан ч байж боломгүй мэт санагдана. Ер нь эрчүүд яагаад ийм амиа бодсон байдаг байна аа. Тэдний нөгөө тулга тойрсон бодолгүй алсын хараатай энэ тэр гэдэг нь хаачив аа. Гал тогоо хавиараа эргэлдэж нөхрөө тахин шүтэж амьдардаг эмэгтэйчүүд эрчүүдтэй эн зэрэгцэж амьдралын ачаа үүрэлцэж яваа эмэгтэйчүүдээс илүүтэйгээр тэдэнд хэрэгтэй байдаг гэж үү. Уучлаарай би энд хамаг бүхнээ нөхөртөө зориулсан гэрийн эзэгтэй нарийн хөдөлмөрийг амархан гэж хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ л хэрэв хүсэх юм бол би тийм сайн эзэгтэй байж чадна л даа. Миний хийдэг ажлын хажууд гэрийн ажил хийх сайн эзэгтэй байх хамаагүй амархан. Харин миний хийдгийг хийж чадах жирийн эмэгтэй тэр болгон байхгүй л гэх гэсэн юм. Тийм дээ ч би өөрөөрөө бахархаж нүүр бардам өөрийгөө эр нөхрийнхээ мөрөөдлийн хань гэж өдийг хүртэл бодож явдаг байсан юм. Манай нөхөр хүний тэгш эрхийг хүлээн зөвшөөрдөг эрэгтэй эмэгтэй хүн аль аль нь гэрийн ажил болоод гадуур ажлаа хамтарч хийх нь зөв гэж үздэг нөгөөтэйгүүр орчин үеийн гэр бүлийг илүүтэйд үздэг хүн атлаа ийм зүйл мөрөөдөж явдаг нь л хамгийн гайхалтай байгаа юм. Түүнээс жирийн уламжлалт гэр бүлийг эрхэмлэдэг,хөмөрсөн тогоон доторх монгол эр байсан бол үүнд гайхаад байх зүйл ердөө ч алга. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэгчийн үлгэр л болж байна даа. Эр хүн хэдийгээр орчин үеийг эрэгтэй эмэгтэй хүний хүйсийн тэгш эрхийг хүлээн зэвшөөрдөг дүр эсгэж байвч санааныхаа мухарт энэ дэлхийд ноёлох санаагаа хэзээ ч хэдэн зуун жил болсон ч хүүхнүүд бид бие махбодийн хувьд тэднээс дутахгүй бас дээр нь илүү зүйлгүй болсон ч байсан хэвээр л байх шинжтэй. Хүүхнүүд бид мээмгүй хүүхэд тээх умайгүй болсон үед л тэдний энэ үзэл өөрчлөгдөж магадгүй юм. Тэр хүртэл бид тогоо шанаганаасаа салах тухай ярих ч хэрэг алга. Харамсалтай ч амьдралын үнэн гэвэл тийм л байдаг юм байна. Эцэст нь та бүхнээс эрчүүдээс нэг л асуулт асууя танд сайн гэрийн эзэгтэй хэрэгтэй юу эсвэл таньтай адилхан цалин авдаг магадгүй илүү ч орлого олдог тэгээд гэрийн ажлаа яг хувааж хийдэг эхнэр хэрэгтэй юу?
Эх сурвалж: erkhembayar.blogspot.com