Монголчууд идэвхтэй гадаад, дотоод бодлоготой байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Монголчууд идэвхтэй гадаад, дотоод бодлоготой байх хэрэгтэй

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

"Д.БАЯСГАЛАН С.ЗОРИГИЙН ХӨШӨӨГ БУУЛГАЖ, 41 ДАВХАР БАРИЛГА БАРИНА ГЭСЭН"

Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-С.Зоригийн хөшөөтэй газрыг 400 мянган ам.доллараар зарсан. Газар дээр нь 21 давхар оффис үйлчилгээний барилга барихаар болсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн юм уу?

-Анх ардчилсан хувьсгал гарч, гол манлайлагч Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшил холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн улс төрийн гурван хүчин байсан. Сүүлдээ энэ гурван хөдөлгөөнөөс намууд үүсч, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшил нам, Монголын социал демократ намыг байгуулсан түүхтэй. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед гурван байр эзэмшигчээр хуваарилж байсан. Тэрний нэг нь хуучин Соёлын яамны байр буюу одоогийн арваннэгдүгээр хороололд байрлах Монголын ардчилсан холбооны байрыг Ардчилсан холбоо, Ардчилсан намын дунд эзэмшүүлсэн.

Дараа нь Монголын үндэсний дэвшил намын байр буюу С.Зоригийн хөшөөтэй байрыг Шинэ дэвшил холбоо, Монголын үндэсний дэвшил намын дунд өгсөн бол Соёлын төв өргөөний хүзүүвч байсан байрыг Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын социал демократ намын дунд өгч байсан. Одоо энэ гурван байраас Монголын ардчилсан холбооны байр өмчлөлд шилжсэн. Тухайн үед би энэ холбооны дарга байх үедээ Төрийн өмчийн хороогоор хөөцөлдөж, өмчийн тогтоол гаргаж авсан түүхтэй. Соёлын төв өргөөний хүзүүвчний байрыг тухайн үед түрээслэн, эзэмшиж байхад би тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Ардчилсан намаас Ш.Алтангэрэл, Д.Нямхүү бид гурав л төлөөлж байлаа. Тухайн үед нэлээн хөөцөлдөж, давуу эрхээр хүзүүвчний байрыг худалдаж авахаар НИТХ-ын тогтоол гаргуулж, 300 орчим сая төгрөгөөр Монголын үндэсний ардчилсан намын байр болгож байсан.

-Тэр байрыг Н.Алтанхуяг намын дарга байхдаа зарчихсан гэдэг бил үү?

-Тийм, Ардчиллын өргөө барина гээд Н.Алтанхуяг намын дарга байх үедээ тэр байрыг зарж үрээд алга болсон. Одоо хууль шүүхийн байгууллагаас шалгаж байгаа. Шинэ дэвшил холбооны намын байр буюу бидний нэрлэдгээр “Муурын байшин” түүх соёлын дурсгалтай байр. Намайг 2017 онд намын дарга болоход “Голомт”-ын Д.Баясгалан уулзаж, “Энэ байрыг худалдаж авсан. Монголын үндэсний дэвшил нам болон Шинэ дэвшил холбооныхонтой яриад, газрыг худалдаж авсан. Хотын захиргаанаас бүх бичиг баримт нь миний нэр дээр гарсан. Энэ газар дээр 41 давхар үйлчилгээний зориулалттай барилга босгох гэж байна” гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Нэгдүгээрт, энэ байр түүх соёлын дурсгалтай барилга. Хоёрдугаарт, 200 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан нам байргүй, ганц үлдсэн байр нь энэ гэдгийг хэлсэн. Жилийн дараа дахин ийм санал тавихад би зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Энэ барилга Д.Баясгалангийн эзэмшил хэвээрээ юм билээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


М.ЭНХСАЙХАН: "ШИНЭ СЭРГЭЛТ"-ЭЭР ТЭЭВЭР ЛОЖИСТИКОО СЭРГЭЭЖ ЧАДНА

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Сүүлийн гурван жил дэлхий дахинд хүнд хямрал нүүрлэж байна. Цар тахлын айдас хүйдэс дээр дайн самуун ч дэгдлээ. Дайны дараа дэлхийн улс төр, эдийн засагт том өөрчлөлт гарах шинжтэй. Үүнийг та хэрхэн харж байна?

-Дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд асар хурдтай өөрчлөгдөж байна. Үүнд том түлхэц үзүүлсэн нь цар тахал гэж хэлж болно. Удаах нь Орос улсаас Украинд өдөөсөн дайн болох байх. "Covid-19"-өөс  илүүтэй том асуудал бол дайн ба энхийн асуудал юм. Болж байгаа үйл явдлаас нэгэн зүйл ойлгогдож байгаа нь дэлхий ертөнц үнэхээр глобальчлагдаж нэгэн организм болжээ гэж хэлж болно. Цар тахлыг даван туулах, дайныг зогсоох асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтарсан ажлын үр дүн байх юм байна. Монголчууд бидний оруулах хувь нэмэр даруухан байх биз ээ. Харин хоёр том хөрш асуудалд хэрхэн хандаж байгааг ойлгох явдал чухал байх болов уу. Ялангуяа дайн ба энхийн асуудалд хөршүүд маань ялгаатай байр суурьтай байгаа.  Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын дэг журамд хөршүүд маань хэрхэн хандаж буйгаараа ялгарч байна.

1950-иад онд Орос, Хятад хамтарч ажиллахад тэднийг  нэг коммунист үзэл суртал нэгтгэж байсан. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Аль, аль нь коммунист үзэл суртлаас салсан. Хуучин сэтгэлгээний инерци хадгалагдаж байгаа ч олон олон асуудал дундаас эдийн засгийн хөгжлийн асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон байдаг. Хятадын эдийн засаг өнгөрсөн 40 жилд дунджаар 6-8 хувиар, Оросын эдийн засаг 1-2 хувиар өссөн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд Орос, Хятад орон улам бүр холдож тасарч байна гэсэн хэрэг. Энэ нь олон улсын дэг журамд хоёр орон өөр өөр байр сууринаас хандах байдлыг бий болгож байгаа юм.

-Тэгэхээр дэлхийн улс төрийн өрөг дээр Хятад хожиж, Орос хожигдож байна гэсэн үг үү?

-Тийм. Орос өнөөгийн дэлхийн дэг журмын хохирогч гэж өөрийгөө үзэж, дэлхийн дэг журмыг үндсээр нь өөрчлөхийг хүсч байгаа бол Хятад өнөөдрийн дэг журмаас хожоо гаргаж чадаж байгаа учир дэлхийн дэг журмыг өөрчлөх биш, боловсронгуй болгох ёстой гэсэн хандлагатай явж ирсэн. Хэн хоцрогдож байна тэр илүү ууртай уцаартай байх биз. Тиймдээ ч Орос талаас олон улсын дэг журмыг үл ойшоон хүчийг үзүүлэхийг хүсч байгаа. Тэр нь Украинд дайн өдөөх хэлбэрээр илэрч байгаа байх. Эдийн засгаар бус, зөвхөн цэргийн хүчээр супер гүрэн байхад хэцүү гэдгийг Путины ялагдал харуулах биз ээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу 


"ОЛИМПИЙН ХОРООНЫ ХУРЛЫГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ГЭЖ ШҮҮХЭД ХАНДАНА"

Монголын даамны холбооны ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Олимпийн хороо өчигдөр/2022.03.28/ ээлжит чуулганаа хуралдуулсан ч зарим спорт холбоодын төлөөллийг оролцуулаагүй юм. Угтаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд Монголын даамын холбоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь Ч.Бат-Эрдэнэ гэж бүртгэсэн аж. Гэвч олимпийн хорооноос “Даамын холбооны ерөнхийлөгчийн талаарх өөрчлөлт Улсын бүртгэлийн мэдээлэлд тусгагдаагүй байх бөгөөд А.Ундрааг даамын холбоог төлөөлөх эрхтэй гэж бүртгэгдсэн байна” гэх хариуг өгчээ.

-Таныг олимпийн хорооны ээлжит чуулганд оролцуулсангүй гэж байна. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Миний хувьд оролцох эсэх нь чухал биш. Хамгийн гол нь даамны холбоо. Монгол Улсын спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй олон мянган тамирчинтай холбоо л доо. Ийм холбооны төлөөлөл байхгүй болсон нь л харамсалтай. А.Ундраа гэдэг хүний нэр яригдаж буй шалтгаан нь 2018-2022 оны хооронд манай холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгээд өнгөрсөн оны сүүлд, энэ оны эхээр ажлаа хүлээлгэн өгч, манай удирдах зөвлөл хуралдаж, намайг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сүүлдээ ерөнхийлөгч болгон баталсан. Учир нь олимпийн хороон дээрх төлөөлөл нь заавал ерөнхийлөгч байдаг. Өөрөөр хэлбэл, даамын холбоог би төлөөлж байгаа юм. Гэтэл хуучин ерөнхийлөгч байсан, одоо даамын холбоонд ямар ч хамааралгүй болсон хүн гэнэт өргөдөл өгсөн гэж олимпийн хороо ярьж байна. Намайг биш даамын холбооны төлөөллийг хүлээж авсангүй. Хурлаа хийгээд бид энэ хүнээр холбоогоо төлөөлүүлнэ гээд явсан зүйлийг тоосонгүй.

-Тэгэхээр олимпийн хороо нь гишүүн холбооныхоо төлөөллийг оролцуулалгүйгээр ээлжит чуулганаа хийж байна гэсэн үг үү?

-Энэ бол олимпийн Хартийн зөрчил болж байгаа юм. Гишүүн холбооныхоо төлөөллийг оруулалгүй чуулганаа хийсэн. Олимпийн Харти болон олимпийн хорооны дүрэм зөрчигдөх гэж байна гэж бичиг явуулсан ч нэмэр болсонгүй. Миний энэ чуулганд оролцох эсэх чухал биш. А.Ундраа нь байна уу? Ч.Бат-Эрдэнэ нь байна уу? ялгаагүй. Гэхдээ хоёуланг нь түдгэлзүүлсэн нь хачирхалтай. Угтаа нэг нь хувь хүн, нэг нь даамын холбооны ерөнхийлөгч шүү дээ. Ингээд өнөөдөр даамын холбоог төлөөлөлгүй болгочихлоо. Даамын холбооны цаана олон мянган тамирчдын эрх ашиг хөндөгдөж байгаа учир манай холбоо энэ хурлыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандана. Гарцаагүй шүүхэд ялж, энэ хурал хүчингүй болох нь ойлгомжтой. Төлөөллийг тэр чигт нь байхгүй болгоно гэдэг холбоог нь байхгүй гэж үзсэн хэрэг. Холбоог хуралд оролцуулахгүй байх үндэслэл байхгүй. Дүрмийн үндэслэл байх хэрэгтэй ш дээ. Ямар ч тийм юм байхгүй. Хамааралгүй болсон хүний үгээр маргаантай гэж үзээд л А.Ундаа, Ч.Бат-Эрдэнэ хоёрын аль алийг нь түдгэлзүүлчихлээ. Энэ бол шүүх дээр очих ёстой асуудал. Шүүхэд өгнө.

-Та олимпийн хорооны үйл ажиллагааг ил тод шүүмжилдэг хүмүүсийн нэг. Аль нэг албан тушаалын сонгуульд өрсөлдөх бодол байв уу?

-Би олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлчихсэн байсан. Миний материалыг хүлээн авчихсан. Тэр надад ч гэсэн хувь нь байгаа. Олон нийтэд дэлгэж болно. Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхгүй гэсэн үү? Дотор орж үг хэлүүлэхгүй гэсэн үү? ямар нэгэн байдлаар ийм зүйл болчихлоо. Давхар би хувь хүний зүгээс шүүхэд хандаж болохоор байдал үүссэн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж