АН золтой л барын аманд орчихсонгүй!

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

АН золтой л барын аманд орчихсонгүй!

АН золтой л барын аманд орчихсонгүй!

УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш тоолбол бараг хоёр жил шахам морь унасан толгойгүй нам болсон АН-ын дотоод хэрүүлийг Улсын дээд шүүх өчигдөр эцэслэн шийдвэрлэв. Ингэснээр С.Эрдэнийн тал тамга атгах албан ёсны эрхтэй боллоо.

Өнгөрсөн хугацаанд АН тамгатай тамгагүй, бүртгэлтэй бүртгэлгүй даргатай,  хоёр талд, хоёр байшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэдний талцал намын байрнаасаа хальж, гудамжны зодоо болоод удаж байгаа билээ. Иймээс  Улсын дээд шүүхийн шийдвэр нэг талаасаа АН эргэж сэхэх, нөгөө талаасаа тэднийг ороо, жороогоороо ялгарах боломжийг олгож байгаа хэрэг.  Тэгэхээр Эрдэнийн Ардчилсан нам, Женкогийн Ардчилсан нам гэж байхгүй, албан ёсны Ардчилсан нам гэж бий гэсэн үг.  С.Эрдэнэ тамгаа аваад хуучин бууриа сахих, Х.Баттулга өөрийнхөө хүмүүсээ аваад өрх тусгаарлаж, зам мөрөө хөөх байх.

Улсын дээд шүүхийн нийт  шүүгчдийн хуралдаанаас Ардчилсан намыг төлөөлж, С.Эрдэнэ нарын ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэж, дүрмийн өөрчлөлт нь  Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж шийдвэрлэсний дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр намынхаа нийт гишүүдэд хандаж эвлэлдэн нэгдэхийг уриалжээ. Үнэндээ, өнгөрсөн хугацаанд АН хоёр байтугай хуваагдлаа. Одоо тэдний хувьд шинэ эхлэл нь шинэ эвлэрэл болж байна.

Өнгөрсөн хугацаанд Х.Баттулгатай халз үзэлцэн, АН-ыг улаан цээжээрээ хамгаалсны хувьд С.Эрдэнэ дарга үүргээ гүйцэтгэсэн. Нөгөө талдаа Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгож, АН-ыг самрах эрх мэдэл олгосныхоо үйлийн үрийн төлөөсөө төлсөн.  Өөрөө ч өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дэвшүүлсэн үйлийн үрээ эдлэж яваа”-гаа хэлсэн байдаг.

Тэрбээр “Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. Намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна. Дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана” гэдгээ амалжээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ ахиад АН-ын дарга болохгүй гэдгээ ийнхүү ил тод хэлчихлээ. Харин намаа шинэчилж, шинэ удирдагчаа шударгаар сонгох боломжийг тэр гишүүддээ олгох ёстой юм. Ингэж чадвал АН эвлэлдэн нэгдэнэ.  С.Эрдэнийн хэлдгээр АН атгасан гар мэт эв нэгдэлтэй байж чадвал шүү дээ. Үндсэндээ, АН-ынхан эрх чөлөөгөөр дутаагүй, эв нэгдлээр л дутаж байгаа.

Харин Х.Баттулга хаачих вэ. АН-ын шинэ дарга хэн байх, Х.Баттулгын дараагийн акц юу байх нь аль, аль нь улс төрийн шинэ сэдэв, анхаарал татсан асуулт байх болно.  Хувь хүнийх нь амбиц, араншинг нь бодсон ч, ард нь явж байгаа их гүрний бодлогыг харсан ч Х.Баттулга “баяртай, баярлалаа” гээд явчихдаг улстөрч биш юм.  Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэртэй зэрэгцээд улс төрийнхаа дараагийн акцийг аль хэдийнээ төлөвлөчихсөн, сценарийг нь зурчихсан суугаа ч байж мэднэ.  Учир нь, унасан бөх  ууртай, шатсан улстөрч бүр ч ууртай.  Тэр тусмаа МҮОХ болон АН гэх хоёр туулай хөөж байгаад хоосон хоцорсон хүний хувьд.

Тэрбээр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт найдаж байсан ч байх. Түүнийг тэр суудалд тавьсны хүний хувиар. Таван зуун сая төгрөгөө салхинд хийсгэсэн Х.Баттулга титэм үг тэрлээд суухгүй ч байх. Түүний төрөлх чанар нь өөрчлөгдөөгүй л бол чонотой ч хамаагүй нийлээд хоттой хонь руугаа дайрч мэднэ.

Өмнө нь, төмөр замын хэргээр шалгагдаж байхдаа С.Эрдэнийн хөлд сууж байгаад Ерөнхийлөгч болчихсоныг С.Эрдэнэ өөрөө ярьдаг. Өдгөө Хөгжлийн банк тонож идсэн асуудалд нэр холбогдонгуут АН-ын дарга болно гээд амбицлаад явчихсан шүү дээ.

АН-ын гишүүдийн хувьд нь С.Эрдэнэ таалагддаг, таалагддаггүй нь  эхний асуудал биш.  асуудал. Эхний асуудал нь АН үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдэх цаг болсон. Үгүй бол Х.Баттулгыгаа дагаж өрх тусгаарлах, өөр намд орох сонголтоо хийх биз.

С.Эрдэнэ шинэ даргаа тодруулаад, тамга тэмдгээ жинхэнээс нь гардуулаад явчихвал браво. АН ч түүнд, тэр ч АН өргүй үлдэнэ. Ийнхүү АН шинэ эхлэл дээрээ ирсэн, тэдэнд бүр цоо шинэ ардчилсан нам болох гоё боломж гарлаа.

Улсын дээд шүүхийн өчигдрийн гаргасан шийдвэр бол С.Эрдэнэ ялалт байгуулсан гэхээсээ илүү  АН золтой л барын аманд орчихсонгүй нь Монголын зол юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
263
ТэнэглэлТэнэглэл
46
ЗөвЗөв
13
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж