Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Удирдлагын баг манай улсын Ерөнхий хөгжлийн төлөв байдлын шинжилгээ (ХТБШ)-г энэ сарын 16-ны өдөр танилцуулсан. Энэхүү шинжилгээг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй гол саад, бэрхшээлийг тодорхойлох, Монгол Улсын хөгжлийн ахиц дэвшлийг хурдасгах стратегийн эн тэргүүний зорилтуудыг тодорхойлох зорилгоор хийжээ.
ХТБШ нь НҮБ-ын Удирдлагын багийн арга зүйн хэрэгсэл болохын зэрэгцээ 2023- 2027 онд НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хооронд Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ хүрээ (ТХХАХ)-г тодорхойлох суурь үндэс болох юм байна.
Тус шинжилгээг хийх явцад Монгол Улсын хөгжлийн замнал, бүтцэд хамаарах сорилт бэрхшээлийн талаар нухацтай ойлголт авах зорилгоор Монгол Улсын хөгжлийн түүхэн чиг хандлагад дүн шинжилгээ хийжээ.
Үүний зэрэгцээ Монгол Улсын хөгжилд үзүүлж буй Covid-19 цар тахлын хямралын нөлөөллийг тусгах үүднээс хамгийн сүүлийн үеийн тоо мэдээллийг ч ашигласан байна. Иймээс ХТБШ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны хүрээ (ТХХАХ)-ний удирдах зарчмуудыг тусгасан, хэнийг ч орхигдуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэгт чиглэсэн ирээдүйг харсан баримт бичиг болжээ.
“Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ 2021” тайланд мэдээлснээр, Монгол Улс сүүлийн 15 жилд татвар, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого хэлбэрээр есөн тэрбум ам.доллар төвлөрүүлсэн байна. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар гол төлөв байгалийн баялгийн орлогоо барьцаалан 8.7 тэрбум ам.долларын зээл авчээ.
Монгол Улсын Засгийн газар 2011 оноос эхлэн Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд орлогынхоо тодорхой хэсгийг хуримтлуулж эхэлсэн. Гэвч 2019 оны байдлаар дөнгөж 0.2 тэрбум ам.долларын цэвэр үлдэгдэлтэй байгаа аж.
Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан их хэмжээний зээл авч, хойч үедээ өр өвлүүлэхээр байгааг НҮБ анхааруулжээ.
НҮБ тайландаа Монгол Улс уул уурхайгаас тогтвортойгоор орлого олж эхэлсэн 2004 оноос хойш 28 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг дурдсан байна.
Дэлхийн банкны тооцооллоор Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уул уурхайн орлогын нэг ам.доллар тутмын 99 центийг нь хэрэглэж, ердөө нэг цент л хуримтлуулсан байна. Тус банкны судалгаагаар эрдэс баялгийн орлогын дийлэнх хувь улсын хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, цалин, тэтгэвэр зэрэг улс төрийн амлалтын хөтөлбөрүүдэд зарцуулагджээ. Төсвийн зардлын мэдэгдэхүйц өсөлт УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаатай ч мөн давхцаж байна.
Холбоотой мэдээ