Covid-19-өөр өвдсөн болон өвдөөд эдгэсэн хүмүүс ойр ойрхон рентген шинжилгээ өгөх болж, ачаалал ч нэмэгдсэн. Энэ талаар УХТЭ-ийн Дүрс оношилгооны тасгийн эмч, анагаах ухааны магистр Ц.Отгонтуяа мэдээлэл өглөө.
-Рентген шинжилгээнд тодорхой давтамжтай үзүүлэхийн ашигтай болоод сөрөг үр дагаврын талаар танилцуулахгүй юу?
-Дүрс оношилгоо буюу рентген шинжилгээнд хамрагдах нь өвчтөнд ямар нэгэн зовиургүй. Үе мөч, дотор эрхтний онош нь тодрохгүй байгаа өвчний үед рентгений ач тус өндөр. Гэхдээ олон удаагийн давтамжтай харуулах нь биед сөрөг нөлөө их.
Рентген туяа нь биед нэвтрэхэд эсийн түвшинд мутаци үүсгэж байгаа. Энэхүү туяа нь биед тодорхой хугацаанд хуримтлагддаг. Тиймээс цацраг туяанд давтамжтай орох нь үрд хор нь удамших магадлалтай.
Монгол Улсад цөмийн энергийн комисс гэж бий. Рентгенд ажиллаж байгаа эмч, ажилчид комиссоос гаргасан шийдвэрийн дагуу цацраг туяаны заасан хэмжээнд ажилладаг. Харин иргэдийн хувьд тэрхүү заасан хэмжээнээс 5-10 дахин бага тунд хамрагдах ёстой байдаг. Ингэснээр биед хор хуримтлагдахаас сэргийлнэ.
-Тэгвэл Covid-19-өөр өвдсөн болон бусад хүмүүс хэдий хугацааны давтамжтай рентгенд харуулах нь зөв бэ?
-Цацраг туяа хортой гэдгийг хэлсэн. Тухайлбал, хүүхдийн бие махбод өсч хөгжиж байхад эд, эсэд нөлөөлөх рентген цацрагт аль болох харуулахгүй байх нь зөв. Цацраг нь хүүхдэд тархины хавдар, цусны өвчин үүсгэх эрсдэлтэй. Тиймээс эцэг, эхчүүд туяанаас гарах эрсдэлийг тооцоолж, зөвхөн зөвшөөрлөөр хийлгэх хэрэгтэй. Хоёрдугаар төв эмнэлэгт мөн рентген оношилгоог хийдэг. 0-5 насны хүүхдэд энэ шинжилгээг хийхдээ хамгаалалт хэрэглэж, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр хийдэг байгаа. Үүнээс гадна жирэмсэн хүмүүст үзүүлэх гаж нөлөө их. Жирэмсний эхэн болон сүүлийн саруудад амь насанд эрсдэлтэй шалтгаанаас бусад тохиолдолд рентген хийдэггүй.
Харин Covid-19-өөр оношлогдсон тохиолдолд эмчийн заавраар хийх заалттай. Хэрэв шинжилгээгээр уушгины эдэд өөрчлөлт илэрвэл өвчтөний биеийн байдал, клиник шинж тэмдгээс шалтгаалж давтан шинжилгээг 5-7 хоногт хийх шаардлагатай.
Covid-19-өөр өвдсөн иргэдийн биеийн байдал хүнд болон нэн хүнд хүмүүс рентген шинжилгээний дараа шаардлагатай тохиолдолд цээжний хөндийн компьютер томографийн шинжилгээг хийлгэх ёстой. Өвдөөд эдгэсний дараа өвчтөний биеийн байдал, шинж тэмдгээс шалтгаалж эмчийн заалтаар рентгенд 1-2 сарын дараа, компьютер томографид 3-6 сарын дараа үзүүлнэ.
-Цацраг туяаны хувьд хүний биед хэр удаан хадгалагдах вэ, хор чанарын тухайд мөн тайлбарлавал.
-Хэвлийн томографи шинжилгээнд нэг удаа ороход 10 жилдээ авах цацрагийн зөвшөөрөгдөх тунг нэг удаадаа авч байна. Эсийн эргэн төлжилт гурван жилийн дараа хэвэндээ орно. Рентген шинжилгээний хувьд авч үзвэл бүсэлхийн эгч зурагны хор ялгарч гарах хугацаа 3-4 сар, бүсэлхийн хажуугийн зураг 1,5-2 сар, бүсэлхийн эгц, хажуу зураг зургаан сар байна. Харин тодосгогч бодистой шинжилгээг нэг удаа хийлгэхэд 2-3 жилд авах цацрагийн туяаг авдаг байгаа. Компьютер томографикийн тухайд мөн хүний биед нөлөөлөх тун өндөр. Тэгэхээр иргэд дур мэдэн рентген шинжилгээ хийлгэхгүй байх нь зөв.
Сайн дураар олон удаа цацраг туяа бүхий шинжилгээнд хамрагдах нь цусны цагаан бөөм багасах, үргүйдэх, чөмөгний үхжилт үүсэх, тодорхой хугацаанд хавдар үүсэх эрсдэлтэй.
Гаж нөлөөний хувьд өндөр учраас иргэд эмчид үзүүлж байж шинжилгээ өгөх хэрэгтэйг дахин анхааруулъя. Ханиад, томуу хүрсэн Covid-19-өөр өвдөн гээд шууд л рентгенд хамрагдаад байх нь сөрөг талтайг иргэд харгалзах хэрэгтэй. Тиймээс дүрст оношилгоонд зайлшгүй шалтгаанаар л хамрагдах нь зүйтэй юм.
Холбоотой мэдээ