Урин цаг наашилсан ч хотын шөнө жиндүү байлаа. Замаар дүүрэн түгжирсэн машин, гудамжаар хаа нэг тийшээ яаран алхах хүмүүс. Хотын гудамжинд амьдрал хөвөрнө. Хотын хүмүүс завгүй амьдарна. Г.Анандтай би нэгэн үзэсгэлэнгийн танхимд танилцсан юм. Намирсан үстэй тэр залуутай ярилцахыг хүссэн. Учир нь, түүний дурангаар хүмүүсийн завгүй амьдрал, хотын гудамж, хорвоо ертөнц ямар харагддаг болоо гэж. Шинэ үеийн залуусын, Г.Анандын найзуудын хамтарч гаргасан "Алдагсад" үзэсгэлэнгээр ороод гарахад л надад тийм гэхийн аргагүй өвөрмөц мэдрэмж төрсөнсөн. Гэрэл зураг, хүнд хөгжим, хөнгөн гуниг. Амьдрал яагаад хар, цагаан байдаг юм бол оо. Яг л хөгжим, зураг хоёрын хослол мэт. Бид хоёр "Black Ocean" кофе шопт ярилцахаар тохиролцсон юм. Түүнтэй уулзах гээд явж байхдаа миний харж буй бүхэн түүний харж буй бүхэн гэрэл зурагт хэрхэн буудаг нь сонирхол татсаар. Хамаг бүхэн арилавч, түүх , дурсамж, архив болж үлддэг гэрэл зураг заавал үнэн байх ёстой юу. Яагаад тэр гэрэл зурагт дурласан юм бол. Яаж яваад гэрэл зурагтай танилцсан юм бол.
2014 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн тэрбээр элсэлтийн шалгалт өгч чадаагүй учир Монгол- Солонгосын хамтарсан коллежид Хувцас дизайнерын мэргэжлийн ангийг сонгосон тухайгаа, хоёрдугаар курст байхдаа анх камер ашиглаж үзснээ, тухайн үед урлагийн үзлэг, намрын баярын зэрэг сургуулийн арга хэмжээний зургууд авдаг байснаа тэр дурсав. Кофе шопт хөгжим намуухан эгшиглэнэ. Харин үзэсгэлэнгийн хөгжим илүү тод, илүү хүнд, илүү чимээтэй байсан…
-Гэрэл зурагчнаас тэс өөр мэргэжлээр төгссөн юм байна шүү дээ. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан уу?
-2017 онд сургуулиа төгсөөд Эрдэнэт хотод ажилд орсон. Саравчтай малгай оёдог байлаа. Гэхдээ энэ миний дур сонирхол биш байсан. Би ажлаасаа таашаал авч үзээгүй ээ. Өмнө нь оюутан байхдаа зураг авдаг байлаа. Тэр мэдрэмж, тэр таашаал сэтгэл дотроос минь намайг хатгаад нэг жил ажиллаад ажлаасаа гарсан. Ажил хийж байхдаа цалингаасаа хуримтлал хийж, хамгийн анх "Canon 600D" маркийн камер авсан юм. Хувцас дизайн мэргэжилтэй учир загварын гэрэл зургууд их үздэг байсан. Тэр ч бас намайг гэрэл зураг руу урвахад минь нөлөөлсөн.
-Цалинтай оёдолчноо болиод цалингүй гэрэл зурагчин болоход ар гэрийнхэн чинь мэдээж дургүйцсан л байх?
-Ер нь дургүй байсан. Ялангуяа манай өвөө их дургүйцсэн. Манай ээж, ээжийн дүү нар бүгд оёдолчин хүмүүс. Гэхдээ би их зөрүүд. Нэг зөрүүдэлбэл, дийлж байж санаа амардаг. Тиймээс хэн юу гэж хэлсэн ч зөрүүдэлсээр байгаад ажлаасаа гарч байлаа. Тухайн үед баригдах, хашигдах зүйлгүй сайхан чөлөөтэй болсон юм шиг санагдсан. Гэхдээ ажилгүй удахаар мөнгөгүй болно. Тэгээд камераа үүрээд мөнгө олохоор шийдсэн юм. Гадуур камераа үүрээд хэдэн ч цаг хамаагүй алхдаг байсан. Таарсан бүхнийхээ зургийг авна. Ажилгүй, тэнээд явахаар олон үйл явдал, агшинтай таарна. Тэр нь их амттай, таашаалтай санагдсан.
-Одоо дахиад хэзээ ч мэргэжлээрээ ажиллахгүй юу?
-Сонирхолтой нь, би тэр мэргэжилд дургүй биш юм билээ. Одоо ч сэтгэлдээ мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг. Гэрэл зургаараа хангалттай суралцаж бэлэн болсон цагтаа мэргэжлээрээ ажиллана. Гэрэл зураг хувцас дизайн хоёр нэг зүйл шиг санагддаг даа.
-Анх ямар төрлөөр дагнаж гэрэл зураг авдаг байсан бэ. Гэрэл зургийн тань багш хэн байв?
-Анх хөрөг зураг авдаг байсан. Камераа ашиглаж мэдэхгүй, тохиргоог нь ч мэдэхгүй байсан хүн бүгдийг бие дааж сурч байлаа. Зураг яаж авахыг зааж өгөх хүн байгаагүй. Ер нь миний гэрэл зургийн багш "Youtube". Тэндээс камерын тохиргоо, зургийн санаанууд хардаг байсан. Өдөржин хотоор тэнэж, гудамжинд яваа хүмүүсийн аж байдал, дүр төрх, үйлдлийг дурандаа буулгаад явахаар их гоё өег сэтгэгдэл төрүүлдэг.
-Тэгэхээр өөрт тань хамгийн сайхан дурсамж үлдээсэн гэрэл зураг бий юу. Харах бүрт нэг тийм сайхан таашаал төрүүлсэн гэрэл зураг байдаг уу?
-Олон, олон. Гэхдээ одоо санаанд бууж буй нь "Тэнгис" кино театрын буудал дээр бохь тамхи ширхэглэж зардаг эгч өөрийнхөө ач охинтой зогсож байсан юм. Юунд ч санаа зовохгүй хамтдаа тоглож буйг харахад яагаад ч юм их сайхан санагдсан. Учир нь, тэр болгон миний мэдэрч чадахгүй бүхнийг эмээ, ач охин хоёр мэдэрч байгаа мэт. Тэр зураг ердөө нэг бохины үнэтэй. Би 50 төгрөгөөр бохь аваад, тэд над руу харж байхад нь энэ зургийг авч байсан. Удалгүй Төв номын сангийн урд тэр хоёртой дахиад таарсан. Нөгөө л нэг гоё мэдрэмжийг ахиад тэр хоёроос авсан даа.
-Одоо ямар чиглэлээр гэрэл зураг авдаг вэ?
-Баримтат, гудамжны гэрэл зураг. Ер нь бусад төрлөөр ч гэрэл зураг авдаг. Гэхдээ баримтат гудамжны гэрэл зураг миний мэдрэмж, сэтгэл хөдлөл, үнэ цэнэтэй илүү хоршиж байдаг. Дотроосоо хүсэж буй мэдрэмж нь баримтат гудамжны гэрэл зураг.
-Гудамжны гэрэл зураг студийн гэрэл зураг хоёр ялгаатай юу?
-Ялгаатай. Учир нь, студийн гэрэл зураг тавилттай, төгс зүйлийг шууд авдаггүй. Өмнө нь заавал гэрэл, модель, орчингоо бүрдүүлнэ. Авч буй зургаа илүү төгс болгохыг хичээдэг. Гэтэл гудамжинд бэлтгэсэн модель, орчин гэж байхгүй. Алхаж явахад аз тааралдах юм бол элдэв хэлбэр хийцгүй төгс зураг бэлэн байж байдаг. Гунигтай зүйлс хаа сайгүй бий. Тэдэн дотроос нэг агшин ч гэрэл зурагт аж жаргалтайгаар бууж болно. Гэхдээ мэдээж, тийм агшин байнга таардаггүй. Аз бас хэрэгтэй.
-Анх гудамжинд гэрэл зураг авахад хамгийн хүндрэлтэй нь юу байв. Хүмүүсийн дунд зураг авахад дургүйцэх явдал гардаг л байх?
-Анх аймаар айдаг байсан. Ядаж байхад "Canon 600D" татдаггүй түлхдэг камер. Өөрөө тухайн объект руу маш ойртож, дөхөж байж зураг авдаг. Тиймээс гэрэл зургийг нь санаандгүй авч буй хүнтэй харц тулгарах үед сандардаг байлаа. Сүүлдээ бүр тэрнээсээ сэтгэл хангалуун мэдрэмж авдаг болсон болохоор айхаа больсон. Хүн гайхаад өөдөөс уурлаж байсан ч эвтэйхнээр ойлгуулдаг болсон. Мэдээж, гудамжинд гэрэл зураг авах их хэцүү санагддаг. Нэг нэгнийгээ үзэн ядсан эсвэл ууртай хүмүүс зөрсөн болгон руугаа муухай хардаг. Хүмүүс нийтийн эзэмшлийн талбайд амиа хичээсэн хандлагаар ханддаг. Ямар ч шалтгаангүй хэн нэгэн рүү муухай харахаар хэнд ч эвгүй байна шүү дээ. Тэр болгонд стресстдэг. Хоёр хос нэгнийхээ духан дээр үнэсэж буй, цас орж байгааг мэдрээд тэнгэр өөд ширтэж буй гэх мэт торгон агшнууд маш ховор. Харин тийм мөчтэй таарахад бүхэл өдрийн эрч хүчийг олж авдаг даа.
-Гэрэл зурагчид өнгөний хувьд асар мэдрэмжтэй хүмүүс. Та ямар өнгөнд илүү дуртай вэ?
-Номин ногоон өнгөнд дуртай.
-Сайн зураг авахад мэдрэмж чухал уу? Сайн камер чухал уу?
-Аль, аль нь чухал. Мэдрэмж, сайн камер хоёулаа эн тэнцүү байх хэрэгтэй. Сонирхолтой, таашаалтай гэх гоё зураг авчхаад компьютертээ хуулдаг. Дараа нь сэтгэл гутарсан эсвэл амарсан үедээ гэрэл зурагнуудаа том дэлгэцээр харахаар анх удаа ном уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Хэчнээн сайн камертай ч мэдрэмжгүй байвал сайн зураг авч чадахгүй. Эсрэгээрээ хэчнээн мэдрэмжтэй байсан ч сайн камергүй бол бас хэцүү.
-Уран зургийг харах яруу найраг гэдэг. Харин та юу гэж боддог вэ?
-Мэдрэх урлаг. Хуучны баримтат зураг болгон сэтгэгдэл мэдрэмж өгүүлж байдаг. Таашаал авахаас илүү сэтгэл төрүүлдэг. Цаг хугацаагаар аялуулдаг. Миний хувьд хүний дотоод мэдрэмж сэтгэл хөдлөлөөс гарч байгаа зүйлийг урлаг гэнэ.
-Арга хэмжээний ялангуяа урлагийнхны зургийг авдаг. Яагаад?
-Хамгийн анх шинэ жилийн арга хэмжээний зураг авч байсан. Тэгээд л арга хэмжээний зураг авах болсон. Дээрээс нь би амьд хөгжимд маш их дуртай. Хэрвээ хөгжмөөс сонссон мэдрэмж, сэтгэл хөдлөлөө газар дээр нь зураг болгож буулгах ямар байх бол гэдэг нь надад сонирхолтой байсан. Тухайн дууны мэдрэмж, өгүүлэх гэж буй санаа камерын дуранд яг буудаг.
-Гэрэл зурагчин хэзээ тэтгэвэрт гардаг вэ?
-Сонирхол минь буурахгүй бол хэзээ ч тэтгэвэрт гарахгүй байх. Миний хувьд одоогийн үзэл бодол маань таван жилийн дараа яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ сэтгэл санаа үзэл бодол өөрчлөгдөхгүй, үхэхгүй бол гэрэл зургаа авсаар байна.
-Гэрэл зураг үнэн байх ёстой юу?
-Гэрэл зураг үнэн байх тусмаа илүү амттай ч түүнийг гуйвуулахад маш амархан. Юу ч болоогүй жаргалтайгаа найзыгаа дуудаж зургийг нь авчхаад түүхийг нь өөрчилж болно. Түүх нь шал өөр мөртлөө үзүүлж буй дүр байдал мэдрэмж нь миний санаатай нийцээд байдаг. Заавал үнэн бодит байх албагүй шүү дээ. Нэг гэрэл зургаас хэдэн ч үзэл санаа гарч болно.
-Монголд баримтат гэрэл зургаар амьдрах боломжтой юу?
-Хэцүү. Монголд загварын гэрэл зурагчин хамаагүй эрэлттэй мэргэжил. Гудамжны баримтат гэрэл зургийг худалдаж авах хэрэглэх хүмүүс цөөхөн. Сэтгүүлч нар ашиглаж болох юм. Ер нь баримтат тэгээд гудамжны гэрэл зурагчин болсон бол давхар өөр ажил эрхлэхгүй бол хоосон хононо гэсэн үг.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ