Та бүхэндээ технологийн салбарт өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэе.
“IPHONE 14”-ИЙН СУРАГ
“Apple” компани энэ ондоо багтаан “iPhone 14”, “14 Мax”, “14 Pro” болон “14 Pro Max” зэрэг утаснуудаа танилцуулах төлөвтэй байна. Сүүлийн үеийн мэдээллээр "iPhone 14 Pro" болон "Pro Max" нь 48 мегапикселийн өргөн камертай байх гэнэ. Мөн дэлгэцэн дээрээ хурууны хээ мэдрэх “Touch ID”-тай, бат бөх титан хайлштай их бие, шинэ дэлгэцийн хэмжээ, А16 чип, 5G холболт, Wi-Fi 6E, хүчирхэг зайтай байхаар төлөвлөгдсөн аж.
Ерөнхийдөө дөрвөн төрлийн "iPhone 14" худалдаанд гарах сурагтай байгаа бөгөөд 6.1 инч болон 6.7 инч гэсэн хоёр хэмжээтэй байна. “iPhone”-ийн мини загварын утаснуудын борлуулалт муу байгаа учир 5.4 инчтэй мини утаснууд зах зээлээс арчигдагдахад гайхах зүйлгүй.
Нэргүй эх сурвалжийн хэлснээр "iPhone 14" нь бодит сим картуудыг хэрэглээнээс хасч, "eSim" гэх шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэв. Ингэснээр бид бүхний эчнээ мэдэх симний оролт “iPhone 14”-д байхгүй ажээ. "Apple" есдүгээр сард арга хэмжээ зохион байгуулах дуртай. Тэгэхээр есдүгээр сарын дундуур "iPhone 14”-ийг танилцуулж магадгүй. Үнийн хувьд 900 ам.доллараас эхэлнэ гэж таамаглаж буй.
E3 ЦУЦЛАГДАВ
Видео тоглоом сонирхогчдын хамгийн том наадам "E3" ирэх зургадугаар сард болох хуваарьтай байсан ч цуцлагдсан болохыг нь зохион байгуулагчид мэдэгдэв. Тус наадам нь цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цуцлагдаад байсан юм.
Зохион байгуулагчдын мэдэгдэлд “E3 нь 2023 онд шинэ, сэтгэл хөдөлгөм видео тоглоомтой, салбартаа шинэчлэлийг авчрахаар эргэн ирнэ” гэжээ.
Угтаа энэхүү наадмын үеэр цоо шинэ видео тоглоомууд, тоглоомын консолууд танилцуулагдаж, дэлхий нийтийг гайхшруулдаг билээ. Гэхдээ зургадугаар сард “Summer Game Fest” болно. Олон гайхалтай видео тоглоомууд энэ наадмын үеэр танилцуулагдана гэж амлаж байгаа аж.
“NASA”-ИЙН ХАББЛ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЯВНА
Хаббл сансрын дуран манай нарнаас дор хаяж 50 дахин их масстай, хэдэн сая дахин илүү гэрэлтдэг, сансар огторгуйн гүнд оршдог одыг олж, дүрсийг нь буулгажээ. “Earendel” буюу “Өглөөний од” гэж нэрлэгдсэн энэ од нь хүн төрөлхтний харж чадсан хамгийн хол зайд оршиж буй, хамгийн эртний ганц од аж.
Сансар огторгуй одоогийн насныхаа дөнгөж долоон хувьтай байх үед энэ од үүссэн бөгөөд дэлхийгээс 28 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж байна. Жон Хопкинсийн их сургуулийн одон орон судлаач Брайан Велч “Өглөөний од нь бидний мэдэхгүй орчлон ертөнцийг судлах эрийн үеийн цонх байх болно” гэжээ.
Манай нар дэлхийгээс 109 дахин том диамерттэй бол “Earendel” нь нарнаас 50-500 дахин том гэнэ.
Дашрамд дурдахад, Орос улс 2030 он хүртэл сансрын станцаа өргөтгөх ажлаа эхлүүлсэн гэж "NASA" мэдээлэв.
СУПЕР КОМПЬЮТЕР СУДЛААЧ ТЬЮРИНГИЙН ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ
Жек Донгаррагийн зохион бүтээсэн программ хангамж супер компьютерүүдийн чадавхийг нэмэгдүүлж, шинэ боломжуудыг нээсэн гэнэ. Энэхүү бүтээлээрээ тэрбээр 2021 оны Тьюрингийн шагналыг хүртжээ.
Тооцоолох машин, механизмын холбооны мэдэгдэлд “Жек Донгарра нь том өгөгдлийн аналитик, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, цаг агаар, геномик, эдийн засаг зэрэг салбарын эрдэмтэд, инженерүүдэд тус болсон том нээлт хийн, тоглоомын дүрмийг өөрчилсөн инновацыг бий болгох үндэс суурийг тавилаа” гэжээ.
Тьюрингийн шагналыг компьютерийн салбарын Нобел гэдэг бөгөөд энэхүү шагналыг эзнийг “Google”-ээс нэг сая ам.доллараар шагнадаг.
“FACEBOOK”-ИЙН АЛДАА ИЛРЭВ
Таны “Facebook” дээр сүүлийн зургаан сарын хугацаанд аллага, хүчирхийлэл, садар самуун зураг, бичлэг автоматаар харагдаж байсан бол энэ нь алдаа байсан аж. Тус компанийн инженерүүд саяхан энэхүү алдааг олсон гэнэ. Энэхүү алдаа нь анх 2019 онд гарсан боловч 2021 оны аравдугаар сар хүртэл мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байжээ. "Мета”-ийн хэвлэлийн төлөөлөгч Жо Осборн ярихдаа “Бид үндсэн шалтгааныг програм хангамжаасаа хайж, шаардлагатай засваруудыг хийсэн” гэжээ.
“Facebook”-ийн зүгээс Украин-Оросын асуудал дээр нухацтай хандаж байгаа бөгөөд бусдыг дайнд уриалсан өдөөн хатгасан контентуудыг хязгаарлаж, хяналт тавьж байгаа аж. Дээрх алдааны улмаас дайны талаарх контентуудыг бүрэн хязгаарлаж чадаагүй байжээ.
Холбоотой мэдээ