Сурвалжлага: Худалдааны төвүүдэд iPhone утас тасраагүй

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Худалдааны төвүүдэд iPhone утас тасраагүй

Сурвалжлага: Худалдааны төвүүдэд  iPhone утас тасраагүй

 “Монтель”, “Тэди” төвүүд бусад газруудтай харьцуулахад олны хөл ихтэй байлаа. Тус худалдааны төвүүдэд гар утасны эрэлт, нэн ялангуяа iPhone гар утас тасарсан эсэхийг сурвалжилсан юм. Учир нь,  хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хойд хөршид импортын бараа хүртэл хязгаартай боллоо. Эсрэгээрээ бид Тэди төвд iPhone байхгүй болтол худалдан авлаа гэж ярьж байгаа юм. Эндээс л хойшоо зараад байх шиг байна” гэж хэлсэн.

Бодит байдал дээр  гар утасны томоохон зах худалдааны төвүүдэд iPhone гар утасны хомсдолд орж иргэд нь бөөндөж аваад хойд хөрш рүү зөөсөн тогтооход хэцүү. Ямартай ч худалдааны төвүүдэд гар утас хомсдоогүй болохыг ченжүүд хэлсэн юм.

ХЯМД ҮНЭ БАТАЛГААГҮЙ УТАС

Төв талбайн зэрэгцээ байрлах “Монтель” гар утасны худалдааны төв нь  хулганы нүх шиг олон жижиг газартай.  Тэд лангууны худалдаачидтай харьцуулахад илүү хямд үнийг  санал болгодог. Гэхдээ найдваргүй, учир нь хуучин утас зардаг. Гаднаас нь харахад хүн анзаарахааргүй, хэсэг залуус нарлаж байгаа ч юм шиг хана налж, хоорондоо зүгээр л ярилцаж зогсох нь үнэндээ ченжүүд аж. Нэг нь амдаж гүйж ирснээ “за гар утас авна шүү” гэж чихэнд шивнэх нь тэр.  Түүнээс "iPhone 11 байна уу” гэж асуувал “Надаа байхгүй ч олоод өгч болно” гэсээр бусдадаа хандаж, “Хөөе чамд iPhone 11 байна уу” гэвэл 40 орчим насны залуу “500 мянган төгрөг. Ямар нэгэн асуудалгүй. Баталгаа өгнө. Яах вэ, авъя гэвэл тохироод 450 мянган төгрөгт авахгүй юу. Аль эсвэл өөр утас сонирхож болно” гэж санал болгов.

Тэдний төлөөлөл болох энэ ченж ганц үүргэвчтэй жижиг цүнхэндээ төрөл бүрийн утас хийжээ. Түүний хувьд өөрийгөө 15 жил гар дээрээс гар утас борлуулж байгаа тул гар утасны баталгаанаас илүү өөрийгөө баталгаатай гэж танилцуулсан билээ. Өөрийнх нь хэлснээр гар утасны лангууны худалдаачдаас гар утсаа худалдан авч борлуулдаг тул эргэлзэх зүйлгүй гэнэ.

Хэрэв ямар нэгэн эвдрэл гарвал эргээд солиулж болох тухай ч  ам гарч байна. Гэхдээ энэ бол зүгээр л “аман гэрээ”. Бодит байдал дээр утсаа эргээд буцааж авах нь эргэлзээтэй. Тэдний дийлэнх нь ямар сувгаар утас олж авдаг нь эргэлзээтэй. Харин лангуун дээрх гар утасны худалдаачдын зүгээс гадаах гар дээрээс гар утас худалдан авахгүй байхыг зөвлөж байв.

 “Гадаад худалдаанаас утас аваад хэрэггүй. Задаргаа орсон, ID-г нь нуусан, хулгайн, хүний хэрэглээд удсан найдваргүй утас зардаг. Хямд үнэтэй гээд хүмүүс худалдаж авсныхаа дараа буцааж  чаддаггүй. Баталгаа ч байхгүй. Харин бид гар утсандаа баталгаа өгнө, ямар нэгэн асуудалгүй” гэж хэлэх нь нийтлэг. Тэгвэл  гар утасны лангуун дээр  iPhone 11 дунджаар 1-1.2 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Мөн iPhone 12 загвар дунджаар 2.6 сая төгрөг, iPhone 13 Pro Max 3-3.6 сая төгрөгийн үнэтэй байна.

iPHONE УТАС ХОВОРДООГҮЙ Ч ХУДАЛДАН АВАЛТ БУУРЧЭЭ

Хүн зөрөх аргагүй зайгүй шахам байрласан гар утасны лангуунд iPhone утас дүүрэн харагдав. Гэхдээ ОХУ, Украины хоорондох зэвсэгт мөргөлдөөн, валютын савлагаанаас үүдэн гар утасны үнэ 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн болохыг худалдаачид нуугаагүй. Дээрх үнэ бол мэдээж өмнөхөөсөө нэмэгдсэн ханш.

iPhone загварын гар утас худалдан авахаар сонирхож байгаа хүмүүс ч мөн адил үнэ нэмэгдсэн болохыг хэлж байв. Зарим нь тооцоолж байснаас нь үнэтэй тусч байгааг хэлсэн юм. 20 орчим насны хос  iPhone XS Max сонирхож байв. Тэд нэг сая төгрөг орчимд утас сонирхож “Монтель” төвөөр орсон ч  тооцож байснаас нь үнэтэй тусчээ. Энэ тухай иргэн Э.Золзжаргал “Утас лизингээр авч болно л доо. Гэхдээ хүү төлж гар утасныхаа үнийг дахин нугалж төлөх болно. Сүүлийн үед iPhone тасарсан тухай мэдээлэл сошиалд цацагдсан. Гар утас тасраагүй л байна. Уг нь нэг сая төгрөг орчимд утас авахаар сонирхсон ч үнэ нь нэмэгджээ. iPhone XS Max  1.2 сая төгрөг болсон байна” гэлээ.

Зарим нь сонирхсон утсаа 50-100 мянган төгрөгөөр хямд авахын тулд хайрцаг болон дагалдах зүйлгүй авч болно. Үүнийг ихэнх худалдагч нар санал болгож байх юм.  Хэдийгээр орлого буурсныг худалдаачид хэлж байгаа ч цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилтэй харьцуулахад хөл хөдөлгөөн ихтэй.

Гэхдээ сүүлийн үед  худалдан авалт буурч байгаад үнийн өсөлт нөлөөлсөн бололтой. Худалдаачдын төлөөлөл иргэн Б.Долгормаа “Хүмүүс үнийг нь сонсоод л буцдаг. Худалдан авахаасаа илүү сонирхож байгаа нь нийтлэг. Бид ч сүүлийн үед наймаа хагарахаа болилоо. Өдөрт 1-2 утас зарвал их юм болж байна. Утаснаас ашиг харж чадахгүй боллоо. Өмнө нь нэг утаснаас 50 мянган төгрөгийн ашиг хардаг байсан бол одоо 20 мянган төгрөг гаргавал дээд нь  болж байна” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр  iPhone утсыг  аль ч гар утасны лангуун дээр элбэг, гар дээрх наймаачид хүртэл борлуулж байна. Гэхдээ Х.Булгантуяа гишүүний хэлсэн үг үнэ хөөргөджээ. “Тэди” төвд iPhone утас тасарсан гэх сургаар нь “Монтель” худалдааны төвийн ченжүүд нэгээсээ утас сураглах болсон байна.

Энэ тухай худалдагч “iPhone утас хомсдоогүй гэдгийг та нар ч харж байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа бидэнтэй уулзаагүй, гар утасны лангуугаар нэг ч ороогүй мөртлөө яагаад ийм ташаа мэдээлэл цацсныг нь гайхаж байгаа. “Тэди” төвд iPhone утас тасарсан гэж сонсоод гайхсан. Тус худалдааны төвийнхөн утас тасраагүй хэвийн л гэж хэлсэн. Ер нь хүмүүс утсыг олноор нь бөөндөж авсан эрэлт үүсээгүй” гэлээ.

Мөн худалдагч Т.Цолмон  “УИХ-ын гишүүн Х.Булгантуяад худал мэдээлэл цацах ямар ашигтай юм. Өөр шийдэх асуудал зөндөө байна. Дэмий зүйл ярьж бидний амьдралд нялзаах шаардлага байхгүй. Үнэхээр энд орлого тасарчихаад байхад тэнд утас зарж чадаж байвал мөнгө нь Монголдоо орж ирнэ. Хэдэн хүмүүсийн  ажил орлогод нэмэр болно.  Түүнд ямар хамаатай юм. Х.Булгантуяа гишүүний хэлсэн шиг хүмүүс утсыг олноор нь бөөндөж хойд хөрш рүү зарсан зүйл алга. Цөөхөн ширхэгээр нь л авсан тохиолдол бий. АНУ-аас 6 ширхэг iPhone 13 Pro Max оруулж ирсний гурвыг нь нэг хүн  валют чангарахаас өмнө хойд хөрш рүү зарна гэж авснаас өөр зүйл алга. Гэхдээ ОХУ-ын мөнгө Монголд л орж ирнэ” гэж байв.

Зарим худалдаачид мэдээлэл өгөхөөс татгалзсан шалтгаанаа “Бид iPhone утасны нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсээгүй гэж хэлбэл эргээд л бидэнд төвөг болно. Хаанаас ямар эх үүсвэрээр утас оруулж ирж байна гэж шалгана, татвараа төлсөн юм уу гэх зэргээр дарамтална. Тиймээс бид мэдээлэл өгдөггүй юм” гэж тайлбарласан юм.

                 УТАСНЫ ЭКСПОРТ ИМПОРТ ХУУЛЬ БУС БИШ

Дараа нь “Тэди” төвөөр орлоо. Мөн л лангуу бүрт iPhone загвар тус бүрийг эгнүүлжээ. Худалдаачдаас  iPhone 12, 13 Pro Max байгаа эсэхийг асуувал бүгд л  байгаа гэлээ.

Үнэ ханшийн тухайд, iPhone 12 загвар 2.6-3 сая хүртэл байна. Энэ нь БНСУ-аас оруулж ирсэн шинэ гэгдэх утас. Мөн iPhone-13 загвар 3.5-5 сая хүртэл төгрөгийн үнэтэй байна.

Энэ нь задаргаа орсноос шалтгаалж ийм үнэтэй байгаа аж. Мөн хамгийн гүйлгээтэй нь iPhone 13 загвар болжээ. ОХУ-д энэ загвар 12 сая хүртэл төгрөгийн үнэд хүрсэн болохыг ч худалдаачид хэлж байсан юм. Ийм боловч утсыг бөөндөж дамласан зүйл байхгүй аж. Харин утасны лизинг худалдааны төвүүдэд iPhone 12 загвар  2-4 сая төгрөг, iPhone 13 загвар 3-4.6 сая төгрөгийн үнэтэй байна.

Гаалийн ерөнхий газраас утасны импорт, экспортод ямар нэгэн байдлаар хориг байдаггүй болохыг мэдээлж байв. Иймд хууль бус бараа бүтээгдэхүүнд тооцогддоггүй юм байна. Мэдээж тодорхой хэмжээгээр хяналт шалгалт тавьдаг болохыг холбогдох албаны хүн хэлсэн билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.МӨНХУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж