Дотоодод ам.долларын эрэлт үүсээд хоёр долоо хоног өнгөрч буй. Хэдхэн хоногийн өмнө арилжааны банк лимиттэй олголт хийж байсан бол өнөөдөр бэлэн ам.доллар гаргахаас татгалзаж эхэлжээ. Харин "Найман шарга" дээр валютын ханш "тэнгэрт цойлж" байна. Тус зах дээр валютын 30 гаруй том, жижиг төв, гадна талбайн 20 орчим ченж байх аж. “Найман шарга”-ын туслах зам дээр хүмүүсийг угтаж, нэгнээсээ урьтан доллар зарах уу? гэх хүмүүс.
1000-аас доош ам.доллар бол 3150, дээш бол 3170-3180 төгрөгөөр авч байна. 5000-аас дээш ам.доллар бол ярьж тохироод дансаар мөнгийг нь шилжүүлнэ гэлээ.
Хүний хөл тасардаггүй арилжааны зах дээр явж байгаа олон хүн ам.доллар сураглана. Дотор байрлах арилжааны хэсгүүдэд ам.долларын авах ханш 3100-3180 төгрөгийн хооронд байх аж. Харин зарах тухайд тоотой хэдхэн газарт 3210-3220 байна. Мөн дээд лимит урьдын адил.
2022.03.31. “Найман шарга” валют арилжааны төв 16:30 цаг.
Өгөх, авах нь дуусахгүй эрэлт хэрэгцээ энэ захад өрнөнө. Ам.доллар зарах иргэд үдээс хойш ирвэл өглөөний ханшаас илүү зарах боломжтой гэнэ. Харин авах хүмүүс эртхэн ирвэл 5-10 мянга хүртэлх ам.доллар авч байгаа аж. Орой бол 2000-аар хязгаарлажээ. Энд хэн ч эзэн сууж лимит тогтоодоггүй бөгөөд эрэлт дээр тоглолт хийж байгаад иргэд бухимдалтай байгаагаа хэлж байлаа. Гэсэн ч арилжааны банкуудад тогтоосон лимит хатуу хэлбэр рүү орсон болохоор шаардлагатай хүмүүс үнэтэй ч хамаагүй захаас авах нь нэмэгджээ.
Банкууд ам.доллар зарахгүй, зарсан ч зөвхөн шилжүүлэг хийж бэлнээр гаргахаас татгалзаж байна. Тиймээс "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларын эрэлт ихэссэн байна.
Арилжааны гол захад тооцогдох тус төвд 10 хоногийн өмнө ам.долларыг 2920-2960 төгрөгөөр авч байв. Харин ам.доллар зарж байгаа газар тун ховор, хоёр, гуравхан газарт нэг хүнд 1000-2000 хүртэл ам.доллар зарж байсан юм. Харин одоо зарах, авах ханш нэгнээсээ өрсөж, 3150-3220 төгрөөөр худалдаалж байна. Иргэдийн хувьд ам.доллар солиулах нь сүүлийн долоо хоногт багагүй өссөн гэнэ. Валютын ченжүүдийн хэлж байгаагаар банкуудын дотоод зохицуулалтаас болж валютын ханшны савлагаа их байгаа аж. Тиймээс цаашдаа ч ам.долларын ханш өснө гэлээ. Тиймээс хүмүүс их бага хамаагүй авах гэж зорьж байна гэсэн юм.
"Найман шарга" төвд ирж байгаа хүмүүсийн ихэнх нь "ам.доллар зарах уу" гэж асууж байгаа харагдав. Тэдэнд яагаад их хэмжээний ам.доллар авах шаардлага бий болсныг сонирхоход хариулахаас татгалзсан юм. Банк хязгаарлалт тогтоосон учраас валютын зах дээр очсон ч ам.доллар авч чадахгүйд хүрсэн иргэд өдөр бүр зах дээр ирж байгаа аж.
АРИЛЖААНЫ БАНКУУД: ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ БЭЛНЭЭР АМ.ДОЛЛАР ГАРГАХГҮЙ БАЙГАА
Банкууд ам.доллар бэлнээр гаргахгүй байгаа эсэхийг тодрууллаа.
Төрийн банк, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк гээд арилжааны банкууд ам.доллар авах хүсэлтэй иргэн болгонд зарахгүй байгаа гэсэн тайлбар өглөө. Шаардлагатай тохиолдолд дээд үнийн дүн нь 5-10 сая төгрөг байна. Тус дүнгээр ам.доллар авсан тохиолдол бэлнээр олгохгүй байгаа аж. Зөвхөн шилжүүлэг, гүйлгээ хийж байна гэв. Худалдаачид ам.долларын хязгаарлалтаас болж бараагаа татаж авч чадахгүйд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, арилжааны банкууд гадаад руу валют төгрөгөөр дүйцүүлэхэд таван сая төгрөгөөс илүү гүйлгээ хийхгүй байгаа. Ингэснээр барааны таталт, төлбөрийн үлдэгдэл зэрэг дээр асуудал үүсч байна. Яагаад ийм хязгаарлалт тогтоож байгааг арилжааны банкинд тайлбарлах хүн байсангүй.
Монголбанк, Банкны холбооны зүгээс арилжааны банкуудад хязгаарлалт тогтоох мэдэгдэл өгөөгүй. Бидний зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгийг онцолсон.
Гадаадаас бараа бүтээгдэхүүн захиалж зардаг худалдаачдын амьдралд ам.долларын ханш болоод эрэлт их нөлөөлж эхэлжээ. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө ам.долларын эрэлт үүсч эхэлсэн. Өнөөдөр энэхүү эрэлт хоногоор бус цагаар нэмэгдсээр байна. Ямартай ч зохицуулалт хийж, хяналт тавих ёстой газар нь Монголбанк, Сангийн яам юм. Банкны салбарт хяналт тавихгүйгээс ам.долларын ханш хэлбэлзэж байгаа аж. Арилжааны банкууд нэг ам.долларыг 2920-2935 төгрөгөөр авч, 2943-2955 төгрөгөөр зарж байна. Банк бүр өөр, өөр байгаагаас гадна ихэнх банк ам.доллар гаргах нь хязгаарлалттай. Мөн зөвхөн төв салбараас солиулах боломжтой гэх хариулт өгч байв.
Эдгээрээс үзвэл иргэд эрэлт үүсгэж, "Найман шарга"-ынхан ам.доллараа дарж, банкууд санаатайгаар хязгаарлалт тавьж байгаа гэх дүгнэлт хийж болохоор. Магадгүй нөөцөлж байж ч болох.
МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН ӨДРИЙН ХАНШ 2945 БАЙХАД, ВАЛЮТЫН ЗАХЫН ХАНШ 3220 ТӨГРӨГТ ХҮРЭВ
Албаны хүмүүс агаар, авто болон төмөр замаар ам.доллар гадагшаа гаргаж байгаа гэдэг худал мэдээлэл. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард экспорт тэг зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт хилээр гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин гарч байна. Экспорт эргээд валют болдог гэж тайлбарласан. Харин хүмүүсийн үзэж байгаагаар гадаад руу их хэмжээний ам.доллар гаргаж байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Банкуудаас харахад энэ нь илт байна гэцгээнэ.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр хэлэхдээ "Төв банкны тухай хууль болон Банкны хуулиар Монголбанк банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар төв банк валют өгсөн ч гэсэн түүний цаана хэнд хэдийг өгөх вэ гэдэг дээр Монголбанк ямар нэгэн хязгаарлалт чиглэл байдаггүй. Банкууд өөрсдөө харилцагч нартайгаа арилжаагаа хийгээд явдаг.
Сүүлийн үед иргэдээс ирж буй гомдол мэдээлэл нь банкнууд ам.доллар зарахгүй, хязгаарлалт тавьчихаад байгаа асуудал. Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй.
Энэ асуудал дээр тухайн банкуудын менежерүүд нь харилцагч нартаа Төв банк хязгаарлалт тогтоосон гэж хэлж байгаа бол ташаа мэдээлэл. Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулгыг өгнө" гэсэн юм. Гэхдээ аль ч арилжааны банкинд Монголбанкны анхааруулга, сануулах бичиг очоогүй байна. Харин хоног өнгөрөх бүрд валютын ханш улам савалсаар л.
Холбоотой мэдээ