
Өсвөр үеийн анхдугаар олимпийн Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай улсын тамирчин Б.Батцэцэг Сингапурын дэвжээнээ аваргалжээ. Хэдийгээр өсвөр үеийнх гэж байгаа ч зуны олимптой дүйцэхүйц, чамлаж болохгүй наадам учраас түүнд баяр хүргэх учиртай. Олимпийн отгон аварга маань Налайхад төрж, өссөн аж. Дөнгөж өнгөрсөн хавар 11-р ангиа дүүргэсэн тэрбээр энэ хичээлийн шинэ жилээс Боловсролын их сургуулийн оюутан болох юм билээ. Дөрвөн жилийн өмнөөс чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэхэд чамгүй амжилт гаргасан нь түүний авсан медалиудаас илэрхий. Чөлөөтөөр барилдаж эхлээд хэдхэн сар болсныхоо дараа улсын аваргаас хүрэл, дараа нь өсвөрийн улсын аваргаас хошой алт, 2009 онд Азийн аваргаас шагналт байр, энэ онд Ташкентад болсон олон улсын тэмцээнээс олимпийн эрхийг өөрийн болгожээ. Хэдийгээр аав, ээжийнх нь талд бөхийн удам байхгүй боловч одоо дүү нь эгчийгээ дагаж чөлөөтийн шаггүй тамирчин болсон гэсэн. Эгчийнхээ бэлтгэл хангагчаар ч барилддаг гэж байгаа. Айлын гурван охины том нь болохоор ч тэр үү, Б.Батцэцэг багаасаа л биеэ даажээ. Хөвгүүдтэй гар зөрүүлэхээс ч буцахгүй эршүүд хэдий ч аав, ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд гэж ээж нь магтсан байна билээ. Түүний бас нэг мөрөөдөл нь түнхний мултралтай ээжийгээ эрүүл болгох. Тийм ч учраас ээж нь “Миний муу охин зовлогоос минь санаснаас ч эрт хөнгөллөө дөө” гэж нулимс унагасан байсан. Тиймээс Монголоос төрсөн дөрөв дэх, эмэгтэйчүүдээс бол анхны олимпийн аварга болсон Б.Батцэцэгээрээ монголчууд бахархаж байна.
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин