Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

МАН-ын генсекийн МЭХ

МАН-ын генсекийн МЭХ

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намынхаа есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгөв. Хөгжлийн банкнаас хамаарал бүхий этгээд нь зээл авсан УИХ-ын есөн гишүүнийг өөрсдөө хуулийн байгууллагад шалгуулах мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Ц.Гарамжав, Ш.Лхамсүрэн нарыг хуулийн байгууллагаар шалгуулах үүрэг өгч, ингэхдээ эдгээр есөн гишүүнд  дөрөвдүгээр сарын 10-ны дотор өөрсдийгөө шалгуулах чиглэл өгсөн. МАН-ын генсекийн мэдэгдэлд, “МАН авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэлт, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байгаа” гэж тодотгожээ.

ДҮР ЭСГЭСЭН МЭХ

МАН-ын генсекийн эхлүүлсэн  Хөгжлийн банкны “луйвар” ажиллагаа эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.  Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг эхлүүлэхдээ тэд нийгэмд шударга ёс тогтоож буйн дүр эсгэх байсан ч нөхцөл байдал эсэргээрээ эргэж, өнөөдөр тэд өөрсдийнхөө гишүүдэд ч хариуцлага тооцох дээрээ тулжээ. Гэхдээ энэ бүхэн МАН-ын генескт хамгийн ашигтай болж хувирав. Учир нь Хөгжлийн банкны дуулианаар ирэх 2024 оны сонгуулийн зарим өрсөлдөгчөө, намынхаа дарга нарын бодлогын эсрэг сайд болохоор санаархсан хүмүүст гээд олон хүнийг “замаасаа” зайлуулах боломж болон хувирав. Хөгжлийн банкны дуулианаар зээлээ төлөхгүй байсан намынхаа бизнесменүүдийг ч давхар номхруулав. Үндсэндээ санаандгүй эхлүүлсэн шударга ёсны тэмцэл нь үр дүнгээ өгч, эрх баригч намын удирдлагуудын “тоглох” боломж болон хувирсан. Гэхдээ Д.Амарбаясгалангийн шударга ёсыг тогтоох ажиллагаа нь өнгөн дээрээ хэлэлцүүлэг, сонсгол, мэдэгдэл зэргээр шоу үзүүлбэр нь дэндсэн жүжиг өнгөн дээрээ шударга ёс тогтоож буйгаа ч улс төрийн карьер нь дуусгавар болсон хэдэн хүнийг намаасаа хөөсөн нэр зүүж, Хөгжлийн банк ч үгүй, хариуцлага тооцсон ч эзэнгүй үлдэх вий.  Ичсэн хүн хүн ална гэгчээр хэдэн гишүүдээ намаасаа хөөснөөр шударга ёс тогтохгүй. Хөгжлийн банкнаас зээл авсан, олгосон, чанаргүй зээлдэгч гэх 79 компанийн жинхэнэ эздэд нь хариуцлага тооцож байж жинхэнэ утгаараа шударга ёс тогтоно. МАН-ын дарга мэдэгдэл гаргаж, өөрсдийнхөө хүсэлтээр шалгуулах үүрэг өглөө  гэхтэй зэрэгцэн АТГ-ын дарга З.Дашдаваа нь одоогоор УИХ-ын гишүүдийг шалгаагүй гэдэг тайлбар өгсөн. Тэгэхээр МАН-ын генсекийн есөн гишүүнээ шалгуулах мэдэгдэл нь нэр төдий үйлдэл болоод үлдэх болов уу. Хуулиараа УИХ-ын гишүүнийг “гэмт хэрэгт холбогдоход нь үйлдэл дээр” л бариагүй бол хуулийн байгууллага шалгах боломжгүйг АТГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан ч мэдэхийн дээдээр мэдэж буй. Мэдээж, түүний нэрлэсэн “хамааралгүй” гэх гишүүд өөрсдийн хүсэлтээр хуулийн байгууллагын хаалга татаж, сайн дураараа шалгуулна гэдэг үлгэр. Тэдэнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь бий. Намынхаа генсекийн мэдэгдлийн дараа ч УИХ-ын гишүүд нь “би буруугүй, би хамааралгүй” хэмээн хэвлэлээр жүжиг тавьж байгаагаас харвал МАН-ын генсекийн хэлээд буй шударга ёс хонгилын үзүүрт нь харагдахгүй байна.

ДҮРЭЭ ХУВИРГАСАН МЭХ

МАН-ын генсекийн сэдсэн мэх нь хэдхэн хүнээр туг тахиж, шударга ёс тогтоосон нэрийдлээр үргэлжлэх боловч энэ дуулианы цаана хэдхэн хүн рүү чиглэсэн улс төрийн ажиллагаа цаашид илүү хурцдах шинжтэй.  Хөгжлийн банкны луйвар хэн рүү чиглэсэн улс төрийн акц байсан нь хэдхэн хоногийн өмнө Хөтөлийн цементийн үйлдвэр дээр очсон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн үйлдэл батлав. Хөтөлийн цементийн үйлдвэр Хөгжлийн банкнаас зээл авсан, зээлээ хугацаанд нь төлж байгаа ч чанаргүй зээлдэгчид багтсан учраас хуулийн байгууллага шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хуулийн байгууллага буруутай эсэхийг нь тогтоож, эцэслээгүй байхад төрийн байгууллага нь цагдаа дагуулж, гүйж очоод бүтэлгүйтэв. Мэдээж, хуультай журамтай улс хуулийн дагуу асуудал шийдэгдээгүй байхад төр нь цагдаатайгаа дайрч орж ирээд, булааж авна гэдэг ардчилсан нийгэм, МАН-ын генсекийн яриад байгаа шударга ёст улсад лав байж болох үйлдэл биш. Цаашид энэ ажиллагаа Дархны төмөрлөгийн үйлдвэрээр үргэлжилнэ гэх яриа ч Тусгаар тогтнолын ордонд өрнөх болж. Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдал, улс төрийн нөлөөллөөр хамгийн их зээл авсан хүнээр Худалдаа хөгжлийн банкны гэх Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарыг нэрлээд буй. Тэгэхээр МАН-ын  жинхэнэ “дайсан”, Хөгжлийн банкны дуулианы жинхэнэ бай нь Д.Эрдэнэбилэг, Х.Баттулга нар уу, эсвэл?

Гэхдээ тэд шударга ёсыг хувийн хэвшлийг төрийн цагдаагаар далайлган авах гэж байгаа бол энэ нь зүйд, тэдний хүсээд буй улс төрийн ёс зүйд хэр нийцэх бол.  Гэм буруутай бол хууль, шүүхийн байгууллага нь эцэслэж, түүний дараа төрийн дарга нар цагдаатайгаа очоод ажлаа хийвэл зүйд нийцмээр. Гэхдээ энэ удаад МАН-ын генсек дэндүү яарчихлаа. Яг ингэж яарч байгаа шигээ намын дарга, Ерөнхий сайдынхаа зөвлөх Х.Баттулгын хамаарал бүхий компаниудыг ч шалгаж, тогтоогоод ажиллавал түүний хүссэн шударга ёс нь тогтох учиртай. Хэт нэг хүн рүү, ганцхан бай руу дайраад байвал эрх баригч, том намын генсекийн мэх бохир улс төрийн тоглолт шиг харагдана. Тиймээс МАН-ын генсек жинхэнэ төрхөө ил гаргаж, эрх баригч намын генсек шиг шударга ёсыг тогтоох улс төрийн тоглолтоо хэзээ эхлүүлэх вэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж