“Рио Тинто” компани Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах зөвлөл (FIRB)-өөс зөвшөөрсний дагуу Аргентины литийн “Ринкон” төслийг 825 сая ам.доллараар худалдан авчээ.
Серби улс байгаль орчинд хор хөнөөл учруулж байна хэмээн эсэргүүцэж, “Рио Тинто”-гийн 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй, литийн “Жадар” төслийн лицензийг цуцалсан билээ. Үүний дараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй уул уурхайн компанийн литийн “амбиц” хэсэгтээ дарагдсан.
“Рио Тинто” компани Аргентин дахь хөрөнгө нь тус компанид төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлэх, дэлхийн эрчим хүчний шилжилтийн багцаа бэхжүүлэхэд тусална гэж үзжээ.
“Ринкон” нь Аргентин улсын Сальта муж дахь литийн гурвалжингийн голд оршдог, литийн давсны уусмалын томоохон төсөл юм. 2021 оны долдугаар сард хийсэн судалгаагаар тус уурхай нь 5.8 сая тоннтой тэнцэх хэмжээний литийн карбонатын баттай болон бодит геологийн нөөцтэй нь тогтоогджээ.
“Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм мэдэгдэлдээ "Суурь металлын эрэлт өндөр ч нийлүүлэлт хангалтгүй байгаа энэ үед литийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болно” гэжээ.
Ирэх 10 жилийн хугацаанд литийн эрэлт жилд 25-35 хувиар өсөх төлөвтэй байна. 2030 он гэхэд нийт автомашины худалдааны 55 хувь нь цахилгаан автомашин байх бөгөөд автомашин үйлдвэрлэгчдэд өдөрт гурван сая тонн лити шаардлагатай юм байна. Өнөөдрийн байдлаар өдрийн хэрэглээ нь 350 мянган тонн аж.
Эх сурвалж: MINING