Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын эзэмшдэг Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монголбанкнаас авсан 14 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа өнөөдөр дуусч байна гэх мэдээлэл цацагдав.
Энэ талаар Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг мэдээлэх боломжгүй гэх мэдээллийг өглөө. “Монголбанкны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөөтэйгүүр, Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тогтворжуулахын тулд түр хугацааны дэмжлэг олгосон. Мэдээж зээлийн эргэн төлөлт зохих журмын дагуу төлөгдөнө. Харин хугацааг нь тодорхой мэдээлэх боломжгүй. Учир нь Монголбанкнаас бусад банкад хэрэгжүүлж буй төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл нууцын зэрэглэлд бий” гэх тайлбарыг албаныхан өгөв.
Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд байршуулсан төрийн 114.4 тэрбум төгрөгийн асуудалд “ороогдсон” хотын дарга Д.Сумъяабазарын эзэмшлийн Үндэсний хөрөнгө оруулалтын банк он гарахаас өмнө өрөө төлнө хэмээн ам гарсан удаатай. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч төрийн мөнгө зохих газраа төвлөрснийг өмнө нь мэдээлж байв.
Сануулахад, одоогоос хоёр сарын өмнө /2022.01.04/ болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудал сөхөгдсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын “Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү” гэсэн асуултад Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлсөн 14 тэрбум төгрөгийг Монгол банк оны өмнө шийдвэр гарган зээлдүүлсэн нь үнэн. Covid-19-ийн үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлаад хоёр жил болж байна. Энэ дагуу 14 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэж өгсөн. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 76 тэрбум төгрөгийн өр хэвээрээ бий" гэж тайлбарлаж байв.
Тайлбар: Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшил /эх сурвалж: УБЕГ/
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ