Монгол, Австралийн Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр /2022.03.31/ Австралийн парламентын ордонд боллоо. Санамж бичиг зурагдсанаар Монгол Улсын 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Австралид “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой бүрджээ.
Энэ талаар Монгол дахь Австралийн элчин сайдын яамтай холбогдож тодруулахад “Одоогоор бүртгэл хэзээ эхлэх талаар мэдээлэл гараагүй. Ирэх сараас тус хөтөлбөрт хамрагдах хүмүүсийг хэрхэн бүртгэх, хамруулах талаар мэдээлэл тодорхой болно. Өнөөдрийн хувьд зөвхөн санамж бичигт гарын үсэг зурсан” гэлээ.
Австралийн Цагаачлал, иргэншил, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, олон үндэстний асуудал хариуцсан сайд Алекс Хоук хэлэхдээ “Австралид оршин суугаа монгол иргэдийн тоо бусад оронтой харьцуулахад хэдийгээр цөөн ч гэсэн манай нийгэмд бодитой хувь нэмрээ оруулж байгаад бид баяртай байна. Энэхүү хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол бэхжиж, олон монгол залуу Австралид ирж ажиллангаа аялах, суралцах боломжийг нээж байгаад нэн баяртай байна” гэв.
Харин ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Удаан хугацаанд хүлээсэн энэ баримт бичиг өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болж, биеллээ олж буйд бид мөн баяртай байна. Монгол, Австрали хоёр орны залуус хоорондын харилцаа, харилцан ойлголцол, итгэлцэл, соёлын солилцоо цаашид улам бэхжиж, олон монгол залуус Австралид ирж, танай сайхан орны олон үндэстнээс бүрдсэн нийгэм, соёлд өнгө нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Мөн австрали залуус Монголд аялж, ажиллан улсын хөгжил дэвшилд үлэмж хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.
Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж буй бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломж нээгдэж буй. Гэхдээ ирэх сараас журам батлагдаж, албан бичгийн дагуу бүртгэл эхлэх юм байна.
Холбоотой мэдээ