Эдийн засгийн байдал, цаашдын төлөвийн талаарх ОУВС-ийн суурин төлөөлөгчийн байр суурь

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байдал, цаашдын төлөвийн талаарх ОУВС-ийн суурин төлөөлөгчийн байр суурь

 ОУВС-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёноос авсан ярилцлагыг хүргэж байна.

-Цар тахал, геополитик зэрэг асуудлууд эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэл өндөр байна. Ийм бэрхшээлтэй хэцүү үед ОУВС-гаас бодлого боловсруулагчдад ямар зөвлөгөө өгч байгаа вэ?

Инфляци нэлээд нэмэгдэж, эдийн засгийн сэргэлт сул, тодорхой бус байдал их байгаа энэ үетэй давхцаад ОХУ, Украины хямрал хурцадсан нь Монгол Улсын Засгийн газар, Монголбанкинд бодлогын дараах хоёр хүндхэн сонголтыг тулгаж байна. Эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэх үү, төсөв, гадаад секторыг хамгаалахад анхаарах уу эсвэл инфляцийг бууруулах уу, эдийн засгийн сэргэлтийг хамгаалах уу.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв маш тодорхой бус байна. Гэхдээ инфляци он дуустал 10-аас дээш хувь дээр үлдэх магадлал өндөр байна. Төр засгаас цар тахлын эсрэг бодлогоор дэмжлэг үзүүлсний үр дүнд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ үлэмж нэмэгдэж, дээрээс нь дэлхийн хэмжээнд хүүгийн түвшин нэмэгдсэн нь өрийн эргэн төлөлтийг илүү өндөр өртөгтэй болгож байна. Үүнтэй зэрэгцээд, экспортын гол нэрийн ашигт малтмалын үнэ өндөр хэмжээнд хадгалагдаж байгаа нь эргэн төлөлтийн өндөр өртгийг тодорхой хэмжээгээр нөхөж, нааштай үр өгөөж авчирч болно. Монгол Улс тэлэлт, агшилтын мөчлөгт олон удаа орсон өмнөх түүхээс харахад ашигт малтмалын орлого өндөр байх нь зарим талаар олон талт сорилтуудыг дагуулж байна. Ийм нөхцөл байдалд бодлого боловсруулагчид дараах зүйлийг мартаж болохгүй. Үүнд:

  • Төсвийн бодлогын тухайд төсвийн алдагдлыг бууруулах болон төсвийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр зорилтыг зохистой байдлаар хангаж явах ёстой. Эдийн засагт үүссэн цочролын үр дагаврыг арилгах зорилгоор төсвөөс нэмж өгөх аливаа дэмжлэг түр зуурынх бөгөөд зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстой. Иргэдийн бодит орлогыг нэмэх зорилгоор тэтгэврийн доод хэмжээг бодит үзүүлэлтээр их хэмжээгээр өсгөх эсвэл хавтгайруулсан нийгмийн халамжийн хэмжээг дахин байнгын болгож нэмэгдүүлэх зэрэг бодлогод хийж буй байнгын өөрчлөлтүүд нь төсвийн алдагдлыг бууруулах хүчин чармайлтыг сулруулах учраас эдгээрээс татгалзах хэрэгтэй.
  • Үнийн өсөлт инфляцийн хүлээлтэд хэрхэн нөлөөлж байгааг Монголбанк байнга ажиглаж байх нь зүйтэй. Мөнгөний бодлогын байр суурийг өөрчлөхдөө тоон өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах нь мөнгөний бодлогод итгэх итгэлийг хадгалж үлдэхэд чухал байх болно.
  • Эдийн засгийн төлөв тодорхой бус байгаа ч гэсэн Засгийн газар бүтцийн өөрчлөлтийн томоохон зорилтуудаасаа ухралгүй, төлөвлөсөн ажлуудаа үргэлжүүлэн бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй. Шинэчлэлийг ул суурьтай боловсруулж, хэрэгжүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг ч гэсэн тавьсан зорилтоосоо ухралгүй байж, одоогийн тодорхой бус байдал багасаж эхлэх үед экспортын үнийн өсөлтөөс үүдэлтэй тэлэлтийг ашиглан эдийн засгийг аль болох өндөр өсөлтөд хүргэхэд шинэчлэл туслах ёстой. Нэн ач холбогдолтой шинэчлэлүүдийг нэрлэвэл засаглалыг сайжруулж, авлигыг бууруулах замаар бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, тэтгэврийн шинэчлэл гэх мэт төсвийн бүтцийн шинэчлэл хийх, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг боловсронгуй болгох, орлогын татварыг шатлалтай болгох, санхүүгийн салбарын шинэчлэл явуулах зэрэг байна.

-Монгол Улсын эдийн засаг 2021 онд 1.4 хувиар өссөн нь олон хүний дэвшүүлсэн таамгаас хол зөрж, эрс доогуур гарсан. Эдийн засгийн гүйцэтгэл яагаад хүлээлтэд хүрсэнгүй вэ? 2022 оны төлөвийн талаар та юу гэж бодож байна вэ?

2020 онд эдийн засаг өмнөх онтой харьцуулахад 4.4 хувиар агшсан бол 2021 онд багахан өсөлт үзүүллээ. Энэ нь уул уурхайн сэргэлт удаашралтай явагдсан, мөн уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл буурсантай холбоотой юм. 2021 оны 1-р улиралд уул уурхайн үйлдвэрлэл эрчтэй явагдахын зэрэгцээ экспортын түүхий эдийн үнэ өндөр байсны ачаар эдийн засгийн өсөлт эрчимжиж, бараг 15 хувьд хүрсэн. Гэвч 2-р улирлаас эхлээд хил гаалийн саатлаас болж БНХАУ уруу гарах экспорт, үйлдвэрлэлийн гол орцуудын импорт хязгаарлагдаж, эдийн засгийн сэргэлт эрс хумигдсан. Хил гаалийн саатал тооцож байснаас удаан үргэлжилж, өнөөдрийг болтол бүрэн шийдэгдээгүй үргэлжилсээр байна. Үүнтэй зэрэгцээд цар тахлын шинэ дэгдэлтийн улмаас үе үе хөл хорионы дэглэм тогтоосон нь дотоод эдийн засгийн, тэр дундаа хувийн хэрэглээ, уул уурхайн бус хөрөнгө оруулалтын сэргэлтэд сөргөөр нөлөөллөө. Барилгын материалын ханган нийлүүлэлтэд саатал гарч, мал амьтны өвчний дэгдэлт үүсч, цаг уурын хүнд нөхцөл байдлын улмаас барилга, хөдөө аж ахуйн салбарууд тус тус агшсан нь гэнэтийн зүйл болсон. Эдгээр бүх хүчин зүйлийн улмаас эдийн засаг 2021 онд төдийлөн сайн сэргэж чадсангүй.

Цаашдын төлөвийг харвал, бидний тооцоолон хүлээж байсан цар тахлын дараах томоохон сэргэлт удааширч болзошгүй байна. Экспорттой холбоотой тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлүүд энэ оныг дуустал шийдэгдэхгүй болов уу. Мөн түүнчлэн, дэлхийн хүнс, газрын тосны үнийн цочир өсөлт дотоодын эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Цаашилбал, геополитикийн зөрчил хурцдаж, ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээнүүд нэмэгдэн, БНХАУ-д цар тахлын дэгдэлт нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт нь саарч болзошгүй зэргээр Монгол Улсын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэлүүд ерөнхийдөө сөрөг талдаа байна.

ОУВС-ийн мэргэжилтнүүд яг одоо эдийн засгийн өсөлтийн тооцооллоо шинэчлэн хийж байгаа бөгөөд энэ нь 2022 оны 4-р сарын дундуур гарах “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайланд тусгагдаж, зарлагдах болно.

-Олон орнуудад өндөр инфляц санаа зовоож байна. Инфляцийн түвшинг зорилтот хэмжээнд барихын тулд Монголбанк ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-2021 оны наймдугаар сараас хойш хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляц Монголбанкны зорилтот интервал (6±2 хувь)-аас дээгүүр байна. Гол шалтгаан нь нийлүүлэлтийн талын хүчин зүйл болох БНХАУ-тай холбосон хил гаалийн тасалдал бөгөөд энэ нь импортын үнэд шууд нөлөөлж байна. ОХУ, Украины хямралаас зарим талаар шалтгаалан дэлхийн хүнс, шатахууны үнэ саяхнаас огцом өссөн нь инфляцийн хурдцыг нэмлээ. Нийлүүлэлт талын болон гадаад орчны хүчин зүйлээс шууд хамааран инфляци он дуустал 10-аас дээш хувьтай байхаар байна. ОХУ, Украины нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь инфляцын төлөвийг улам бүр тодорхой бус болгож байна.

Цаашид инфляцийн өсөлтийг хүлээлтэд сөргөөр нөлөөлөхгүй, Монголбанкны инфляцийг зорилтот хүрээнд буцааж оруулах чадварыг нь сулруулахгүй байхад онцгойлон анхаарах нь чухал байна. Тухайлбал:

  • Мөнгөний бодлогын үр дүнг хязгаарладаг учраас Монголбанкнаас хэрэгжүүлдэг төсвийн шинж чанартай үйл ажиллагааг нь зогсоохыг бид эртнээс зөвлөж ирсэн.
  • Инфляцийн хүлээлт урт хугацаанд өөрчлөгдөхөөс сэргийлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Цар тахлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх бодлогыг 2022 оныг дуустал хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, мөн тэтгэврийн доод хэмжээг нэмсэн учраас Монголбанк эдгээр шийдвэр болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд удахгүй хийгдэх тохиргооны инфляцид үзүүлэх үр нөлөөг сайтар тооцож хянах ёстой. Цалин хөлс, үнийн эргүүлэг үүсч эхэлбэл мөнгөний бодлогыг цаашид хатууруулах шаардлагатай болох байх.
  • Инфляцын хүлээлт нь мөнгөний бодлогын шийдвэрт чухал ач холбогдолтой учраас Монголбанк инфляцийн хүлээлтийг илүү сайн тооцоолох чиглэлээр хүчин чармайлтаа нэмэгдүүлэх нь зүйтэй.

-Цар тахлын үеэр тогтвортой байсан төгрөгийн ханш сүүлийн үед нэлээд савалж, 2022 он гарснаас хойш ам. долларын эсрэг 1.5 хувиар сулраад байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ? Цаашид валютын ханшийн савлагааны эрсдэлийг бууруулахад ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Монголбанкны гадаад валютын нийт нөөц 2021 оны 4-р сард дээд хэмжээнд хүрснээс хойш 2022 оны 2-р сарын эцсийн байдлаар 3.6 тэрбум ам. доллар болж 1.3 тэрбум ам.доллараар буурсан байна. Энэ нь экспортын орлого муудсан, дотоодын эдийн засгийн сэргэлт эхэлсэнтэй холбоотойгоор импорт өссөн, Монголбанкнаас төгрөгийн ам. доллартай харьцах ханшийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой юм. Монголбанкны гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ импортын хэрэгцээг хангах талаасаа хүрэлцээтэй харагдаж буй боловч Монгол Улсын их хэмжээний гадаад өр, импортын хэт их хамаарлыг харгалзан үзвэл хангалтгүй байна. Иймд валютын ханш зах зээлийн зарчмаар явах боломжийг Монголбанк саяхнаас олгосон нь зүйтэй байв.

Монголбанк дотоодын валютын зах дээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор саармагжуулсан интервенц хийхийг бид дэмжиж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын төсвийн алдагдлыг багасгах замаар гадаад өрөө бууруулж, бүтцийн өөрчлөлт хийх замаар төсөв дээр урт хугацаанд ирэх дарамтыг хөнгөлж, гадаад өрийн удирдлагыг боловсронгуй болгох ажлаа үргэлжлүүлэн дотоодын өрийн зах зээлийг хөгжүүлэх замаар гадаад зээллэгт найддаг байдлаа багасгах хэрэгтэй байна.

Гадаад валютын ханшийн хөдөлгөөнийг илүү уян хатан болгосны үр дагавар нь инфляци дээр шууд мэдрэгдэх учраас нэлээд амаргүй сонголт байх болно. Гэхдээ гадаад төлөв байдал маш тодорхой бус, мөн 2023 онд төлөгдөх ёстой их хэмжээний гадаад өр байгааг харгалзан үзвэл Монгол Улс хэд хэдэн гадаад цочролтой нүүр тулж байгаа энэ үед гадаад валютын ханш цочролыг өөртөө шингээгчийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх нь чухал байна. Иймд гадаад валютын интервенц нь зах зээлийн огцом савалгааг зөөлрүүлэхэд чиглэх ёстой. Гадаад валютын ханшийн хөдөлгөөн илүү уян хатан болсноор хувийн сектор гадаад өр төлбөрийнхөө гадаад валютын ханшийн эрсдэлийг зохистой удирдах хөшүүрэг нэмэгдэх юм.

-Дэлхийн болон дотоодын эдийн засагт тодорхой бус байдал их байгаа хэдий ч түүхий эдийн үнэ ханш олон улсын зах зээл дээр өндөр хэвээр байна. Энэ цаг хугацаанд уул уурхайн мега төслүүд Монгол Улсын эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэх учиртай вэ?

Монгол Улсын уул уурхайн салбар бол эдийн засгийн өсөлтийн зүтгүүр бөгөөд энэ байдал цаашдаа ч нэг хэсэг хадгалагдахаар байна. Экспортын түүхий эдийн үнийн өсөлт төсвийн орлогыг нэмэгдүүлж, улмаар цар тахлаас хойш үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх орон зайг гаргаж өгнө. Иймд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хурдацтай хэлэлцэж байгаа нь нааштай үйл явдал бөгөөд төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхэд түлхэц болох учиртай. Ингэснээр Монгол Улс экспортын үнийн өсөлтийн үр өгөөжийг хүртэж чадах юм.

Гэхдээ дан ганц ашигт малтмалын нөөц нь хөгжил дэвшлийн баталгаа болж чадахгүй болохыг олон улсын туршлагаас харж болно. Байгалийн арвин их баялагтай олон орнууд тэлэлт, агшилтын мөчлөгт нэрвэгдэж байна. Монгол Улс үүнийг тойрч гарсангүй—мөчлөг дагасан бодлого баримталсны улмаас дээрхтэй төстэй эдийн засгийн савалгаанд өртөж байсан туршлага бий.

Иймд, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирэх их орлогыг илүү оновчтой зарцуулж, өнгөрсөн хугацааны тэлэлт, агшилтын мөчлөгийн түүхийг давтахгүйн тулд Монгол Улс макро эдийн засгийн ухаалаг бодлого баримтлах нь чухал байна. Ингэснээр Монгол Улсын ашигт малтмалын арвин их баялаг нийт Монголчуудад хөгжил дэвшил түгээсэн эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх нөхцөл бүрдэнэ. УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны дундуур болох учир Монгол Улс урт хугацааны бэрхшээлүүдээ шийдвэрлэх бат бөх суурийг бий болгоход чиглэсэн бодлогын шинэчлэлүүдийг зоригтой хэрэгжүүлэх боломж 2022, 2023 онуудад гарч ирж байна.

-Монгол Улсын эдийн засгийн дунд болон урт хугацааны төлөвийг та юу гэж харж байна. Илүү тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Нийлүүлэлтийн саатал бэрхшээл, геополитикийн сөргөлдөөн арилаагүй хэвээр байгаагаас тодорхой бус байдал маш их байна. Мөн түүнчлэн худалдааны гол түншүүдийн эдийн засгийн өсөлт саарах төлөв гарсан. Гэсэн хэдий ч Монгол Улсын дунд хугацааны өсөлтийн төлөв нааштай хэвээр байна. Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох Оюутолгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэл 2023 оноос эхлэхээр хүлээгдэж байна. БНХАУ-ын дотоод нөхцөл байдал нүүрсний экспортыг хэт их хязгаарлахгүй гэж үзвэл эдийн засгийн өсөлт дунд хугацаанд 6-7 хувьд хүрч, урт хугацаанд 5 орчим хувьд эргэлдэж эрчимтэй хэвээр байх төлөвтэй байна.

Өргөн утгаараа авч үзвэл, Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудад эдийн засгийн асар их боломж бий. Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай, эдийн засгийн эргэлтэнд ороогүй нөөцтэй, асар хурдацтай өсч байгаа томоохон зах зээлтэй хөрш зэргэлдээ оршиж байгаа зэрэг олон улс орны атаархлыг төрүүлэх зүйл их байна.

Энэ бүх нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглахын тулд Монгол Улс бизнесийн орчноо сайжруулах хэрэгтэй болно. Энэ хүрээнд төлбөрийн чадваргүйдлийн тогтолцоог боловсронгуй болгож, авлигатай тэмцэх, шүүх эрх мэдэл, засаглалын шинэчлэл хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг хянах, макро санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадах бодлогуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ утгаараа Засгийн газрын урт хугацааны хөгжлийн стратеги болох Алсын хараа 2050-ийг бүрэн дэмжиж байна. Энэ стратегийн хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдал, ногоон, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тэргүүлэх чиглэлд тавьсан нь зүйтэй юм. Үүний нэгэн адил, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод цахимжуулалт, цахим засаглалыг хөгжүүлэх замаар хүнд суртлыг багасгаж, бүтцийн эерэг өөрчлөлтийг үр дүнд хүргэх зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай. Эдгээр чухал зорилтуудыг хангахад чиглэсэн сайн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь хамгийн том сорилт байх болно.

-ОУВС гишүүн орнуудын нийтийн албанд сайн засаглал нэвтрүүлэхийг дэмжин ажиллаж байна. Монгол Улсын хувьд энэ ажлаа ямар чиглэлээр сайжруулах ёстой вэ?

-Монгол Улс засаглал, ялангуяа авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан. Төсвийн орлогын удирдлагыг сайжруулах, гаалийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага  буюу ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар өгсөн зөвлөмжийг ОУВС-ийн туслалцаа дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд тодорхой үр дүн гарч байна. Хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлж, экспортын үнийн тэлэлтээс олох гэнэтийн их ашгийг дээд хэмжээнд хүргэх үүднээс ОУВС дараах чиглэлээр засгийн газарт дэмжлэг үзүүлж ирлээ. Үүнд: (1) авлига, засаглал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх, (2) хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, (3) төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, төсвийн тусгай шаардлага, төлбөрийн чадваргүйдлийн тогтолцоог боловсронгуй болгох.

Авлигад хяналт тавих боломж болон хэрэгжүүлэх чадавхи хязгаарлагдмал байгаа нь засаглалыг бэхжүүлэх тал дээр хамгийн том сорилт болж байна. Үүний нэг тод илрэл нь жишээлбэл Хөгжлийн банкны асуудал боллоо. 2011 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тус банкны зээлийн үйл ажиллагаа учир дутагдалтай байсны улмаас одоо зээлийн өрийн ихэнх хэсэг нь чанаргүй болсон байна. Хөгжлийн банкны тухай хуулинд 2017 онд хийсэн нэмэлт өөрчлөлт тус банкны засаглалын тогтолцоо, үйл ажиллагааны хууль эрхзүйн орчинг бэхжүүлж өгсөн боловч хэрэгжилт нь үр дүнтэй байж чадаагүй учраас чанаргүй зээл тасралтгүй хуримтлагдахад хүргэжээ.

-Монголбанкны Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөрийн нэг гол үе шат бол системийн ач холбогдолтой банкууд 2022 оны 6-р сард багтаан хувьцаагаа олон нийтэд санал болгох явдал юм. ОУВС Монголбанкны энэхүү хөтөлбөрийг хэрхэн үнэлж байгаа вэ? Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Банкны хувьцааг олон нийтэд санал болгох замаар банкны өөрийн хөрөнгийг бэхжүүлж, хувь нийлүүлэгчийн төвлөрлийг сааруулах зорилго бүхий Банкны салбарын шинэчлэлийн стратегийг УИХ-аас баталсныг ОУВС сайшааж байгаа. УИХ-аас тогтоож өгсөн хугацаанд багтааж хэд хэдэн нарийн төвөгтэй шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон нь ОУВС-ийн үзэж байгаагаар цаг хугацааны хувьд хэт давчуу байна. Стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эдгээр арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Эхний ээлжинд банкууд энэ оны зургадугаар сард хувьцаагаа нийтэд санал болгохоос өмнө олон улсын хөндлөнгийн аудитын компаниар активын чанарын үнэлгээг шинээр хийлгэх хэрэгтэй байна. Активын чанарын үнэлгээ нь цар тахал эхэлснээс хойш Монголбанкнаас хэрэгжүүлсэн, зарим нь одоо ч хэрэгжиж байгаа олон төрлийн хөнгөлөлттэй зохицуулалтууд банкуудын тайлан тэнцэлд сөргөөр нөлөөлөөгүй болохыг баталгаажуулахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.

ОУВС банкуудын хувьцааг нийтэд санал болгох хугацааг хойшуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ хооронд Монголбанк хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлсэн активын чанарын үнэлгээн дээр үндэслэн банкуудын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх боломжтой болно. Монгол Улсын хөрөнгийн жижиг зах зээл дээр томоохон IPO хийгдсэн түүх одоогоор байхгүй учраас банкуудын IPO хийх хугацааг хойшлуулснаар IPO-г амжилттай хийхэд шаардлагатай урьдчилсан нөхцлийг хангахын зэрэгцээ нөөц төлөвлөгөө боловсруулж авах боломж бүрдэх юм. Мөн түүнчлэн, зохицуулалтын шинэчлэл хийх, тухайлбал төлбөрийн чадваргүйдлийн болон зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хуулиар бүрдүүлэх хугацаа гарч, чанаргүй зээлийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцлүүд бүрдэх юм.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж