Байр суурь: Хөгжлийн банкны зээл надтай "хамаагүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хөгжлийн банкны зээл надтай "хамаагүй"

Байр суурь: Хөгжлийн банкны зээл надтай "хамаагүй"

Хоёр хоногийн өмнө Хөгжлийн банктай холбоотой хяналтын ерөнхий сонсгол төрийн ордонд болсон. Энэ үеэр Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгээс улс төрчидтэй хамаарал бүхий 20 зээлийг нэрлэсэн.

Ийнхүү нээлттэй сонсгол хэдэн гишүүдийн байр суурь болж, шинэ мэдээлэл барагтаа гараагүй гэхэд болно. Тэгвэл Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүддээ намаас хөөх тухай ярьж байсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан өчигдөр нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагад тайлбар ирүүлэхийг шаардсан билээ.

Энэ дагуу гишүүд эхнээсээ “арьсаа” хамгаалж өөрсдийн байр сууриа сошиалаар илэрхийлж байна. Тэд зээл авсан талаар хариулахдаа зарим нь уянгалж, зарим нь иргэн хүн байхдаа зээл авсан зэргээр асуудлыг өөрсдөөсөө бултуулж байна. Дээрх асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуулийн байгууллагаар шалгуулна биз. Би гишүүдээ өмөөрнө” гэсэн тайлбарыг өгсөн бол, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Хөгжлийн банктай холбогдсон гишүүдийн байр суурийг хүргэе.

"ААВ МИНЬ НАДАД ИЛҮҮ САНАА ЗОВЖ БАЙГАА"

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:

-Миний аав олон жил бизнес хийж байгаа хүн. Охин нь учраас аавдаа хайртай, хүндэлж явдаг. Аав минь намайг бизнесийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй. Намайг мөнгөнөөс илүү номтой нөхөрлөх байдлаар хүмүүжүүлж ирсэн. Тэр ч утгаараа би өдийг дайтай явж байна. Тэгээд дээрх асуудал гарсны дараа би мэдсэн. Аав маань надад их санаа зовж байгаа. Охин минь надаас болоод нэр холбогдлоо гэдэгт.  Одоо нойргүй хоноод бие нь муудсан, охиноосоо уучлалт гуйсан байдалтай байна. МАН-ын Хяналтын хорооноос үүрэг өгсний дагуу би албан бичиг бичээд шалгуулъя гэж бодож байна. Өөр юу хэлэх вэ дээ. 2018 он гэхэд би гишүүн болоогүй байсан.

/Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшдэг "Вояжер минерал ресурсес" ХХК 10.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иений зээлийг авсан./

"ХЭРВЭЭ БИ ХАМААРАЛТАЙ БАЙСАН БОЛ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВАХ УУ"

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Би өөрийгөө шалгуулна гэдгийг хоёрдугаар сарын 1-нд мэдэгдчихсэн байсан. Хууль зөрчсөн, хамааралтай эсэх, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Гуравдугаар сарын 23-нд МАН-ын Хяналтын хорооноос гарсан бичгийн дагуу шалгуулахаар материалаа бэлдэж байна. Асуудал байхгүй шалгуулна. Зээлд нөлөөлөөгүй. Нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан техник урсрах ажилчид нь ирээгүй байгаа юм билээ.  Үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнэ баруун бүс нутаг буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгийд хямдрах байх. Тэр төслийг хэн ч авч хэрэгжүүлж болно. Санаа зоволтгүй. Хэрвээ би хамааралтай байсан бол ам.долларын зээл авах уу. Үгүй.  Төгрөгийн зээл авна. Хэрвээ би оролцсон байсан бол 18 хувийн зээл авах уу. Үгүй.  Зургаан хувийн хүүтэй зээл авна. Нөлөөлөөгүй учраас хамгийн өндөр хүүтэй зээл нь байж байна.  "Вестерн Холд" компанийн авсан зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа.

/УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төрсөн дүүгийн хариуцдаг байсан “Вестерн холд” компани Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын зээл авсан./

"ИРГЭН Г.ДАМДИННЯМ БАЙХДАА ЗЭЭЛ АВСАН, ИРГЭН ХҮН БИЗНЕС ХИЙЖ БОЛНО БИЗ ДЭЭ"

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Би өөрийнхөө сошиал хаягаар мэдээлчихсэн. Шалгуулна. Асуудал байхгүй. Яагаад өнөөдрийг хүртэл хүлээж байсан бэ гэвэл миний ойлгосноор авлигалтай тэмцэх байгууллага хууль хяналтын байгууллагууд нэр дурдагдсан байгууллагыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Шалгаад хамаатай байгаа эсэхийг гаргаад ирнэ биз хүлээж байгаа. Одоо их сайхан боллоо. Намайг АТГ дуудаагүй байна. Дуудвал очиж хариултыг нь өгнө. Хамтарч ажиллана, мэдээллээ өгнө. Тэр бол иргэн Г.Дамдинням байх үеийн асуудал шүү дээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням биш. Иргэн хүн бизнес хийж болно. Гэхдээ тэр үед тус компанийн хоёр хувийг авчихсан байж байгаад болилоо гээд буцаагаад өгсөн. Нууж хаагаад, зугтаад байх юм байхгүй. УИХ-ын гишүүн байж байгаад зээл авсан бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай. Энэ зээлийг зориулалтын дагуу аваад татвар төлөөд явж буй компаниуд цар, тахал, хил хаалттай нөхцөлд бизнес нь хүндэрсэн байвал харж үзэх ёстой. Жинхэнэ бизнесээ дэмжих ёстой.

/УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан./

"МУУР, НОХОЙН ХООЛНЫ БИЗНЕС ХИЙГЭЭД 4-5 ТЭРБУМ ХУЛГАЙЛАХ ХҮН БИ МӨН ҮҮ"

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Хэлэлцүүлгийн үеэр андуурагдаж зарласан хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр надаас уучлал гуйсан шүү дээ. “Монгема” компани надтай ямар ч хамааралгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг гэж нэг л зүйл байдаг. Эзэмшиж буй компани, хадгаламжид байгаа мөнгө, тухайн жилд олсон орлого, унаж буй машин зэргээ хөрөнгө орлогтоо мэдүүлдэг. “Монгема” компани надтай хамааралгүй. Нэг ч төгрөгийн холбоогүй. Би муур нохойн хоолны бизнес хийгээд дөрөв, таван тэрбумыг хулгайлчих хүн  мөн үү.

 

"ЗЭЭЛ АВСАН ТУС КОМПАНИД БИ ЯМАР Ч ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГГҮЙ"

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар миний бие удаа дараа хэвлэл мэдээлэлд тайлбар өгсөн. Зээл авсан тус компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй, зээл авах үед нь ч улс төрийн алба хашдаггүй мөн хаших эсэхээ ч мэдээгүй байсан. Тус зээлэнд улс төрийн нөлөөлөл үзүүлэх ямар ч үндэслэлгүй тухайгаа МАН-ын хяналтын хороонд тайлбараа ч хүргүүлсэн, хууль хяналтын байгууллагад ч шалгуулахад бэлэн байна.

/УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан./

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж