Бүтэн хоёр жилийг эх орноодоо “хоригдож”, хүн хоорондын зай барьж өнгөрүүлсэн Өмнөд Солонгосын иргэн Ким Хо Жун Хавай руу сүүлчийн нислэгт амжиж бүртгүүлжээ. Тэрбээр зургаан жилийн өмнө Хавайд хуримын бал сараа өнгөрүүлж байсан учраас тус арлыг зорихоор шийдсэн аж. Өмнөд Солонгосын засгийн газраас вакцинд хамрагдсан хүмүүст хязгаарлалтын журмаа зөөлрүүлснээр цар тахлаас болж удаан “хоригдсон” хүмүүст гадагшаа аялах хорхойгоо дарах боломж олдсон нь энэ.
Ким Хо Жун хэлэхдээ, “Би долоо хоногийн өмнө л билетээ авсан. Covid-19-өөс өмнө би байнга гадаад орнуудаар явдаг байсан учраас хоёр жил хил давах боломжгүй байсан нь давчидмаар байсан” гэж Инчон олон улсын нисэх буудлаас нислэгтээ суухдаа ярьжээ. Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн болон нэмэлт тунг тариулсан Ким Хо Жун шиг маш олон солонгосчууд “өс авах аялалдаа” гарахаар яарчээ.
Цар тахлын улмаас гадаадад аялах боломжгүй, нислэг нь цуцлагдсан хүмүүс олон нийтийн сүлжээнд “өс авах аялал” гэх хэллэгийг тренд болгосон.
Өмнөд Солонгос улсаас гадаад орон руу аялагчдын тоо гуравдугаар сарын 21-нээс хойш огцом нэмэгджээ. Учир нь Өмнөд Солонгос нь дэлхийн олонх орноос ирэх вакцины бүрэн тунтай аялагчдад тус улсад долоон хоног тусгаарлагдах журмаа цуцалсан юм. Өмнөд Солонгос нь цар тахлын халдвараас сэргийлэх хориг, хязгаарлалтаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн сулруулж эхэлсэн боловч Covid-19-ийн омикрон хувилбарын тархалтаас болж буцаан чангаруулсан.
Өмнөд Солонгос нь хүний эрхийн зөрчилд тооцогдсон цар тахалтай хүмүүсийг “мөшгих” зэрэг хөл хорионы хатуу журмаа цуцалснаар Ази-Номхон далайн “нээлттэй” орнуудын жагсаалтад нэгдлээ.
Тус бүс нутгийн Япон, Сингапур, Монгол, Австрали, Шинэ-Зеланд, Сингапур зэрэг олон улс гадаадаас ирэх аялагчдад тавьсан хязгаарлалтын журмаа зөөлрүүлж, цуцлаад байгаа юм. Тухайлбал, Сингапур, Монгол нь “вирустэй зохицон амьдрах” бодлогын хүрээнд гадаадын аялагчдад тавьсан бүх хязгаарлалтын журмаа цуцалсан.
Өмнөд солонгосчуудын тухайд гадаадад аялахад бэлэн байна. Судалгаагаар Өмнөд Солонгосын иргэд Covid-19-ийн тусахаас айх айдас нь багасч, халдварыг нэгэнт хяналтаасаа алдсан учир урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ цуцлах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Гадаад улс руу аялах нисэх онгоцны тасалбар гар утсаараа захиалах иргэдийн тоо гуравдугаар сарын 11-ны байдлаар өнгөрсөн жилтэй харьцуулахад найм дахин нэмэгдсэн гэж “SK Telecom Co Ltd” компани мэдэгджээ. Нислэгийн тасалбарын захиалга Өмнөд Солонгост хязгаарлалтыг сулруулах талаар долоо хоногийн өмнөөс шум дэгдсэнээр эрс өссөн аж. “Цар тахлаас болж би гадаад улс руу битгий хэл дотооддоо ч аялж зүрхлээгүй. Харин одоо арай чөлөөтэй санагдаж байна. Өмнө нь амьдарч байсан Хавай руу очих болсондоо догдолж байна” гэж 27 настай Ким На Ён ярьжээ.
Агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын агентлагуудын мэдээлснээр өмнөд солонгосчуудын хувьд Хавай, Сайпан, Гуам арлууд, Европ, Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга илүү их өгч байгаа аж. Тэр дундаа вакцинжуулалтад хамрагдсан эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай бол тусгаарлалтын журмыг цуцалсан “нээлттэй” орнууд руу голчлон аялах захиалга өгчээ. Сайпан, Гуам арлууд нь Өмнөд Солонгостой аяллын шугамын гэрээтэй бөгөөд тус улсын иргэдэд дээрх эрхийг олгож байгаа аж. Түүнчлэн Сайпан аралд очсон Өмнөд Солонгосын иргэд зөвхөн бизнес аяллынхаа хугацаанд зарцуулах 100 ам.долларын “аяллын бонус” авдаг байна.
Аяллын цахим худалдааны “Interpark Corp” компанийн мэдээлснээр Номхон далайн орнууд руу нислэгийн захиалга гуравдугаар сарын 11-22-ний хооронд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 324 хувиар өсчээ. Харин Зүүн Өмнөд Ази руу аялах захиалга 268 хувь, Европ руу 262 хувиар нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ тус компани өнгөрсөн Ням гаригт ердөө 70 минутын дотор Хавай руу 5200 “аяллын багц”-ын захиалга авч дээд амжилт тогтоожээ. Мөн “CJ Corp” корпорацийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гэрт хүргэдэг цахим цахиалгын нэгжийн мэдээлснээр тухайн өдөр Испани, Итали руу аялах 2800 орчим захиалга авсан ба нийтдээ 15 тэрбум воны /12.41 сая ам.доллар/ орлого олсон байна. Харин Хавай руу аяллын багцийн захиалга дангаараа есөн тэрбум вон болжээ.
Япон руу тогтмол аялдаг 36 настай И Тэ Ву иений ханш суларсныг далимдуулаад нэлээд хэдэн воныг солиулж аваад нөөцөлснөө ярьжээ. Тэрбээр аялал жуулчлал сэргэхээр иений ханш буцаад өснө гэж найдаж байгаа аж. Япон нь жуулчдыг татаж эхлээгүй байгаа ч бизнес болон бусад зорилгоор ирсэн хүмүүст тусгаарлалтын хоногоо долоогоос гурав болгож бууруулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ