М.Энхсайхан: "Шинэ сэргэлт"-ээр тээвэр ложистикоо сэргээж чадна

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

М.Энхсайхан: "Шинэ сэргэлт"-ээр тээвэр ложистикоо сэргээж чадна

М.Энхсайхан: "Шинэ сэргэлт"-ээр тээвэр ложистикоо сэргээж чадна

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Сүүлийн гурван жил дэлхий дахинд хүнд хямрал нүүрлэж байна. Цар тахлын айдас хүйдэс дээр дайн самуун ч дэгдлээ. Дайны дараа дэлхийн улс төр, эдийн засагт том өөрчлөлт гарах шинжтэй. Үүнийг та хэрхэн харж байна?

-Дэлхий ертөнц сүүлийн жилүүдэд асар хурдтай өөрчлөгдөж байна. Үүнд том түлхэц үзүүлсэн нь цар тахал гэж хэлж болно. Удаах нь Орос улсаас Украинд өдөөсөн дайн болох байх. "Covid-19"-өөс  илүүтэй том асуудал бол дайн ба энхийн асуудал юм. Болж байгаа үйл явдлаас нэгэн зүйл ойлгогдож байгаа нь дэлхий ертөнц үнэхээр глобальчлагдаж нэгэн организм болжээ гэж хэлж болно. Цар тахлыг даван туулах, дайныг зогсоох асуудал дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтарсан ажлын үр дүн байх юм байна. Монголчууд бидний оруулах хувь нэмэр даруухан байх биз ээ. Харин хоёр том хөрш асуудалд хэрхэн хандаж байгааг ойлгох явдал чухал байх болов уу. Ялангуяа дайн ба энхийн асуудалд хөршүүд маань ялгаатай байр суурьтай байгаа.  Өөрөөр хэлбэл, дэлхийн II дайны дараа тогтсон олон улсын дэг журамд хөршүүд маань хэрхэн хандаж буйгаараа ялгарч байна.

1950-иад онд Орос, Хятад хамтарч ажиллахад тэднийг  нэг коммунист үзэл суртал нэгтгэж байсан. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Аль, аль нь коммунист үзэл суртлаас салсан. Хуучин сэтгэлгээний инерци хадгалагдаж байгаа ч олон олон асуудал дундаас эдийн засгийн хөгжлийн асуудал тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон байдаг. Хятадын эдийн засаг өнгөрсөн 40 жилд дунджаар 6-8 хувиар, Оросын эдийн засаг 1-2 хувиар өссөн. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хувьд Орос, Хятад орон улам бүр холдож тасарч байна гэсэн хэрэг. Энэ нь олон улсын дэг журамд хоёр орон өөр өөр байр сууринаас хандах байдлыг бий болгож байгаа юм.

-Тэгэхээр дэлхийн улс төрийн өрөг дээр Хятад хожиж, Орос хожигдож байна гэсэн үг үү?

-Тийм. Орос өнөөгийн дэлхийн дэг журмын хохирогч гэж өөрийгөө үзэж дэлхийн дэг журмыг үндсээр нь өөрчлөхийг хүсч байгаа бол  Хятад өнөөдрийн дэг журмаас хожоо гаргаж чадаж байгаа учир дэлхийн дэг журмыг өөрчлөх биш, боловсронгуй болгох ёстой гэсэн хандлагатай явж ирсэн. Хэн хоцрогдож байна тэр илүү ууртай уцаартай байх биз. Тиймдээ ч Орос талаас олон улсын дэг журмыг үл ойшоон хүчийг үзүүлэхийг хүсч байгаа. Тэр нь Украинд дайн өдөөх хэлбэрээр илэрч байгаа байх. Эдийн засгаар бус, зөвхөн цэргийн хүчээр супер гүрэн байхад хэцүү гэдгийг Путины ялагдал харуулах бизээ.

-Монголын хувьд хойноо дайн самуунтай, урдаа цар тахлын хоригтой. Өнөөдрийн бодит байдлыг нь харвал жинхэнээсээ хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага болчихсон байна л даа. Жижиг улсын хувьд бид үүнээс яаж хохирол багатай гарах ёстой вэ. Та  Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд юу гэж харж байна?

-Глобаль ертөнцөд жижиг орон жижигдэхгүй гэдгийн жишээг Украинчууд үзүүлж байна. Энэ бол асуудлыг том цонхоор харвал шүү дээ. Украинд болж байгаа дайн олон улсын дэг журам, аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоонд асар их шинэчлэл авчрах байх. Тэр болтол монголчууд бид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гээд өөрсдийгөө өхөөрдөөөд, хариуцлагагүй байдлаа зөвтгөөд суухгүйгээр идэвхтэй гадаад дотоод бодлоготой байх хэрэгтэй байнаа.

ХӨРШ ХЭЧНЭЭН ТОМ Ч  ҮНДЭС УГСААГАА ХАМГААЛАХ АРД ТҮМНИЙ ХҮЧ ЧАДАЛ ҮНЭХЭЭР АГУУ 

-Та нэгэнтээ Оросын цэрэг орж ирж магадгүй гэж сэрэмжлүүлсэн байсан. Яагаад ингэж сэрэмжлүүлэх болов. Тийм хандлага, хардлага байна уу?

-Орос улс “Бид Украиныг дайрахгүй” гэж илт худлаа хэлж байгаад цэргийн их хүчээр Украин руу довтолсон энэ үйл явдал бол олон улсын тогтсон дэг журамыг зөрчсөн, хүн төрөлхтний эсрэг хийж байгаа гэмт хэрэг шүү дээ. Украины ард түмний зориг тэвчээр, хатуужил бол ердөө гайхамшиг. Хөрш хэчнээн том ч эх орноо, үндэс угсаагаа хамгаалах ард түмний хүч чадал үнэхээр агуу юм. Монголчууд бидэнд том хичээл болж байна. Томоор харвал Орос энэ дайнд аль хэзээнээ ялагдсан. Ялагдал Орос оронд өөрчлөлт, түргэн хөгжлийн бололцоо авчирна. Энэ утгаараа Путины дэглэм ялагдаж байгаа болохоос Оросын ард түмэн ялагдаж байгаа биш юм. Дарангуйллаас салах амархан ажил биш. Оросын түүх тэр чигээрээ царь уламжлал бөгөөд нэг нь нөгөөдөө эрхээ шилжүүлэхийн тулд байнга л ороо бусгаа замаар явсан байдаг. Путин мөн л тэр замаар явж байгаа. Шаналгаатай зам. Өөр сонголт байхгүй.

-Оросын энэ заналхийллээс Монгол яаж холуур тойрч гарах ёстой юм бэ. Элчин сайд нь хүртэл монголчуудыг элдвээр өдөөн хатгаж эхэллээ?

-Царь-Дарангуйлагч түүхийн насаа уртасгахын тулд, дотооддоо ард түмнийхээ тархийг угаахын тулд өчүүхэн боловч “ялалт” түүнд хэрэгтэй. Тиймээс ч Орос хөрш орнууддаа ил тодоор заналхийлж байгаа. Хөрш орнуудаа фашистуудаас чөлөөлнө гэж хийрхэж байгаа. Манайд хэд гурван фашистууд байгаа. Тэднээс манийгаа чөлөөлөх юм гэвэл бид юу ч хэлж чадахгүй. Орос хэлтэй иргэдээ хамгаална гэж дайнаа зөвтгөж байгаа. Орос хэлтэй хүн бүрийг “эх орон нэгт” гэж үзэх хууль Төрийн думд хэлэлцээд сууж байна. Эх орон нэгтээ хамгаална гэвэл бид юу хэлж чадах юм. Тэгээд ч манайд чамгүй тооны орос иргэд бий. Оросын хэвлэлд Монгол Америк нийлээд биологийн лабратори байгуулсан гэж иргэдээ айлгаж байгааг зүгээр нэг эндүүрэл гэж харж болохгүй. Цэрэг хөдөлгөх түмэн шалтгаан өөрсдөө зохиогоод байгаа шүү дээ. Оросын хувьд хөрш орнууддаа халдаж баталгаатай “ялалт” байгуулж болох цөөхөн орнуудын нэг нь Монгол. Монголд бүр 1924 оноос хойш Зөвлөлт Оросын цэрэг их бага хэмжээгээр байж байгаад 1989 онд хамгийн сүүлчийн цэргүүд нь Монголоос гарсан байдаг. Түүхээ харвал болгоомж илүүдэхгүй. Хэлдэг ярьдаг байх хэрэгтэй.

-Монголд Оросын гар хөлүүд, Путины шүтэн бишрэгч олон. Зарим улстөрчид ил цагаан үүнийгээ илэрхийлдэг. Тэгэхээр Орос цэрэг орж ирэх аюул байнгын дагаастай, бид үүнд байнгын сэрэмжтэй байх ёстой байх.

-Монголд Оросыг сохроор шүтэгчид бий. Цаазын ял сэргээж улс төрийн өрсөлдөгчидөө хэлмэгдүүлэх аян эхлүүлэх гэж оролдсон Ерөнхийлөгчтэй байсан, Казакстанд цэрэг оруулсан эрх зүйн үндэс болсон Төв Азийн орнуудын хооронд байгуулсан гэрээнд элсэх өргөдлөө бариад гүйж явсан зэргийг бодолцвол Монголд Орос цэрэг ороод ирэх аюул одоо ч байгаа л санагдаад байгаа.

Өөрийгөө хамгаалах арга нь болгоомжлолоо ил тод л хэлэх, иргэд нь ийм үйл явдлыг гаргуулахгүй байх шүү дээ.

-Украин руу хийсэн Оросын дайны эсрэг улс төрийн намууд ямар нэгэн үг, үйлдэл гаргах хэрэггүй гэх байр суурийг зарим улс төрчид илэрхийлэх болсон. Энэ нь магадгүй Орос Монголд шатахуун, эрчим хүчний хориг тавьчих вий гэсэн айдаснаас болсон байх. Үнэхээр оросууд бидэнд эрчим хүч, шатахууны хориг тавих болов уу?

-Айдаст өөрсдийнхөө үйл хөдлөлийг уях хэрэггүй гэж бодож байна. Тиймээ, Монгол олон Ерөнхий сайдаа Москвад Оросын шүүхээр цаазлуулж байсан. Хэдэн арван мянгаар сэхээтнүүдээ хэлмэгдүүлж байсан. Тиймээ, сэхээтний төөрөгдөл гээд олноор нь шоронд хийж, хөдөө цөлдөг байсан. Айдас монголчуудад гүн шигдээстэй. Оросоос айх айдсаа нуухын тулд Оросыг шүтэж амьдрах үзэл дэлгэрүүлсэн. Айдаг тусгаар тогтнол гэж байхгүй шүү гэж Д.Монголхүү жиргэсэн байсан. Би тун товч онож хэллээ гэж бодож байгаа. Украины асуудлаар хэн ямар байр суурь илэрхийлж байгаагаар монголчууд хоорондоо бие биенээ хэмлэх хэрэггүй. Манай иргэний нийгэм дайныг сайн эсэргүүцэж байгаа. Төр засаг ч дайныг дэмжсэн юм байхгүй. Гал зогсоохын төлөө байна гэдгээ Гадаад харилцааны сайдаараа дамжуулж илэрхийлсэн. Дотроо хэрүүл тарихгүй, болчимгүй дуугарч Монголын эдийн засагт гай учруулахгүй гэсэн Засгийн газрын байр суурийг ойлгож хандаж болно. Орос орон дэлхийн улс орнуудыг найрамдалт, найрамдалт бус гэж дотроо ангилж ялгаатай харилцах бодлого барьж байна. Тэдний ангиллаар хоёр улсын хоорондын түвшинд хориг тавих нөхцөл байхгүй. Харин ч хилээ нээгээд байгаа. Бидний хувьд олон улсын хоригтой зөрчилдөхгүйгээр хэрхэн харилцаагаа хадгалан хөгжүүлэх вэ гэдэг асуудал бий. Төлбөр тооцоо, тээвэр харилцаагаа хөгжүүлэхдээ Олон улсын хамтын нийгэмлэгээс тавьсан хоригийг зөрчихгүй байх нь чухал. Ингэхийн тулд хоёр талын болон олон талын хамтарсан үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага үүссэн боловуу гэж бодож байна. Тэр тусмаа Барууныхан Орост тавьсан хоригийн хохирогч нь Монгол биш байгаасай гэж хичээж байгаагаа хэлж байна.

-Олон Улсын шинжээчид Орос задарч магадгүй талаар ярьж, бичих болсон байна. Оросын задрал Монголд ямар үр дагавар авчрах вэ. Сайн уу, муу юу?

-Энэ талаар худлаа худлаа янз бүрийн үлгэр яримааргүй байна. Орос орон ардчилагдаж хүн ард нь хангалуун амьдралтай, найрамдалт хөрш байгаасай гэж хүсэх байна. Путин анх гарч ирэхдээ Оросыг Европ руу чирсэн тэр үедээ Монгол гэдэг улс байдаг эсэхийг үл ойшоосон. Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд нь Монгол татварын нөхцлөө ярьж тохирох ёстой байсан боловч нөгөө л Оросын өмнө хулчигнадаг зангаараа Оросын зүгээс тавьсан хориг мэт өндөр татварыг үг дуугүй авсан байдаг. 10-аад жилийн дараа Путин Европ бол Орос орны хань биш гээд өөрийн Евроазийн бүс байгуулж эхэлсэн. Монгол гишүүн биш тул өндөр татвар ногдуулдаг орон болсон. Болсон явдлыг хойш тавиад одоо Оросын зах зээлийг Монголд нээлгэх талаар ажиллах хэрэгтэй. Оросуудын хувьд Монголын зах зээл нээлттэй. Энэ нь Оросын ард түмэнд, хоёр орны цаашдын ирээдүйд хэрэгтэй.

-Тэгвэл Хятад Улс хилээ хаагаад бараг таван сар боллоо. Цар тахал шалтаг болохоос жинхэнэ шалтгаан нь биш байх. Яагаад урд хөрш хилээ нээхгүй Монголыг “хориглоод” байгаа юм бол?

-Албан тайлбар нь covid-19, цар тахал гэх. Магадгүй өөрсдөөсөө буруу хайвал бидний бизнес хийж байгаа соёл олон улсын стандартад хүрдэггүй, гадаадын оруулсан хөрөнгө оруулалтыг нь хамгаалдаггүй, тэр ч байтугай төрийнхөнтэй нийлээд дээрэмддэг, зоддог, хүнийг угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхдаг зэрэг дутагдлууд нийлсээр ийм байдал бий болгосон биз. Арбитр дээр маргалдаж яваа кэйсүүдээ харчих. Юу тарина, түүнийгээ хураана гэсэн үг байдаг даа. Барууныхан бол чимээгүйхэн гараад явчихна. Дорныхон бол шалтаг олоод гацаачихна.

ШИНЭЭР ҮҮСЧ БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДАЛД ХЭРХЭН ТҮРГЭН ЗОХИЦОХООС МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ ХАМААРНА

-Монголд усан цахилгаан станц, төмөр зам барих гээд томоохон мега төсөл хэрэгжүүлэх бүрт гадаад,дотоодын улс төрөөс болж нурдаг талтай. Та өөрөө ч зовлонг нь хамгийн сайн мэдэрсэн хүн. Өнөөдөр ч эрчим хүч, төмөр замын төслүүдийг эсэргүүцдэг монгол хүн олон. Ингэхэд монголчууд боловсрол, мэдлэггүй байна уу, мэдээллээ ойлгуулж чадахгүй байна уу?

-Путин хөршүүдээ эрчим хүчний хараат байлгах бодлого хэрэгжүүлж байсан. Тийм бодлогын том хохирогч нь Европ, түүний дотор том нь Герман. Одоо ийм бодлого хүндхэн үр дагавартай байсныг ойлгоод Меркель хатагтайг зүхэж байгаа дуулдана. Байгалийн хийг хоолойгоор ганц нийлүүлэгчээс авахын аюулыг Хятад улс ч бас ойлгож байгаа байхаа. Өөрөөр хэлбэл манайхны байгалийн хийн хоолой тавина гээд Хятадгүйгээр зөвхөн Оростой наадаж байсан нь зүгээр  суртал нэтрүүлэг байсан гэдгийг ойлгох байхаа гэж бодож байна. Төмөр замын хувьд бол Монголд өргөн төмөр зам тавина гэж хөрөнгийг нь үр ашигггүй зарцуулах бодлого нь Оросын тоглоом байсан. Энэ талаар урд нь зөндөө ярьж байсан. Хээр тал дээр хайрга зулаад төмөр зам тавьсан чинь ачаалал даахгүй осол болж байна. Гайхаад байх зүйл биш.

Төмөр зам бол инженерийн нарийн барилга байгууламж түүнийг барихад авто зам барьж байгаа шиг хандаж болохгүй гэж би өмнө нь хэлж байсан. Дэгэн догонтой авто зам дээр тойроод ч болов машин явж болдог. Дэгэн догон төмөр зам дээр галт тэрэг онхолдоно, тойрох аргагүй. Бүр түүнээс ч илүү муу юм болно гэдгийг хэлэх хэрэгтэй. Рельс төмөр шил мэт хагарахыг үзэхэд би нэг их гайхахгүй. Харин хайран мөнгө, хүн хүч, хөдөлмөр, алдагдсан цаг хугацаа, боломж яанаа гэж бодох болно.

-Тэгвэл том төслүүдийг хэрэгжүүлэхэд юу анхаарах ёстой вэ. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт”-ийн бодлогодоо том төслүүдээ хөдөлгөнө гэж амалсан. Бүтэх болов уу?

-Шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас бодлогоо чамбайруулах бизээ гэж харж байна. “Алсын хараа” гэж байх үед цар тахал ч байгаагүй, Украины дайн ч байгаагүй санагдах юм. Том төслүүд том мөнгө шаардана. Санхүү босгох асуудал таван жилийн өмнөхтэй харьцуулбал улам л хэцүү болсон. Төсөл том байх тусам бүтэх магдлал бага байна. Төсөл боловсруулж хэрэгжүүлэх хандлагадаа өөрчлөлт хийх цаг болсон санагдаад байх юм.

Жишээлбэл, Цахилгаан станцын хувьд модулар жижиг станц руу анхаарлаа хандуулмаар байна. Жижиг хэрэгцээ хангаж, инженерчлэл, боловсон хүчнээ шинэ технологид сургах хэмжээгээр хүчин чадлаа нэмэх бодлого руу явмаар байна. Агуу юм чимхлүүр ажлаас эхэлдэг гэж хэлмээр. Популизм дагаж шийдэл гаргадаг төрийн бодлого дампуурна. Гэвч дураараа загнахгүй байхын тулд зөв мэдээлэл бүхий иргэдтэй болох тал дээр засаг ажиллах ёстой. Ингэхгүй бол том дарга том алдаатай шийдвэр гаргаад дараа нь дампуурна.Ер нь бол манай өнөөгийн дүр зураг шүү дээ.

-Засгийн газар  “Шинэ сэргэлт”-ийнхээ бодлогын хүрээнд жишээ нь,  хамгийн түрүүнд ямар салбарт сэргэлт хийх ёстой гэж та зөвлөх вэ?

-Тээвэр ложистик. Худалдаа. Монголчууд үүнийг хийж чадна.

-Ам.долларын нөөц багасч, зарим төрлийг тансаг хэрэглээнд хязгааралт тавихаа төв банк илэрхийлсэн. Энэ нь хэр зөв үйлдэл гэж дүгнэж байна?

-Дайн, Оросын хоригтой холбоотой үүсч байгаа шинэ нөхцөл байдлаа ойлгож амжаагүй хүмүүс л харагдаад байгаа.

-Засгийн газраас шатахууны үнийг чөлөөлсөн. Одоо эрчим хүчний үнийг чөлөөлөх ёстой гэсэн саналыг зарим эдийн засагчид хэлэх болсон байна лээ. Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв үү?

-Шинээр үүсч байгаа нөхцөл байдалд хэрхэн түргэн зохицохоос манай эдийн засгийн амжилт хамаарна. Шатахууны үнийг нэмэгдүүлэхдээ нэг удаадаа 100 төгрөг гэсэн хязгаарлалт тогтоосон юм билээ. Тодорхой хугацаа өнгөрөөд 100 төгрөгөөр. Хугацаагаа болохоор дахиад 100 төгрөгөөр өсөх бололтой. Оростой төлбөр тооцооны аргачлалаа тохироогүй байгаа гэсэн. Монгол Оросын “найрамдалт” улс ангилалд багтвал доллараар төлөх байх. Үгүй гэвэл рубль юмуу алтаар төлбөр хийх шаардлага гарна. Оросын Төв банк 5000 рублийг нэг грамм алттай уялаа гэсэн. Үүнийг анхааралдаа авбал шатахууны үнэ 20-иос доошгүй хувиар өсөхөөр байгаа. Ганц шатахуун биш гээд бодчих. Эрчим хүчний үнийн хувьд үнэ өртөгөө нөхсөн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэхээсээ илүүтэй үнийн олонлог бий болгооч гээд олон жил ярьж байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын цахилгааны үнэ шинэчэлийн өртөгөө шингээсэн нэг үнэтэй байх, элэгдэл хорогдлоо нөхчихсөн цахилгаан станцын цахилгааны үнэ арай хямд байх гээд бодох хэрэгтэй. Дулааны үнэд энэ асуудал мөн хамаарна. Зах зээл ажиллаж бодит үнэ дээрээ очихгүй бол шинэчлэлгүй, хөрөнгө оруулагчгүй бахь байдгаараа байх болноо. Тэр нь эрчим хүчний хязгаарлалт хэлбэрээр илрэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж