“Монголын эдийн засгийн форум-2022” арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган” хоёр дахь өдрөө Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус чуулганаар уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй дотоодын санхүүгийн байгууллагууд, зарим томоохон ААН-үүдэд батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Манай улсын тухайд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь үржил шимгүй газар болон доройтож байна. Цаг уур, байгаль орчны сөрөг өөрчлөлтийн эсрэг иргэн, аж ахуй нэгж бүр нэгдэн, ногоон ирээдүйг бий болгохын тулд хамтран ажиллах шаардлага үүсч байна.
“НЬЮ ПРОГРЕСС ГРУПП” нь стратегийнхаа түвшинд алсын хараа, үнэт зүйлсдээ ногоон хөгжлийн тогтвортой бодлогыг тусгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд төвийн болон алслагдсан бүсэд тарьж ургуулах, нийтийн экологийн боловсролд хувь нэмрээ оруулан байгальд ээлтэй хойч үеэ бэлтгэн мод тарих, ургуулах хамгаалах дадлыг суулгах зорилготойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч-У.Хүрэлсүхийн санаачилсан 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд дэмжин 10 сая мод тарихаа батламжлав.
Тухайлбал нийт тарьж ургуулах модоо Орон нутаг болон Улаанбаатар хотод мод, бут, сөөг тарьж ногоон байгууламжийн орчинг бий болгох зорилт тавин ажиллаж байна.
Эх орон байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож ой мод, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин бусад групп компаниуд болон бүх нийтийг мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.