Чуулган: Далд эдийн засагт жилд 1.5-1.7 тэрбум доллар алддаг

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Далд эдийн засагт жилд 1.5-1.7 тэрбум доллар алддаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.


15 : 14
2022-3-31

"Төсвийн тодотгол хийнэ гэж хэлэхэд эрт байна"

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Сүүлийн үед улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Мэдээж гадаад, дотоод олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал нь иргэдийн орлого багасч байна. Дундаж давхарга доошилж байна. Статистик тоо гаргахдаа бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл гаргаад байх юм. Ажилгүйдлийн түвшинг хамаагүй бага гаргаж байна. Зөвхөнтэй бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоогоор ажилгүйдлийн түвшинг тодорхойлж байна. Ингэснээр хувь хүний орлоготой хамаарсан статистик үзүүлэлт нь гардаггүй. Тэгэхээр бодит байдал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалж гаргасан тоо хэд байна вэ? Ядуурлын хэмжээ улам нэмэгдэж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил ядуурал хэдэн хувиар нэмэгдэв. Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Харин төсвийн бодлогоо яах вэ? Ойрын үед төсвийн тодотголын асуудал яригдах уу. Үүн дээр Сангийн яам ямар бодолтой байна вэ. Миний харж байгаагаар импортоо багасгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс хэмнэсэн орлогыг ард түмний амжиргаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд зарцуулах нь зөв. Тиймээс хөрөнгө оруулалтаа багасгах хэрэгтэй. Энэ жил хөрөнгө оруулалтын үнийн дүн өсөөд хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй байдалд орно. Хөрөнгө оруулалт импортийг дэмждэг. Импортийг дэмжинэ гэдэг нь ний нуугүй хэлэхэд ам.долларыг л өсгөдөг. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ өндөр байгаа энэ үед бүтээгдэхүүнээ борлуулах чиглэлд дорвитой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Ойрын үед хийх хэлэлцээр байна уу. Хурдлах хэрэгтэй байна. Хятадын хил хаалттай бараг хоёр жил боллоо.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Олон гишүүд ийм асуулт асууж байгаа. Асуухаас ч өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Дэлхий нийт 2022 онд цар тахлыг ардаа орхиод эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлсөн. Бид ч мөн адил тэгсэн. Гэсэн хэдий ч дараагийнхаа том сорилттой нүүр туллаа. Тиймээс мөнгөний бодлого, төсвийн бодлогууд дээрээ тодорхой хэмжээний өөрчлөлт хийнэ. Хэмнэлтийн горимд буюу нөөцүүдээ хамгаалах төлөв рүү шилжинэ. Үүний дохио болгож, Монголбанк мөнгөний бодлогын төлөвийг хатуурууллаа. Өөрөөр хэлбэл, бид инфляцийг зорилтот түвшин рүү буулгах, валютын ханшаар дамжин орж ирэх гадаад валютын нөөцийн дарамтад орохоос урьдчилан сэргийлнэ. Энэ нь төсөвт шууд нөлөөлнө. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалт дээр. Төсвийн бодлого тал дээрээ бид төсвийн урсгал зардлаа тусад нь харах ёстой. Төсвийн үйлчилгээ явдгаараа явна.

Төсвөөс 100 хувь санхүүжүүлэх үүрэгтэй. Тэвчиж болох зардлуудаа хэмнээд явна. Хөрөнгө оруулалтыг онцгойлж авч үзэх ёстой. Энэ жил Засгийн газрын хувьд төсвийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэл өндөртэй гаргахын тулд гуравдугаар сарын 1-н гэхэд төсвийн бүх хөрөнгө оруулалтаа зарлах ёстой гэж хуульчилсан. Тус гүйцэтгэл дажгүй 80 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Зарлах нэг хэрэг оролцох, гүйцэтгэх нэг өөр хэрэг. Барилгын материалын импорт буюу үнийн өсөлтөд хилийн асуудал нөлөөлж байна. Тиймээс оролцогч нар маш их цөөрч байна. Бодит байдал ийм байна. Одоогоор төсвийн тодотгол хийх, хөрөнгө оруулалтаа зарцаана гэж хэлэхэд эрт байна. Төсвийн тодотгол нь хуулийн дагуу байх ёстой. Гэхдээ хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээний хэмнэлт гаргахаас өөр аргагүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын тоо ширхгийг аль болох хэвээр хадгалахыг зорино.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Засгийн газар 2021 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 74.5 хувьтай үнэлжээ. Харин УИХ-ын Тамгын газар 69.6 хувиар үнэлжээ. Дээрх үзүүлэлтүүдийг харахад их сайн ажилласан байна гэх ойлголт төрөхөөр. Бодит амьдрал дээр ямар байгааг иргэд хэлнэ дээ. Эдийн засгийг тэлэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүнүүдээ анхан шатны бөгөөд гүн боловсруулалт хийж экспортлох шаардлагатай. 2024 оноос цааш дараагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд усны асуудал чухал сэдвүүдийн нэг болно. Том төслүүд усгүйн улмаас зогсоно. Үүн дээр салбарын сайд ямар бодлого баримталж ажиллах вэ. Төрийн өмчит компаниудыг хэрхэн яаж өөрчлөх вэ. Стратегийн ордуудтай ажилладаг компаниудын 10 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр гаргах хууль хэрхэн хэрэгжиж байна вэ. Төрийн өмчит компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээлийг хэрхэн яаж шийдэх вэ.Нүүрсний экспортод онцгой анхаарахгүй бол байдал хүндэрнэ. Монголын амин зуулга нүүрс тээвэр болчхоод байна. Тиймээс төмөр замыг байдаг хүчээ шавхаад холбох хэрэгтэй. Өмнөговь аймгийн Гашуунсухайтыг хариуцаж байгаа дарга нь хэн бэ гэхээр хүн олдохгүй байх жишээний. Гашуунсухайтад далд эдийн засаг бодитойгоор бий болсон. Уул уурхайгаас гарч байгаа нэг тонн нүүрс 120-130 ам.доллар байдаг бол тээврийн 10 км-т зөөж байгаа нүүрс нь 150-200 ам.доллар болсон. Татвар нь Монголд орж ирж байна уу. Энэ далд эдийн засгийг хэн хянаж байгаа вэ. Татварт орж ирэх нүүрсний орлого өөр зүйлд зарцуулагдаад байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Их чухал асуудал хөндлөө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гарч ирээд далд эдийн засгийн асуудлыг нэгдүгээр асуудал болгож тавьсан. Цар тахлын улмаас уртын тээвэр зогсох хүртэл далд эдийн засаг сүүлийн 7-8 жил маш бат, бөх явж ирсэн. Гашуунсухайт, Цагаанхад орчимд болж байгаа далд хүчний тулаан болоод байгаа. Ер нь далд эдийн засгийг авч явах цаашид хадгалж үлдэх маш том сонирхол тэнд байна. Үүнийг халах нь бидний зорилго. Цар тахлын үед тээвэрлэлт зогссон нь нөгөө талаараа шинэчлэлт хийх боломж өгсөн. Цаашид тээвэрлэлтийг уртаар эхлүүлэх, нүүрс амнаас зардаг тогтолцоог хална. Ядаж хилээс нүүрсээ экспортолдог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр тээврийн зардал бүрэн хяналтад орно. ААН-үүд, жолоочдоос татвар авдаг болно. Тэгэхгүй бол бидний тооцоолж үзсэнээр жилд 1.5-1.7 тэрбум ам.долларыг далд эдийн засагт алдаж байна. Бүх төлбөр тооцоо хилийн цаана We чатаар болдог. Бид ААН-ээс татвар авч чаддаггүй.

Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй нь уяж татвар авах гэж оролддог боловч 100 хувь амжилттай болдоггүй. Гэрээний үнэ гэж шүүхдэхээр бид ялагддаг. Удахгүй Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэнэ. Уг хууль энэ асуудлыг шийдэхэд том бодлогын шийдэл болно. Өөрөөр хэлбэл, байгалийн баялгаа биржээр олон нийтэд ил тод зарна. Нүүрсний экспортын хувьд төмөр замын бүтээн байгуулалт 10 гаруй жил гацаагүй байсан бол өнөөдөр ингэж суухгүй байсан. Хил дээр очхоороо урд хөрштэйгээ нүүрээ улалзуулаад Монголд ирэхээрээ загинуулаад хэцүү байдалд орохгүй байх байсан. Хүнд үед экспорт, импортийг Замын-Үүд, Алтанбулагын боомтууд залгуулж байна. Хэрэв төмөр замын өргөн, нарийн цариг гэж улстөржсөн маргааныг дандаа араас нь хөөж яваа. Богино хугацаанд буюу гацаад байсан бүх хилийн солбилцлуудыг шийдсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус байдаг. Усны төслүүдээ нэгтгээд “Хөх морь” гэж нэрлэсэн. Усны нөөцийн хуримтлалын талаар цаашдаа томоохон голууд дээр 10 байршилд усан цахилгаан станц байгуулах боломжтой газруудын судалгааг хийж дуусгасан. Оюутолгой төсөлд ус өгөх боломжтой Орхон, Хэрлэн төслийн судалгаа, ТЭЗҮ-г хийж дуусгасан. Цаашдаа усны төлбөр, усны нөөц ашигласантай холбоотой асуудал дээр хуулийн хүрээнд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

14 : 35
2022-3-31

"2021-2025 онд 49 тэрбум 690 сая төгрөгийн төсөвтэй 150 төсөл тусгасан"

УИХ үргэлжлүүлэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.

Хөтөлбөрийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр “Засгийн газраас 2021 онд есөн зорилгын 47 зорилтын хүрээнд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс хэрэгжилтийн биелэлтийг 79.3 хувь үнэлсэн байна. 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нийтдээ 49 тэрбум 690 сая төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 150 төсөл арга хэмжээг тусгасан байна. Үүнээс 12.2 хувь нь улсын төсвөөр, 23 хувийг гадаадын зээл тусламжаар, 2.6 хувийн эх үүсвэрийг шинэчлэн шийдвэрлэсэн хөрөнгөөр 50.2 хувийг шууд хөрөнгө оруулалтаар, 0.9 хувийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр, 1.2 хувийг концесс төр хувийн хэвшлээр тус, тус санхүүжүүлжээ.

Нийт батлагдсан төсөвт өртөг 10.1 болох тэрбум төгрөг. Үүнээс гүйцэтгэлээр 44.6 хувь буюу 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2021 онд 100 хувь хэрэгжсэн 30 төсөл, арга хэмжээ, тодорхой үр дүнд хүрсэн 39 төсөл, эрчимжүүлэх шаардлагатай 22 төсөл, огт хэрэгжээгүй 59 төсөл арга хэмжээ байна. Нийт төсөл арга хэмжээний 20 хувь нь 100 хувь хэрэгжсэн. 39.3 хувь нь тэг гүйцэтгэлтэй хэрэгжсэн.

Тухайн төсөл арга хэмжээний санхүүжилтийг олон эх үүсвэрээс гаргасан. Төсөл хэрэгжээгүй шалтгаанаас дурдвал төслийг санхүүжүүлэх байгууллагын шинжээчийн дүгнэлт байхгүй, тендер зарлагдаагүй, шүүхийн маргаантай, цар тахлын улмаас ажил хийгээгүй, ТЭЗҮ батлагдаагүй, зах зээлийн нөлөөгөөр төсөвт өртөг нэмэгдсэн зэрэг нөхцөл байдал үүссэн” гэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

13 : 28
2022-3-31

Эрдэнэсийн сангийн тайлангийн сонсголд Ерөнхийлөгч оролцож байна

Чуулганы хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын жагсаалтыг өөрчилж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг урагшлуулж хэлэлцэх горимын санал гаргасан. Улмаар гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцэх асуудлын байрыг өөрчлөв. Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын асуудлыг хаалттай хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.

13 : 02
2022-3-31

"Монгол Улс долларын хоёр өөр ханштай байж болохгүй"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Их чухал асуудал хэлэлцэж байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн 150  төсөл арга хэмжээнд шаардагдах  49.7 их наяд төгрөгийг  шинэчлээд 47.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ болгож өөрчилж байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ болж нэмэгдүүлж байгаа. Ийм том өөрчлөлт орж ирж байна.

Ганцхан Дарханы замын асуудал биш. Үүнийг гишүүд ойлгооч ээ. Таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бид сүүлийн 30 жил баталж байгаагүй. 2020 онд анх удаа Монгол Улсыг хөгжүүлэх таван чиглэлтэй болсон. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Сүүлийн 30 жил ялсан нам бүр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж давхидаг. Нөгөө нам нь ялахаараа эсрэг зүг рүү давхидаг. Нэг нь юм хийх гэхээр нөгөө нь нураадаг. Ингэж явж ирсэн учраас төрийн бодлого тогтвортой байж чадаагүй учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дагуу таван жилийн төлөвлөгөө баталсан. Харин энэ төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнөөдөр хэлэлцэж байна. Анх удаа өөрчлөлт орох гэж байгаа учраас гишүүд  хариуцлагатай хандах хэрэгтэй. 2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өөр байсан. Өнөөдөр амьдрал ямар байгаа билээ.  2020 онд 49.7 их наядын төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан бол одоо 45.4 болж буурч байна. Нөгөө талд санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай 18.6 их наяд төгрөг хэрэгтэй гэж байсан бол 31.5 их наяд болж нэмэгдсэн.  Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той холбоотой. Ингэж орж ирэхдээ яагаад зарим төсөл арга хэмжээ багасч, зарим нь нэмэгдэв. Мөн Улаангом-Ховдын олон улсын чанартай авто замын санхүүжилт шийдэгдсэн үү. Түүнчлэн Ховд аймгийн төвийн нисэх буудлын эх үүсвэр тодорхойгүй байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан: 

С.Бямбацогт гишүүнтэй санал нийлж байна. Уг хөтөлбөрт ач холбогдол өгөх нь зөв. 2020-2021 оны хүндхэн жилүүдийн дараа төсөл хөтөлбөрүүдээс нэмж, хасах зүйл гарлаа. Хэрэгжилтэд нь саад гарлаа. Олон талт хөгжлийн түншүүдээс туслах санал орж ирж байна. Ингэж нэмж хассаар нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Хөтөлбөрт гурван үндсэн хавсралт байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болоод ТЭЗҮ нь хийгдэж, бэлтгэл ажил хангагдсан. Үүнээс 150 төсөл, санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төсөл хасагдаж, таван төсөл нэмэгдсэнээр санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45 их наяд болж буурсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: 

-Улаангом-Ховдын чиглэлийн авто замын тухайд Азийн хөгжлийн банктай ярилцаж байгаа. Манай төрийн нарийн бичгийн дарга маргааш Увс, Ховд, Баян-Өлгийг аймгуудаар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй явж газар дээр нь төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах гэж байна. Ховд аймгийн төвийн нисэх онгоцны буудлын хувьд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах талаар Засгийн газар дээр ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч компаниудын дунд санал тавиад тодорхой хугацаанд барьж ашиглаад, төрд буцаагаад шилжүүлэх чиглэлд ажлууд хийж байна.

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Байтагийн хилийн боомтын тухайд уг боомтыг нээж ажиллуулах асуудлыг айлын талтай тохирсон. Монголын талд бүтээн байгуулалт, дэд бүтэц нь хийгээгүй байгаа. Дотоодод хөрөнгө оруулалт бий болгох асуудлыг шийдэх юм бол айлын талтай тохиролцсон байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Байтагийн хилийн боомтын тухайд хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүс байгаа. Ямар төслүүд нэмэгдээд ямар нь хасагдав. Нэмж, хассан үндэслэлээ тайлбарлаач. Уг нь өөрчлөх төслүүдээ л ярих ёстой. Гэтэл бүгдийг нь жагсаагаад оруулаад ирсэн байна. 2021 онд гүйцэтгэл дээр санхүүжсэн төслүүдийг нэмж санхүүжүүлэхээр оруулаад иржээ. Төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа юм уу. Цэгцтэй, ойлгомжтой бичихгүй.

Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэндэлгэр:

-Санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчилсэн шийдэгдсэн төслүүдийн жагсаалтад вакцинжуулалт болон цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төслүүд нэмэгдсэн. Хасагдсан төсөл дунд хэрэгжиж дууссан төслүүд байна. Зарим нэг төслийн санхүүжилт саатсан учраас эх үүсвэрийг нь шийдвэрлэх шаардлагатай төслүүдийн жагсаалт руу шилжсэн. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай төслүүдийн жагсаалтад ТЭЗҮ, зураг төсөл нь 2020-2021 онд хийж дууссан төслүүд нэмэгдэж орж ирсэн. Мөн гадаадын зээл тусламжаар ярианы түвшинд байгаа төслүүд нэмэгдэж орж ирсэн. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төслүүд гэдэг нь ТЭЗҮ, зураг төсөл нь тодруулах шаардлагатай буюу нэмэлт  ажиллагаа хийгдэх болсон гэсэн үг. Төслүүдийн санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт орсон. Валютын ханш өөрчлөгдсөн учраас гадаад валютаар хийсэн төсөл хөтөлбөрүүдийн дүн өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор жагсаалтыг бүтнээр нь оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн талаар ярьж байна. Энэ өөрчлөлтийг Хөгжлийн яам оруулж ирсэн. Сайд нар хийх ажилгүй байгаа биш дээ. Эдийн засаг амаргүй байна. Явж ажлаа хийг л дээ. Өдөржин энд суугаад яах вэ дээ. Хоёрдугаарт, зөвхөн оруулж ирж байгаа өөрчлөлтүүдээ оруулж ир. Дарханы замыг улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулаагүй гээд санхүүжүүлэхгүй гээд байна. Санхүүжилтийг нь шийдвэрлэхийн тулд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүнд Хөгжлийн яам нь хариулаад явахгүй бол УИХ-д нэг асуудал ярих гэж хаа хамаагүй олон хүн дуудаад ирүүлсэн. Тиймээс УИХ-ын даргаа дэгийг сайн баримтлаад ажилдаа төвлөрмөөр байна. 2022 онд улс орны өмнө ямар асуудал тулгамдаад байгаа вэ. Үүнтэй холбоотой өөрчлөлтүүд орж ирсэн бол сайн байна. 2022 онд Монгол Улсын эдийн засагт бүх барааны үнийн өсөлт үнэхээр тулгамдсан асуудлын нэг болно шүү. Хятадын тал хилээ амархан нээчих юм шиг бодоод хэрэггүй. Би өнгөрсөн аравдугаар сард “Хятад хилээ 2022 онд нээхгүй байх магадлалтай” гээд та бүхэнд хэлж л байсан. Үүн дээр нэмээд Орос, Украины асуудал амаргүй давааг үүсгэлээ. Энэ бүх асуудал 2022 онд дуусаад хэвийн болох мэт ойлгож болохгүй. 2023 онд үргэлжилнэ. Ийм үед бодлогын арга хэмжээнүүдийг хурдан шуурхай авах хэрэгтэй. Ам.доллар гадуур олдохгүй байна. Төв банкны сайтад тавигдсан ам.долларын ханш худлаа. Найман шарга дээр байгаа ханш харин бодитой байж магадгүй. Монгол Улс хоёр өөр ханштай байж болох уу. 1990-ээд онд л ийм байсан байх. Буруу бодлогоо засахгүй юм уу. Үүнийгээ засахгүй бол ам.доллар хаанаас авах вэ, ханш нь хэд вэ, 100 ам.доллар шилжүүлэх гэхээр гүйлгээ хийхгүй байна гээд иргэд ярьж байна. Энэ нөхцөл байдлыг Эдийн засаг хөгжлийн яам УИХ-д ярихгүй цаг хугацаа аргацаамааргүй байна. Дараа нь бид иргэдэд “Бид том юм яриад сууж байсан юм” гээд сууж байх юм уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай учраас Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Гэвч байнгын хороо нэмэлт өөрчлөлт хэлбэрээр биш жагсаалт бүтнээр ороод ирсэн учраас дэгийн тухай хуулиаараа бүх сайд нартай хэлэлцэх ёстой гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Валютын ханшаас улбаалж импортийн барааны үнэ өсөхөөр байна. Дахиад цохилт өгвөл шатахууны үнийн асуудал хөндөгдөнө. ОХУ-ын нөхцөл байдалтай уялдаад суурь үнэд нөлөөлнө. Ингэснээр бүх төрлийн барааны үнэ өснө. Ингээд бодоход энэ жилдээ үнийн өсөлттэй зууралдсаар байгаад дуусна. Нефтийн үйлдвэр баригдах ажил юу болж байна. Гаднаас 100 хувийн хамааралтай байгаагийн гор нь өнөөдөр гарч байна. Халамжид зарж байгаа нэг тэрбум төгрөгөөр бүх суманд 3-5 үйлдвэрийг нэг жилд барина. Үйлдвэр барихгүй юм бол бид яаж амьдрах юм. Хоёр хөрш хилээ хаагаад бараа орж ирэхгүй бол Монголд иргэний дайн үүснэ.

2023-2024 онд эрчим хүчний хомсдолд орно. Хийн станцыг хоёр жилийн дотор барина гэсэн юу болов. 2024 оноос эхлээд айл өрхүүдийн тог цахилгааныг оройн цагаар тасалж эхэлнэ. Баттерей хуримтлуурын станцыг би анх эхлүүлж байсан. Намайг явснаас хойш яасан ч дүгнэгдэж дуусдаггүй тендер вэ. Цаашид гадаад эдийн засгийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг чөтгөр бүү мэд. Дотроо юу ч үйлдвэрлэж чаддаггүй хэдүүлээ яана вэ. Ганц хийж чадах нь хөдөө аж ахуйн органик хүнс болчхоод байна. Одоо тэр гурилынхаа нөөцийг экспортод алдчхав аа. Олон улсад гурилан бүтээгдэхүүний үнэ өсч байна. АНУ гэхэд сүүлийн 10-20 жилд байгаагүйгээр бараа бүтээгдэхүүний инфляийн хөөрөгдөлд орчихлоо.

Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогт:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл Энэтхэг улсын зээлээр санхүүжиж байна. 2022 онд 150 тэрбум төгрөг, 2022 онд үйлдвэрийн технологийн бус барилга угсралтын ажлыг 111.3 тэрбум төгрөгөөр үргэлжлүүлнэ гэх зэрэг олон ажил төлөвлөсөн. Эрчим хүчтэй холбоотойгоор 35 МВт-ын хүчин чадалтай үйлдвэрийн цахилгаан станцын худалдан авалт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Эрчим хүчний эх үүсвэртэй холбоотойгоор шинэ эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугамын бүлэг төсөл хэрэгжинэ. Амгалан, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөл, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл, гурван дамжуулах шугамын төслүүдийн нарийвчилсан шийдэл санхүүжүүлэх схемүүдийг ярьсан. Нийтдээ 21 эрчим хүчний төсөлд 16 их наяд төгрөг зарцуулна.

11 : 16
2022-3-31

"Ханш, инфляцийн дарамтыг дайн руу чихэж болохгүй"

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Тогтоолын төсөлд өөрчлөлт орох нэрийдлээр л орж ирж байгаа болохоос гацсан төслүүдийг санхүүжүүлэх гэж байгаа. Ажилдаа хариуцлагатай хандал даа, та нар. Дөрөвдүгээр сар гарлаа. Гэтэл Дарханы замын ажил явахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дарханы замын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр очиж, үүрэг чиглэл өгөхөд “УИХ-тай хамтарч ажиллахгүй. Бид ажлаа хийж байгаа” гэх албан бичиг явуулаад байсан. Уг тогтоолын төсөл батлагдахгүй бол Дарханы замын ажил явахгүй. Дарханы шинээр барих хоёр эгнээ зам замын санхүүжилтыг нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан уг асуудлыг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан юм. Өнгөрсөн жил Европийн сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоход хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүйгээс болж замын ажил сар хагас зогссон. Улмаар санхүүжилтгүй болж гацсан. Сангийн сайд хөөцөлдөж байж нээлгэсэн. Энэ жил дахиад зээлийн хэлэлцээрийнх нь зүйл заалтыг үндсэн чиглэлд нь оруулаагүйгээс болж Дарханы зам дээр барилгачид алга. Уг нь хоёрдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байсан. Яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийж цаг алдах ямар хэрэг байна. Хариуцлагыг хэн хүлээх юм.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хийх санхүүжилт дөрвөн жилийн өмнөөс эхэлж яригдсан. Одоогийн парламент цуглараад 2020 оны наймдугаар сард ойрын таван жилийн хөтөлбөр, дөрвөн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлагдахад анх суусан. Одоо ч байгаа. Өмнө нь хасаад нэмж оруулсан асуудал биш шүү. Хугацааны явцад мөнгөн дүнд нь өөрчлөлт орж нэмэлт гэрээнүүд хийсэн.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Барилгын ажил хоёрдугаар сарын 1-нд эхлэх байсан ч эхлээгүй гэж Г.Дамдинням гишүүн хэллээ. Өөрөөр хэлбэл, өвлийн сар дуусаагүй хаврын сар эхлээгүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. Бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж хэлж байсан. Барилгын ажлыг зөвлөх компанитай ярьж байгаад хоёрдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Техникийн ажлууд хийж байна. Газар шорооны ажлыг долоо хоногийн өмнө эхлүүлсэн. Ажлын хэсгийнхэнд долоо хоног бүр мэдээ өгөх байсан ч барилгын ажил эхлээгүй байсан учраас ямар мэдээлэл өгөх вэ дээ. Барилгын ажил жигдрээд эхлэхээр мэдээлэл хүргүүлнэ. Г.Дамдинням гишүүнд хэлэхэд гүйцэтгэгч компани болон ажилчдыг сөрөг байдлаар ярихаар хүмүүсийн урам хугарч байна. Санхүүжүүлж байгаа банкны хувьд үл ойлголцол үүсч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
 
-Л.Халтар сайд аа, ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Дөрвөн жилийн өмнө хийсэн гэрээ энэ жил яагаад тусгагдаагүй талаар асуутал барилгын ажлын талаар яриад тэс өөр хариулт өгөх юм. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр нэгдүгээр сарын 17-нд ажлын хэсэг очиж ажиллахад танай яамныхны танилцуулсан төлөвлөгөөнд барилгын ажил хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ гэж байсан. Би худал яриагүй. Хоёрдугаарт инженер, техникийн ажилчдаар Л.Халтар сайд та өөрийнхөө чадваргүй байгаа байдлыг нуухгүй ээ. Яам ажиллаж чадахгүй байна. Битгий гэмгүй хүмүүсийн ард нуугдаад бай.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
 
-Өнөөдрийн байдлаар 49.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгээд таван жилийн хугацааны “Мөрөөдлийн жагсаалт”-аа баталсан. Харин өнөөдөр 2025 он хүртэлх хэрэгжих төслийн тоо, санхүүжилтийн хэмжээг бууруулах талаар хэлэлцэж байна. Жил бүрийн хөрөнгө оруулалтын гурван их наяд төгрөг улсын төсөвт суудаг. Өр дээд хязгаартаа тулчихсан. ҮАБЗ дээр хөгжиж байгаа орнуудын дунд хамгийн их өртэй нь Монгол Улс болсон талаар ярьсан. Сүүлийн хоёр жилийн дунджаар ДНБ-ий 69 хувь байна гэх тооцоо бий.  Үүнээс харахад гаднаас мөнгө зээлэх боломжгүй гэсэн үг. Концессоор барьж, ашиглачхаад тодорхой хугацааны дараа буцаагаад төрд өгнө гэх хэлбэрээр явдаг. "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг бараг концессоор бүгдийг нь санхүүжүүлэх зүйл яриад байх шиг байна. Гэхдээ хэдүүлээ үнэн бодит байдлыг ярилцъя. Өнөөдөр Монгол Улсад бариад ашиглаад шилжүүлэхээр амжилттай хэрэгжсэн нэг ширхэг төсөл байна уу. Миний ойлгож байгаагаар мөнгөтэй нэг хүнийг дуудаж авчраад зам, дэд бүтцийн санхүүжилтийг гаргуулаад барилгаа бариад 2-3 жилийн дараа төсвөөс зах зээлийн үнээр хэд дахин илүү үнээр авдаг зарчмаар явж ирсэн. Харин урт хугацаагаар гэрээ байгуулаад өөрсдөө хөрөнгө оруулаад явж байгаа жишиг болсон төсөл байна уу. Олон улсад концессын гэрээнүүдийн 80-85 хувь нь бүтэлгүйтсэн байдаг. Тиймээс бодит байдалд нийцээгүй зүйлээр санхүүжилт хийх гээд байгааг гайхаж байна. Хоёрдугаарт, орлого орж ирэхгүй байна. Эдийн засаг улам агшиж байна. Ам.доллараа солиод төгрөгийн зах зээл дээр мөнгө нийлүүлж байж эдийн засаг тэлнэ. Гэтэл экспорт, ам.доллар, гадаадын хөрөнгө оруулалт, аль нь ч алга. Засгийн газар Хятад руу экспорт хийх асуудлыг хэзээ шийдэх юм. Надад ирж байгаа мэдээллээр зургадугаар сараас наашгүй гэсэн. Зарим хүмүүс бүр 8-9 сар гэх юм. Энэ тохиолдолд валютын нөөцөө алдах магадлалтай. Монгол Улс дахиад сэхээний орон дээр хэвтэх гээд байна шүү. Ханш, инфляцийн дарамтыг дайн руу чихэж болохгүй. Цар тахал одоо дууссан.
 
Сангийн сайд Б.Жавхлан:
 
-Т.Доржханд гишүүн танин мэдэхүйн шинжтэй асуулт асуулаа. Маш хязгаарлагдмал нөхцөлд төлөвлөлт хийж одоогийн Засгийн газар бүрдмэгц уг таван жилийн хөтөлбөрийг баталсан. Гүйцэтгэлийн явцад зарим нэг төсөв, төслүүдийг нэмж, заримыг нь хасах шаардлагатай болж байна. Концессын талаар та мэдээлэл муутай байдаг бололтой. Танд шаардлагатай бол албан бичгээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргүүлнэ. Концессын гэрээгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Үүнээс хамгийн амжилттай үлгэр жишээ хэрэгжиж байгаа нь Нарийн сухайтын уурхайгаас урагш Шивээхүрэнгийн боомт руу явдаг “Моннис” группийн барьсан 50 гаруй км авто замын төсөл. Мөн хэдхэн хоногийн өмнө Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр эхлүүлсэн. Уг төсөл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа маш том хөтөлбөр. Экспорт зогсоогүй. Өмнөхөөсөө бага хэмжээгээр л нүүрс гарч байна. Гол түүхий эдүүдийн үнэ өндөр байгаа үед цар тахлын өмнөх шиг гаргаж чадахгүй байгаа нь маш харамсалтай. Бид маш их боломж алдаж байна. Энэ л асуудал болоод байна. Түүнээс биш экспорт огт зогсоогүй. Өнгөрсөн оны 11-12 сард хамгийн хүнд байсан. Эрдэнэтийн зэсээ ч гаргаж чадахгүй хашааг нь дүүртэл овоолсон. Өнөөдөр Эрдэнэтийн экспорт хэвийн явж байна. Зарим үед хэвийнээсээ ч өндөр байна. Нүүрсний экспортуудын боомтууд өнгөрсөн 1-2 сард хүнд байлаа. Харин олимпийн үеэр Ерөнхий сайд Хятадад айлчилсанаар гуравдугаар сард экспорт бага, багаар нэмэгдсэн. Өчигдрийн байдлаар 545 авто машин нүүрс гарсан. Ажил ахицтай байна. Сүүлийн 14 хоног Гашуунсухайт боомтод халдварын тохиолдол илрээгүй байсан. Харамсалтай нь Хятадын талд очихоороо 1-2 хүнээс илэрсэн тохиолдол гарсан. Гэсэн ч Хятадаас татан авалтаа бууруулаагүй. Мөн ойрын хугацаанд уртын тээврээ эхлүүлэхээр экспорт хүлээж авах талуудтай ярилцаж байна. Өмнө нь нүүрс их хэмжээгээр худалдаж авчхаад гаргаж чадахгүй байгаа импортлогч компаниудтай ярилцаж байна. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил Засгийн газрын түвшинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийх олон ажил байна. Тэр бүрийг яривал таван минут багтахгүй.
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
 
-Юм хэлэхээр танин мэдэхүй энэ тэр гэх юм. Уучлаарай. Тодорхой мэдээллийг нь өгч байгаад ярьж байна. Хоёулаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайхан мэтгэлцэж болно. Бүх зүйл болж, бүтэж байгаа мэтээр тайлбарлахаа боль. Ханшаа бид алдчхаад байгаа биз дээ. Засгийн газар болон Монголбанк дээр энэ асуудлаар хариуцлага тооцох асуудал ярьж болно.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Өрийн стратегийн хэрэгжилтийн талаар та дутуу мэдээлэлтэй байна. Харж амжих завгүй байгаа байх. 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэл гарсан. Төсвийн тогтвортой байдлын хуулиар өнөөгийн үнэ цэнээр 70 хувь гэсэн хязгаартай байгаа. Гүйцэтгэл 51 хувьтай гарсан. Та түрүүн 69 гээд буруу хэлсэн шүү. Хаанаас ямар тоо харсан юм бол доо. Би үнэндээ ойлгосонгүй. Та тайлан аваад харчих боломжтой шүү дээ.

10 : 53
2022-3-31

Чуулган: Эрдэнэсийн сангийн тайланг сонсоно

Дараа нь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын жагсаалтыг өөрчилж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг урагшлуулж хэлэлцэх горимын санал гаргав. Улмаар гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцэх асуудлын байрыг өөрчлөв. Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын асуудлыг хаалттай хэлэлцэхээр тогтов. Дараа нь “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4.1.10, 6.7.1, 9.4.2, Төсвийн тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг үндэслэн “Алсын хараа – 2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон салбарын хөгжлийн зорилт, төсөл, арга хэмжээтэй уялдуулан, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан.

 Тус хөтөлбөрийн хавсралтаар батлагдсан санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн нийт 49.7 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 150 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 18.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 88 төсөл арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээ батлагдсан.

Дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөллийн улмаас Монгол Улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, олборлолтын салбарын бүтээгдэхүүний эрэлт багассан нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тосны экспорт болон олборлолтын хэмжээ эрс буурахад хүрч, экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар, импорт 858.6 сая ам.доллараар тус, тус буурсан байна.

Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 2020 онд төсвийн орлого 9.5 их наяд төгрөг, зардал 13.9 их наяд төгрөг болж, төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Татварын ачаалал 2020 онд 22.7 хувь болж, өмнөх оноос 3.2 нэгж хувиар буурлаа. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа, татварын орлого буурсантай холбоотой байна. Экспортын орлогын бууралт нь дотоодын аж ахуй нэгжүүдийн орлого буурахад нөлөөлж, улмаар хөдөлмөрийн зах зээлээр дамжин өрхийн орлогод сөргөөр нөлөөлж байна.

Энэхүү төсөлд санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдвэрлэгдсэн төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 45.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 89 төсөл арга хэмжээг тусгасан.

Тогтоолын төсөлд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд нийт 149.226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна.

Монгол Улсын төсвийг их хэмжээгээр тэлж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх, улмаар арилжааны өндөр хүүтэй гадаад, дотоод зээллэгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нь өрийн дарамтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлснээр Засгийн газрын өрийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэн буурч, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацаа уртсах, жигнэсэн дундаж хүүгийн түвшин буурах зэрэг эерэг нөлөө үзүүлж байгаа боловч цаашдаа Засгийн газрын өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлэх, төсөвт болон төлбөрийн тэнцэлд дарамт учруулах сөрөг нөлөөг үзүүлдэг. Энэ нөхцөлд Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг хязгаарлах, Засгийн газрын өрийн багцын гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна” гэлээ.

УИХ-ынч чуулганы хуралдаанаар Эрдэнэсийн сангийн зарлагын тайланг хаалттай горимоор хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгч байхгүй байсан тул түр хугацаагаар хойшлуулсан юм.

10 : 21
2022-3-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Чуулганаар  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэнэ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Түүний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг өнгөрсөн онд УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Тэрбээр “Би сөрөг хүчнийхээ хувьд нэг ч гэсэн ахмадад илүү мөнгө өгөхийн төлөө явах байсан. Хэрэв МАН-ын сүйхээтэй гишүүн байсан бол 500 мянган төгрөгөөс 1 сая хүртэлх тэтгэврийг 15 хувиар, 1-2 саяын тэтгэврийг 10 хувиар, хоёр саяаас дээш тэтгэврийг таван хувиар нэмж тэтгэврийг зөрүүг холтгохгүйгээр асуудлыг шийдэх байсан. Даанч тийм гишүүн байсангүй. Тиймээс тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг яаралтай хэлэлцэч өгөөч ээ.

Уг хуулийн төслийг дөрөвдүгээр сард хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй бол тэмцэнэ. УИХ-ын даргын Баянхонгор, Ерөнхий сайдын Хэнтий аймагт жагсаал зохион байгуулна шүү. Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Цалингийн доод хэмж хэт бага байгаагаас болоод маш бага тэтгэвэр тогтоолгох болчхоод байна.  Энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна" гэв. 

Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "Байнгын хороо холбогдох газарт энэ асуудлыг ярина шүү. Хуралдааны дэгээ баримтлаарай. Өнөөдөр зөвхөн хэлэлцэх асуудлыг л ярина. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж батлахаар тусгасан. Гэвч уг хуулийн төслийг хэлэлцэхгүй мэтээр ярьж ганцаараа бүх юмыг мэддэг юм шиг том толгойлоод байх хэрэггүй. Ард түмэнд худал мэдээлэл өгч турхирахаа болиорой" гэлээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж