Б.Мэргэн: "Хөтөл"-ийн эзний үр хүүхэд өв залгамжлах эрхтэй

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Б.Мэргэн: "Хөтөл"-ийн эзний үр хүүхэд өв залгамжлах эрхтэй

Б.Мэргэн: "Хөтөл"-ийн эзний үр хүүхэд өв залгамжлах эрхтэй

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд та төр хувийн компанид хүч түрэн орж, халдсан үйлдэл хуулийн ямар зүйл, заалт зөрчсөн талаар юуны өмнө хариулт өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэгт төрийн баримтлах үндсэн зарчмуудыг зааж өгсөн. Ардчилсан, шударга, тэгш байдал гээд төрийн үйл ажиллагаанд баримталдаг хамгийн чухал заалтуудын нэг нь хууль дээдлэх зарчим. Энэ зарчим иргэнд хандсан зарчим биш шүү дээ. Төр үйл ажиллагаа явуулахад бүхий л үйлдэл, баримт бичиг, бусад зүйл нь хуульд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, төрд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно, иргэнд хуулиар хориглосноос бусад нь зөвшөөрөгдөнө гэсэн үндсэн зарчимтай. Үндсэн хууль ч төрд зориулагдсан хууль. Ямар ямар зарчмын хүрээнд яаж ажиллах вэ, эрх мэдэл нь яаж хуваарилагдах вэ, хүний үндсэн эрхийг яаж хамгаалах вэ гээд. Үндсэн хуульд иргэн өмчлөх эрхтэй, иргэний өмчид ямар нэгэн байдлаар халдаж болохгүй, дээрээс нь халдашгүй байх эрхтэй гэж заасан. Биед нь болон бусад зүйлд нь халдах хориотой. Төрийн эрх мэдэл хуваарилалтынхаа зарчмаар ч УИХ хууль, тогтоол батална.

Тэр баталсан хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Шүүх тэр баталсан хуулийг хэрэглэнэ. Буцаагаад шүүхийнхээ төсвийг УИХ батлах замаар хяналтаа тогтооно гээд гурвалсан бие биенээ хянадаг, хяналт тэнцлийн зарчимтай.

УИХ хэлэлцээд, тухайн үеийн парламентын олонх болсон засаг 2015 онд ганц Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бус, нийт 15 үйлдвэрийг хувьчлах шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр УИХ тогтоолоо хүчингүй болгоогүй байхад Засгийн газар УИХ-ын шийдвэрийг биелүүлэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хяналт тэнцлийн, эрх мэдэл хуваарилалтын зарчим хамгийн түрүүнд алдагдаж байна.

-ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хувийн компанид шууд орж ирээд “Өрөө гаргаж өг, ажлын хэсэг ажиллах боломж олго” гэж шаардлаа. Хэрвээ төрийн өмчийн байгууллага байсан бол хүч түрэн орж ирж, шалгалт хийх бүрэн эрх нь нээлттэй байх. Гэтэл Хөтөлийн “Цемент шохой” компани хувийн өмч байдаг. Та юу хэлэх вэ?

-Төрийн болон орон нутгийн тухай хуульд Засгийн газар, яам, агентлагийн болон Эрх зүйн байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжуудаар Төрийн өмчийн хорооны эрх мэдэл, чиг үүрэг, бүрэн эрхийг зохицуулж өгсөн байдаг. Засгийн газрын агентлагууд УИХ, бусад агентлагууд, яамд, иргэдтэй ямар байдлаар харьцах вэ гээд бүх зүйлийг журамласан. Төрийн байгууллага өөрөө захирах, захирагдах ёсон дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, дээд шатны захиргааны байгууллага доод шатны захиргааны байгууллагадаа шууд үүрэг, чиглэл өгөх, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй. Харин хуулийн этгээд, иргэнд үнэхээр хууль, тогтоомж зөрчсөн бол хууль зүйн үндэслэлээ бариад зохих арга хэмжээнүүдийг авах ёстой.

Гэтэл төрийн байгууллагын захирах захирагдах ёсны хүрээнд хандаж байгаа юм шиг хувийн байгууллагад халдаж болохгүй. Хоёрдугаарт, энэ асуудал эцсийн дүндээ шүүхээр шийдэгдэх ёстой. Төрийн өмчийн хороотой “Хөтөл” ХХК худалдах, худалдан аваах гэрээ байгуулсан. Энэ гэрээ захиргааны гэрээнээс өөр. Захиргааны гэрээ гэдэг төр өөрийн үндсэн чиг үүрэгт хамаарсан асуудлуудаа дангаараа шийдэж чадахгүй байх тохиолдолд өөрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бусад бүх чиг, үүргүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувийн байгууллага, иргэнд тодорхой хэмжээний мөнгө өгөөд асуудлыг шийдүүлж буй асуудал. Нэг талд нь төр, нөгөө талд нь иргэн байгаа боловч яг иргэний эрх зүйн харилцааны л гэрээ.

-Иргэний эрх зүйн үндсэн зарчмаар гэрээ тэгш байдлын үндсэн дээр байгуулагдах ёстой биз дээ?

-Тийм ээ. Хэн нэг нь нөгөө талаа шулан мөлжсөн гэрээ байгуулах эрхгүй. Тэр гэрээг цуцлах асуудал гарвал иргэний хууль тогтоомжид заасан журмаа бариад, цуцлах гэж байгаа тал нь үндэслэлээ тодорхой хугацааны өмнө нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Хэрвээ гэрээний маргаан үүсвэл асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Гэрээн дээрээ ч зааж өгсөн, талууд эвлэрлээр асуудлаа шийдэж чадахгүй бол асуудлыг шүүхээр шийднэ гээд. Гэтэл нэг талдаа мэдэгдэлгүй шууд цуцлаад, шүүхээр ч шийдүүлэлгүй “Бид авах ёстой. Хоёр цагийн хугацаа олгоё. Чадахгүй бол хүч хэрэглэнэ шүү” гэдэг байдлаар хандаж болохгүй.

Нөгөө талаар төрийн ямар ч байгууллага шийдвэр гаргахдаа захиргааны ерөнхий хуульд үндэслэнэ. Харилцааг нарийвчлан зохицуулахдаа Захиргааны ерөнхий хууль, дээрээс нь Эрх зүйн байдлын тухай хуулиа давхар баримтлана. Харин тухайн харилцааг нарийвчлан зохицуулах нөхцөл байхгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг баримтлана. Энэ нь өөрөө нэгд, бодитой байх ёстой. Хоёрдугаарт, хуульд үндэслэх ёстой. Дээрээс нь шийдвэр гаргахдаа итгэл хамгаалах зарчмуудыг баримтлах ёстой.

-Итгэл хамгаалах зарчим гэж юуг хэлж байна вэ?

-Анх гэрээ байгуулаад хувьчилж авахад Төрийн өмчийн хороо, Засгийн газар шийдвэрээ гаргаад, ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгөө зарцуулсны дараа үүнийг буцааж авахгүй шүү гэсэн итгэлтэйгээр шийдвэрийг биелүүлнэ. Хувийн, хуулийн этгээд итгээд, хөрөнгө мөнгөө зарсан байхад тэр итгэл хамгаалах зарчмыг эвдэж, шийдвэр гаргах эрх байхгүй.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН БОЛ ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДВЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХГҮЙ

-“Төр тухайн үед буруу шийдвэр гаргасан. Алдаагаа засч болдог. Одоо алдаагаа засахаар ирлээ” гэж ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлсэн. Хуулийн хүрээнд энэ асуудал боломжтой юу?

-Төрийн байгууллага, албан тушаалтан өөрийн гаргасан шийдвэрийг цуцлах эрх бий. Гэхдээ энэ нь хугацаатай. Тухайлбал, иргэн хуулийн этгээдэд эерэг нөлөөлөлтэй захиргааны акт гаргасан бол. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийг хувьчилж авч байгаа компани цааш нь хөгжүүлээд явахдаа эдийн засгийн хувьд, бусад үзүүлэлтээрээ эерэг нөлөөлөл үүсгэж байна шүү дээ. Ийм эерэг нөлөөлөлтэй захиргааны акт гаргасан байвал таван жилийн хугацаанд хууль зөрчсөн байна аа гээд цуцлах эрхтэй. Хэрвээ таван жилийн хугацаа нь өнгөрчихвөл хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна. Засгийн газар, төрийн байгууллага шийдвэрээ цуцлах эрх байхгүй. Нэгэнт үр дүн гараад явсан учраас. Хоёрдугаарт, шийдвэр гаргах ажиллагааны журам гэж бий. Хууль зүйн үндэслэлээ дурдана. Хэн шийдвэр гаргах эрхтэй вэ, ямар хууль зүйн үндэслэлээр шийдвэр гаргах вэ. Шийдвэр гаргахын тулд ямар журам баримтлах ёстой вэ.

Тухайлбал, хэн нэгэнтэй зөвшилцөх ёстой юу, зөвшөөрөл авах ёстой юу, саналыг нь авах ёстой юу гээд. Гэтэл тэдгээрийн аль нэгийнх нь саналыг аваагүй бол тэр захиргааны акт шийдвэр хууль бус. Жишээ нь, ашигт малтмалын лиценз олгоход тухайн ашигт малтмалын талбай оршиж байгаа тухайн сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын саналыг авах ёстой. Саналыг нь авахгүйгээр хэчнээн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан байсан ч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр хүчингүй. Яагаад вэ гэвэл журам зөрчиж байна. Энэ бүхэн дараалалтай явах ёстой. Хоёрдугаарт, нотлох баримт цуглуулах ёстой. Тухайн эрх нь зөрчигдөж буй этгээдийг дуудаж, сонсох ажиллагаа хийх ёстой. Тэмдэглэл үйлдэх ёстой. Танай зөвшөөрлийг цуцлах гэж байна, хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гээд. Үгүй бол ямар ямар нотлох баримт, үндэслэл, тайлбар байна вэ гээд бүгдийг сонсох ёстой. Энэ бүх ажиллагааг хийсний дараа шийдвэрээ гаргах ёстой. Хэрвээ шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдвөл хэчнээн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байсан ч хууль бус болно.

-Төрийн байгууллага та бүхэнд өгсөн шаардлага бүхий албан бичгээ хуудуутай л бичсэн харагдаж байна? 

-Сая газар дээр нь уулзалтууд хийгээд, төрийн байгууллагаас шаардлагуудаа тавиад, буцаагаад албан бичиг хүргүүлээд, албан бичгээр хэлэлцээ маягийн юм хийгээд байна л даа. Хувийн байгууллагад өгч байгаа албан бичиг нь хүртэл тамга, тэмдэг хэрэглэх тухай Засгийн газрын тогтоолоор баталсан журам, Архив бичиг хэрэг хөтлөлтийн журамдаа нийцсэн байх ёстой. Ямар хэвлэмэл хуудас дээр ямар албан тушаалтан тамга, тэмдгээ дарах вэ, ямар асуудлыг шийдэхэд албан хуудас хэрэглэж болохгүй вэ, тамга дарах бичиг дээр тэмдэг дарчихвал яах вэ, тухайн хэвлэмэл хуудас дээр гарын үсэг зурах эрхтэй субъект биш, өөр субъект гарын үсэг зурчихвал яах вэ гээд бүхнийг хуулиар зохицуулсан.

Энэ журмуудыг зөрчвөл илт хууль зөрчсөн үйлдэл болж, бүр нотлох шаардлагагүй болно. Ийм энгийн юман дээр хууль бус алдаа гаргахаас эхлээд цааш хэрэгжиж буй бүхэн хуульд үндэслээгүй, хууль, журам зөрчсөн, процессын алдаатай яваад байна.

-Өв залгамжлалын асуудал 2019 оноос хойш яригджээ. Энэ процесс одоо ямар шатандаа яваа вэ?

-2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Хөтөл” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч Бөх-Очир гэдэг хүн нас барсан байдаг. Тухайн хүн өв залгамжлалтай холбоотой гэрээслэл хийж үлдээгээгүй учраас хуулиараа жилийн дараа өв нээгдэнэ. Өв нээгдэхэд өвийг хүлээж авах хүмүүсийг ангилаад, тэргүүн ээлжид өв хүлээж авах эрхтэй этгээд, тэр нь байхгүй бол дараагийн ээлжид өв хүлээж авах этгээд гээд ялгадаг. Эхний ээлжид өв залгамжлах эрхтэй эхнэр, хүүхдүүдээс гурав нь ах Тулгадаа өв залгамжуулъя. Манай ахад өв залгамжлуулаад өгчихвөл бид өвөөсөө татгалзаж болж байна” гээд, түүнийгээ нотариатаар баталгаажуулаад, 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ндаа зөвшөөрлөө гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр тухайн өвийг хүлээж авч байгааг нотариат гэрчлээд, өвийн гэрчилгээ өгөх ёстой.

Түүнийг үндэслээд, бүртгэлийн байгууллагадаа бүртгүүлээд, компанийн хувьцаа, бусад зүйлсээ авах эрх нь нээгдэнэ. Өвөөс татгалзаж болно. Өв гэхээр эрх нь ч, үүрэг нь ч өвлөгдөнө. Түүн дотор өр төлбөр нь ч орно. Бусдын өмнө гүйцэтгэх үүргүүд орно. Тэгэхээр би энэ үүргүүдийг гүйцэтгэх боломжгүй, би чадахгүй, миний чадвар боломж хүрэхгүй, би авмааргүй байна гээд татгалзах эрх нь нээлттэй. Гэтэл том хүү Тулгын хувьд татгалзсан зүйл байхгүй. Төрийн эрх бүхий холбогдох албан тушаалтнуудын тайлбарлаад байгаа шиг өвөөсөө татгалзаад, зугтаасан зүйл байхгүй. Яг цаг хугацаандаа өв хүлээж авах хүсэлтээ өгөөд, нотариатад хүсэлтээ гаргасан. Монголын нотариатчдын танхимаас Хөгжлийн банкинд албан бичиг ирүүлсэн. Бүх нотариатчдад тэр бичгийг тараасан. Түүнийг үндэслээд, нотариатчид өвийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэж хандсаар ирсэн.

-Өв залгамжлалын асуудлыг шийдэхгүй, зохион байгуулалттай саад учруулж байна гэж үзэх хүн олон байна. Хөгжлийн банктай учраа ололцоод, өв залгамжлалын эрхийг нь нээлгэж болдоггүй юм уу? 

-“Хөтөл” компанийн удирдлагууд хэд хэдэн удаа Хөгжлийн банкинд хандсан, уулзсан. Тэр болгонд "Өвөө үүсгэж авах гэсэн танай албан бичгийг үндэслээд, нотариат баталж өгдөггүй. Албан бичгээ залруулаад өгөөч. Бид өвөө аваад, үйл ажиллагаагаа цааш явуулмаар байна" гэж хандсан. Хөгжлийн банкинд өртэй байж болно.

Тэр өрөөс хэд дахин давсан хөрөнгө энд үүсээд байна. Энэ хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгэж чадна, энийгээ авъя гэхээр нөгөө нотариат нь баталж өгдөггүй. Хөгжлийн банкны удирдлага байнга солигдож байдаг. Нэгтэй нь арай гэж учраа олж байтал дараагийнх нь гараад ирдэг ч юм уу. Ингэж явсаар өнөөдрийг хүрсэн. Одоо эцэстээ өвийг нээж өгөхгүй байна, нээлгэж өгнө үү гээд шүүхэд хандаж байна.

-Тухайн үед шүүхэд шууд хандаж болоогүй юм уу?

-Учраа ололцож болохоор юм шиг хариу өгөөд, за байж байгаарай гэх байдлаар явсан. Энгийнээр бодоод үзэхэд би 100 сая төгрөгийн үнэтэй орон сууцаа 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан байж болно. Банкны өрийг төлж чадахгүй байлаа гэхэд шүүхээр орж, дуудлага худалдаагаар 80 саяар зарлаа гэж бодъё. Банк 20 сая болон түүнд ноогдох хүүгээ аваад, үлдэгдэл мөнгийг нөгөө хүнд өгнө. Гэтэл 61 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшийн 84 тэрбум төгрөгийн өрөнд өдий болтол үүсгээд, 210 сая ам.доллар буюу 600 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй хөрөнгийг нь шууд авна гэж байна.

Бүр больё, нэмэгдүүлсэн хүү, бусад алданги зэргээ тооцоод, Хөгжлийн банк нэхэж буй 300 орчим тэрбум төгрөгөө аваад, үлдэгдэл 300 тэрбумыг нь эзэнд нь өгөх ёстой шүү дээ. Гэтэл бүтнээр нь авна гээд байдаг. Ийм процесс. Тэр байтугай ломбард хүртэл тийм байх ёстой. Гэтэл Монголд хэрэгждэггүй. Нэг хүн ломбардад алтан гинжээ 10 мянган төгрөгөөр тавиад, хугацаандаа авч чадахгүй бол нөгөө ломбард нь хэдэн зуун мянгаар зараад өөртөө авчихаж байна. Гэтэл тэгэх ёсгүй. 10 мянгадаа ноогдсон мөнгөө аваад, үлдэгдлийг нь эзэнд нь өгөх ёстой.

“БАЙНГЫН СОНОР СЭРЭМЖ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮНЭ ТӨЛӨӨС"

-Шүүхийн практикт төр хувийн өмчийг булааж, дээрэмдэж авсан тохиолдол олон байдаг уу?

-Яг үнэндээ энэ тал дээр би шүүхийн практик сайн мэдэхгүй байна. Миний хувьд иргэний эрх зүйн маргаанд нэг их оролцоод байдаггүй. Хүмүүс өнөөдөр их хүлцэнгүй байдалтай болчихоод байна. Цагдаа, тагнуулын байгууллага нь Их хурлын даргатайгаа дайнд явах гэж байгаа юм шиг хувцаслаад, шууд байгууллагад дайрч ороод, албан тушаалтныг нь гавлаж гинжлээд аваад явдаг. Түүнтэй заргалддаггүй, заргалдсан ч шүүх дээр амжилт олдоггүй. Энэ хүлцэнгүй байдал бий болоод ирэхээр “Амташсан хэрээ 13 дахина” гэдэг шиг улам дараа дараагийнх руу дайраад байгаа байхгүй юу. Бид ийм байдлыг таслан зогсоогоод, бүх зүйл хууль, тогтоомжийнхоо дагуу шийдэгддэг, маргалдвал шүүх, арбитр нь шийддэг ийм байдал руу одооноос л орохгүй бол энэ цааш үргэлжлээд, чөлөөт эдийн засаг, ардчилал, хүний эрх, Үндсэн хуульт, эрх зүйт төр гэж байхгүй болох гээд байна.

-“Төр эзэнгүй хөрөнгөө буцааж авч байна” гэж тайлбарлаад байна. Юуг үндэслэн эзэнгүй хөрөнгө гэж үзэж байгаа юм бол? 

-Эзэнгүй хөрөнгө биш. Хэний ч амьдралд эцэг, эх нь өнгөрөх явдал гарна. Хүн мөнх биш. Хэзээ нэгэн цагт өөд болно. Монголчуудын нэг алдаа нь мөнх амьдрах юм шиг хэзээ ч гэрээслэл бичдэггүй. Гэрээслэл бичье гэхээр "Муу ёр. Амны билгээс ашдын билэг" гэдэг. Гэрлэлтийн гэрээ байгуулъя гэхээр “Муу ёр. Салах гэж нийлж байгаа юм уу. Амны билгээ бод” гэдэг. Ингэж яваад байдаг. Нэг өдөр өнгөрөөд өгдөг. Тэгэхээр өнгөрчихсөн юм чинь энэ хүний өв хөрөнгийг улс хурааж авна гэж болохгүй. Ард нь үлдэж буй гэр бүл, хамаатан садан нь тэр өвийг хүлээж авах эрхтэй. Үнэхээр өв хүлээж авах хүнгүй, эзэнгүй хөрөнгө тал дээр хаягдсан бол улс тэрийг нь авдаг л юм байгаа биз. Гэтэл эзэнтэй, энийгээ би авмаар байна аа гээд өв залгамжлагч нь хүсэлт гаргаад яваад байхад өгүүлэхгүй байгаа мөртлөө эзэнгүй хөрөнгөө гээд авч байгааг дээрэм л гэж хэлнэ.

-Төр нийгмийн сүлжээгээр харыг, цагаан болтол балбаж, аливаад иргэдийг үнэмшүүлж байгаад санасандаа хүрдэг тактик барьж буй нь ажиглагдаж байна. Цаашид ийм байдлаар явбал маш их хор уршигтай байх болов уу. Энэ байдлыг өөрчлөх боломж бий гэж үзэж байна уу? 

-Асуудлууд шийддэг байх асуудал олон хүчин зүйлээс шалтгаална. Төрийн байгууллагууд өөрсдөө хууль дээдэлдэг байх хэрэгтэй. Шүүх нь өөрөө шударга байх ёстой. Төрийн албан хаагч, шүүх болон бусад байгууллагуудын хүний нөөц чадамжтай байх ёстой. Наад зах нь өнөөдөр энэ газрыг нь битүүмжлээд, бүх юмыг нь булаагаад авч байхад цагдаа тэр даргын үгийг сонсдог биш, тушаал шийдвэр нь байна уу гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Угаасаа Цагдаагийн тухай хуулиар хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх үүрэгтэй, биелүүлээгүй гээд арга хэмжээ авахгүй. Бусдаас хараат бус, нөлөөнд автдаггүй байх хэрэгтэй. Энэ бүхний үндэс нь хүн. Хүн л тэнд ажиллаж байгаа учраас, нөгөө хүн өөрөө мэдлэг чадвар, боловсролтой байх ёстой. Иргэд өөрсдөө зүй ёсны, хууль ёсны шаардлагаа тавьж чаддаг байх хэрэгтэй.

АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсоны хэлсэн үг байдаг. “Байнгын сонор сэрэмж бол эрх чөлөөний үнэ төлөөс шүү” гэж. Яагаад гэвэл, тэртэй тэргүй хүн төрөлх араншингаараа дандаа юманд шунаж, эрх мэдлийн араас хөөцөлдөж байдаг. Төрд очиж буй хүмүүс ч. Боломж олдвол эрх мэдлээ нэмэгдүүлэх, боломж гарвал бусдын юмыг булааж, дээрэмдэх, өөрөө баяжих хөлжих хүсэл сонирхол нь хүний төрөлх ухамсарт байдаг. Түүнийг Үндсэн хууль, бусад зүйлээр хязгаарлаж байх ёстой. Энэ дээр иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй, байнгын хяналт тавьж байх ёстой. Энэ чинь болохгүй, бүтэхгүй байна гээд, жагсаал цуглаанаа хууль ёсны дагуу хийгээд явах ёстой. Эрх чөлөөг эдэлж байгаа бол эрх чөлөө чинь үнэ төлөөстэй шүү. Тиймээс төрөө хянах ёстой. Хянахгүй бол нэг л өдөр толгойг чинь залгина гэсэн үг. Эрх чөлөөний төлөөс нь байнгын сонор сэрэмж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж