БНХАУ-ын Тяньжин боомтод 6004 чингэлэг ачаа хүлээгдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Энэ нь хилийн хориг, цар тахлын нөхцөл байдал, далайн боомтын ачаалал зэргээс шалтгаалан 1000 ачаа чингэлгээр нэмэгдсэн дүн гэнэ. Энэ талаар “Тяньжин боомтод дунджаар 5000 орчим чингэлэг ачаа хүлээгдэж байсан. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотой далайн тээврийн ачаалал нэмэгдсэн. Ерөнхийдөө БНХАУ-ын талд далайн тээвэр, төмөр замын тээвэр ачаалалтай байна” гэсэн тайлбарыг албаныхан өгөв. Хэдийгээр тус боомтод чингэлэг тээвэр “овоорсон” ч өдөр бүр 14 галт тэргээр 750 чингэлэг тээврийг тогтмол татан авч байгаа аж.
Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний байдлаар 65 галт тэргээр 3697 чингэлэг татан авсан нь Эрээнд хүлээгдэж байгаа гэнэ. Энэ сард дунджаар 65 галт тэргээр 3697 чингэлэг татан авчээ. Үүнээс эм эмнэлгийн хэрэгсэл 37, хүнс 289, барилгын материал 170, бусад 3300 ачаа тус тус багтжээ.
Ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Оргил "Тэг цэгийн зохион байгуулалттай ачаа татаж байгаа ч гол ачаа бараа хилийн цаана хүлээгдэж байна. Тиймээс ачаа бараагаа татахад томоохон боомтуудаас гадна бусад боомтыг ашигламаар байна. Гэтэл энэ боомтууд өнөөдрийг хүртэл статус нь олон улсынх болоогүй, зөвхөн БНХАУ, Монголын боомт байна. Үүнийг яаралтай олон улсынх болгох шаардлагатай. БНХАУ, Монголын төмөр зам хамтран хурал хийж, өдөрт 14 вагоноор ачаа татан авч байгаа нь хангалтгүй. Үүнийг нэмэх тал дээр ажиллах хэрэгтэй байна” гэдгийг хэлсэн билээ.
Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос Монголд ирдэг ихэнх ачаа дамждаг. Ердийн үед тус боомтод 5-7 хоноод чингэлэг наашаа тээвэрлэгддэг байсан бол одоо дунджаар 30, заримдаа 40 гаруй хонодог болоод үндсэндээ жил тойрч байна. Цар тахлын улмаас тус боомтод ачаа тээвэр гацаад байсан бол өнөөдөр хилийн хориг, далайн тээвэр, төмөр замын ачааллаас болж хилээр нэвтрэх нь ийнхүү саатаад байна.
Холбоотой мэдээ